Ө.Энхтүвшин: Монголын ард түмэн хөгжин дэвшиж, урагшилж байх ёстой
УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин
2013.06.06

Ө.Энхтүвшин: Монголын ард түмэн хөгжин дэвшиж, урагшилж байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн.

Намын бага хурлын санал хураалтын үеэр та Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй хоёр удаа тэнцэж, гуравдахь дээр нь Б.Бат-Эрдэнэ илүү санал авсан. Ер нь намын бага хурлын гишүүдийнолонхи нь, ялангуяа удирдах түвшинд намын дарга сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ намын дарга нэг их хүчлээгүй гэсэн үг ч гадуур түгж байна. Магадгүй Б.Бат-Эрдэнэ нэр дэвших байх гэсэн ард түмний хүлээлт байсныг таныг соргогоор мэдэрсэн байх гэж таамаглаж байгаа?

Энэ бага хурлын өмнө намын гишүүд, дэмжигчид олон нийтийн дунд хоёр сар хэртэй Ерөнхийлөгчид нэр дэвших хүн ямар шалгуурт нийцэж байх ёстой вэ? гэсэн санал асуулгыг явуулсан. Ерөнхийдөө шудрага, ам ажлаа нэгтгэж, үндэсний эв нэгдлийг хангаж ажилладаг хүн байх ёстой гэсэн санал ирсэн.

Үүний дараа ард түмнээс өгсөн энэ шалгууруудыг биелүүлж чадах хүн хэн бэ? гэдгийг нам дотроосоо тодруулахад олон хүний нэр гарснаас Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрынх өндөр байсан.

МАН-ын Бага хурлын санал хураалтын үеэр

Ийм тохиолдолд өрсөлдөөнөөс татгалзах эрхнадад байгаагүй. Намын гишүүн дэмжигчид тийм өндөр хувиар нэр дэвшүүлж байхад орохгүй байна гэдэг таатай зүйл биш.Орсон, өрсөлдсөн, хоёр ч удаа тэнцсэн. Ингээддөрөвдэх удаагийн санал хураалтаар Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч маань ялсан.Миний зүгээс энэ шийдвэр зөв болсон гэж бодож байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг ер нь хэн толгойлж байгаа вэ. Гадуур Ө.Энхтүвшин дарга биш намын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар толгойлж байгаа гэсэн яриа яваад байна?

Ерөнхийлөгчийн сонгууль хариуцлагатай ажил учраас намын дарга толгойлох нь зүйтэй. Хүмүүсийн явуулга байж мэдэх юм. Энэ сонгуульд нам ач холбогдол өгөхгүй байхын аргагүй учраас намын дарга буюу би өөрөө толгойлон ажиллаж байна.

Мэдээж нам дэвшүүлсэн хүнээ дэмжинэ гэж та хэллээ. Б. Бат-Эрдэнэ гишүүн рүүчиглэсэн сөрөг сурталчилгаа аль эрт эхэлсэн байна. Тэр нь бөх хүн гэсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

Бөх гэдгээр нь манай ард түмэн илүү сайн танина. Гэхдээ бид нар Б.Бат-Эрдэнийг улс төрд илүү сайн мэднэ.Яагаад гэвэл Хэнтий аймгаас гурван удаа тасралтгүй сонгогдож, нэртэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн болсон хүн шүү дээ. Сурталчилгааны ажил эхэлж хөтөлбөр нь гарахаар энэ бүгд тодорхой болно.

Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлтгэгдсэн боловсон хүчин мөн гэж хэлэхэд болно. Нөгөө талаар олон түмнээс тодорхойлоод өгсөн хэд хэдэн шалгуур байгаа юм. Үүнд ам ажлыг заавал биелүүлэх ёстой, ярих биш ярьснаа биелүүлдэг байх, хэлсэндээ хүрдэггүй байж болохгүй.

Мөн шударга байж, эрх ашгийн эрэмбийг зөв тогтоож өөрөө хардаг, бусдаас түүнийг шаарддаг чанар маш чухал. Өөрөөр хэлбэл, үндэсний, Монгол Улсынхаа эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж чаддаг, үндэсний эв нэгдлийг хангахын төлөө тууштай тэмцдэг хүн байх ёстой.

Аль нэг улс төрийн хүчний талд илүү үйлчлээд байдаг ч юм уу эсвэл монголчуудыг ямар нэгэн байдлаар ялгаварлахыг үл тэвчдэг,шударга биш үйлдэлтэй эвлэрэшгүй тэмцдэг байх хэрэгтэй. Хамгийн гол онцолж хэлэх зүйл энэ юм.

