2013.05.30

Төрийн тэргүүний итгүүлэх чадвар их чухал

Олон улсын харилцаанд төрийн тэргүүнүүдийн ганцаарчилсан чөлөөт уулзалтын хэлбэрийг сүүлийн үед түлхүү хэрэглэх болсон” гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар хэллээ. Орчуулагчгүй, туслахгүй чөлөөт уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд хоёр орны харилцааны хүндрэлтэй асуудлуудаар хувийн байдлаар ярилцах боломж бүрддэг бөгөөд энэ үеийн яриа хэлэлцээний хамгийн чухал мөч гэж олон улсын практикт тодорхойлох болсон байна. Ийм уулзалт, ярианы үеэр төр, засгийн тэргүүнүүдийн бэлтгэгдсэн боловсролоос гадна хувь хүний  бусдыг татах, итгүүлэх чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Монгол Улсыг гадаад оронд төлөөлөх эрх, үүргийг Үндсэн хуулиар хүлээсний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд хамаарах уг сэдвээр ноён Ц.Сүхбаатарын санал бодлыг тодрууллаа.

-Гадаад улс орнуудтай хамтран ажиллах, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч чухам ямар үүрэг, нөлөөтэй байдгийг иргэд бид тэр болгон нарийн сайн мэдэрч чаддаггүй. Гадаад харилцааны мэргэжилтэн, дипломатчийн хувьд та энэ талаар сонирхолтой баримтыг хэлэх байх?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол үүргүүдийн нэг нь улс орноо олон улсын тавцанд төлөөлөх, зөв таниулан сурталчлах байдаг.

-Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн гол үүргүүдийн нэг нь улс орноо олон улсын тавцанд төлөөлөх, зөв таниулан сурталчлах байдаг. Энэ үүргээ янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлдэг л дээ. Жишээ нь олон улсын хурал зөвлөгөөнд оролцохоос гадна төрийн тэргүүнүүд, өөрийн оронд гадаад улсыг төлөөлж суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзах. Тэр дундаа хамгийн чухал яриа хэлэлцээ явагддаг мөч Ерөнхийлөгч, төрийн тэргүүн нар ямар нэг орчуулагчгүй, туслахгүйгээр ганцаарчилсан уулзалтуудыг үндсэн арга хэмжээний хүрээнд бус гадна талд нүүр тулсан байдалд хийх үед болдог. Чөлөөтэй, нүүр тулах байдлаар нарийн асуудлуудаа ярилцаж, ялангуяа хоёр орны харилцааны шийдвэрлэгдэж чадахгүй байгаа томоохон асуудлуудыг төрийн тэргүүнүүдийн төвшинд хувийн байдлаар ярилцаж гарц гаргадаг. Яг энэ талдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловсорч чадсан, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг давуу тал нь хэрэг болж байхыг би олон удаа харж, мэдэрч байлаа.

Төрийн тэргүүний чадвар, хувь хүний харизм буюу бусдыг татах, итгүүлэх чадвар нь энэ үед харагддаг. Олон орны төрийн тэргүүнүүдийг нэг дор цуглуулж, тусгаарлаад хооронд нь уулзуулах аргыг сүүлийн үед гадаад харилцааны практикт их хэрэглэх болсон. Яг ийм үед л төрийн тэргүүнүүдийн өөрийнх нь авьяас чадвар, бэлтгэгдсэн боловсрол, бүх юм тэнд харагддаг. Энэ тал дээр манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө төрөлхийн авьяастай, дээрээс нь өнгөрсөн хугацаанд өөрийгөө боловсруулж бэлтгэсэн чадвар нь Монгол Улсад үр өгөөжөө өгч байгаа гэж би боддог юм.

-Энэхүүүр өгөөжийг та жишээгээр хэлнэ үү. Тухайлбал, таны Элчин сайдаар ажиллаж буй Хятадтай улстай харилцах харилцаанд ямар байдлаар нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн алхмууд, олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагаанаас хэдэн жишээ дурдаж ярья. Дэлхийн эдийн засгийн гол төвүүд болох АНУ, Европын холбоо гүн хямарчихсан хүнд нөхцөлд байх үед Монгол Улс маань өөрийнхөө хөгжлийн асуудлыг шийдэх гэж байгаа зорилт давхацсан л даа.

Ийм үед Монгол Улсыг олон улсад зөв таниулах, дотоод нөөц баялгийг зөв ашиглах талаар Ерөнхийлөгч үнэхээр бодитой алхмуудыг хийсэн. Энэ ажлыг хийхэд зөвхөн эдийн засгийн асуудлаас гадна улс төрийн таатай орчныг бүрдүүлэх нь их чухал байдаг. Энэ тал дээр хийж байгаа ажлууд гэвэл өнгөрсөн сард болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурал дээр Ерөнхийлөгчийн гүйцэтгэсэн үүрэг тодорхой харагдлаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр олон улсын тавцанд дэмжлэг олж, олон улсын хэмжээнд нөлөө үзүүлсэн, үлгэр жишээ болсон алхам болсон.

Хятад улсад цаазын ялаар шийтгүүлээд байсан Монголын иргэн Дамдингийн энэ ялыг хэрэгжүүлээгүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгатай холбоотой байлаа.

Ганц жишээ хэлэхэд Хятад улсад цаазын ялаар шийтгүүлээд байсан Монголын иргэн Дамдингийн энэ ялыг хэрэгжүүлээгүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгатай холбоотой байлаа.  Түүнчлэн улс төрийн харилцааны хувьд БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтооход Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэх үүргийг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хоёр жилийн өмнөөс энэ харилцааг бид Хятадын талтай тохиролцож, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд одоо Монгол, Хятад хоёр улс олон мянган километр хилээр холбогддог мөнхийн хөршийн хувьд ойрын болон алс хэтдээ тогтвортой энх тайвнаар зэрэгцэн оршсон эдийн засгийн өргөн харилцаатай байх боломж бүрдэж буй. Хойшдоо ч худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын энэ бүх хамтын ажиллагаа маань идэвхтэй хөгжих улс төрийн сайхан нөхцөлийг бүрдүүлж чадсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж байгаа хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.