МАН

Мөн эх оронч, эх орныхоо зан заншил, түүх, соёл, үнэт зүйлсийг тээгч, түүнийг хайрлагч, бишрэн шүтэгч, хамгаалагч хүн байх ёстой гэдэг шалгуур мөн чухал. Энэ шалгуурууд манай нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бүрэн хангаж байна. Энэ бол нэр дэвшигчийн маань давуу тал юм.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН хоёрыг хамтарч оролцох байх гэсэн хүлээлт нийгэмд байсан. Хэдхэн сарын өмнө хоёр намын удирдлага, гишүүдийн түвшинд нэгдэхгүй юм аа гэхэд сонгуульд хамтарч оролцъё гэсэн уур амьсгал мэдрэгдэж байсан.

Гэхдээ энэ яриа биелэлээ олсонгүй. МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшлээ. Тэгэхээр энэ процесс яагаад биелсэнгүй вэ гэдгийг хүмүүс сонирхож байгаа байх?

Нааштай зүйлүүд нэлээд яригдаж, нэгдсэн байр суурь дээр хүрч байсан асуудал олон байсан. Гэхдээ шийдвэр гаргах мөчид Н.Удвалыг нэр дэвшүүлж байна. Энэ бол намынх нь дотоод асуудал, Үндсэн хуулиар олгогдсон эрх нь л дээ.

Гэхдээ улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс бодоод үзвэл одоогийн сонгуульд манай хоёр нам нэгдэж орох нь туйлын чухал байсан. Энэ бол олон удаа олдохгүй алтан боломж шүү. Ийм учраас МАН-аас нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг дэмжээд сонгуульд нь оролцоно, хөдөлгөөн өрнуулнэ гэж байгаа хүмүүс МАХН-ын гишүүд дэмжигчид дотор олон бий.

Бидэнтэй ч ирж уулзаж байгаа. Өнөөдөр ч тэр хүмүүс үгээ хэлэх байх.

Тамирчид ялагдана гэж дэвжээн дээр гардаггүй. МАН ч гэсэн энэ удаагийн сонгуульд ялна гэсэн ганц зорилготой байгаа байх. Ер нь яагаад МАН энэ удаагийн сонгуульд ялах ёстой юм гэж асуувал та юу гэж хариулах вэ?

Яагаад ялах ёстой вэ гэдэг дээр намын эрх ашгаа дээд талд нь тавьчихаад яриад байгаа хэрэг биш. МАН-ын эрх ашиг хохироод байгаа учраас МАН-аас нэр дэвшсэн хүн ялах ёстой гэсэн зорилт тавиад байгаа юм биш. Монгол Улс, монгол үндэстний эрх ашиг ялах ёстой гэдэг үүднээс хандаж байгаа юм.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хар л даа. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар олонхи болоогүй, сонгуулийн дараа олонхийг бүрдүүлсэн улс төрийн хүчин бий. Тэр хүчин үндсэндээ өөрийнхөө эрх ашигт бүхнийг нийцүүлж байна. Төрийн хуулийг хүртэл нийцүүлж байна шүү дээ. Нэг хүчний дарангуйлал өдрөөс өдөрт газар авч байна.

Ерөнхий сайд нь хүртэл Үндсэн хуулийг хэд хэдэн удаа зөрчихөд түүнийг хамгаалаад л аваад үлдэж байна шүү дээ. Хохирсон хүмүүсийн эцсийн найдвар болсон шүүх өнөөдөр нэг улс төрийн хүчний талд үйлчилсэн хэвээр л байна.

Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн гэдгээрээ түрий барьж Ерөнхийлөгчийг хүртэл өөрсдийгөө хамгаалуулах бамбай болгон хувиргаж байна. Эрх мэдлийн тэнцвэр алдагдаж байгаа ийм цаг үед төр хяналлтай байх ёстой. Эрх мэдлийн тэнцвэр хангагдаж байх учиртай.

Ер нь аль нэг намын гэхээсээ илүү улсын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, ард түмний эв нэгдлийг хангаж чаддаг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой гэдэг байр сууринаас бид хандаж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлыг анхнаасаа хийхдээ ч энэ л зарчмыг баримталсан.

Эцсийн дүндээ Монгол Улс, монголын ард түмэн хөгжин дэвшиж, урагшилж байх ёстой. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшиж байдаг.