2013.06.03

Л.Эрдэнэчимэг: Би өөр намын гишүүн хэнээс айхгүй, хандиваа ч өгнө

6 сарын 1 Эх үрсийн баяр. Энэ өдөр цэлмэг, ээжүүд  үрстэйгээ хамт жаргалтай байна.  Бүтэн жилийн турш зөвхөн энэ өдрийг л бид хүлээдэг. Яагаад гэвэл энэ өдөр эх үрсийн халуун хайрыг  илүү мэдэрдэг болохоор бусад өдрөөс ч  илүү   үнэ цэнэтэй.  Монгол Улсын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн анх удаа нэр дэвшсэн нь   монгол эх хүн бүрийн бахархал.

Тиймээс энэ өдрийг  Монголын эхчүүд, эмэгтэйчүүд  МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай өнгөрүүлэхээр шийдсэн юм. Түүнд Монголын олон  эмэгтэйчүүд итгэж, бас найдаж байна. Ийм л учраас түүнтэй энэ эрхэм өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Энэ талаар тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн  Л. Эрдэнэчимэг:  Би өөр намын гишүүн хэнээс айхгүй, хандиваа ч өгнө

Монгол улсын их хурлын гишүүн  Л.Эрдэнэчимэг

Эх үрсийн баярын халуун мэндийг энд цугларсан бүх эхчүүд, эмэгтэйчүүдэд хүргэe.  Хүүхэлдэйн театр гэж хүүхдийн дуу цангинасан, сайхан энергитэй газар юм. Ийм сайхан газар сонгосонд баярлаж байна. Би Н.Удвал сайдыг 2008 онд сонгуульд нэр дэвшиж байх үед нь харж байлаа. Нэр дэвшигч тухайн үед “Би” гэдэг телевизийн нэвтрүүлэгт орж байв.

Тэрээр цаг гаруй хугацаанд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ярихад түүнээр ихэд бахархаж байлаа. Амьдралын хүнд давааг давж өдий хүртэл аливаа зүйлд хугараагүй зан чанарыг хараад гайхдаг юм. Тиймээс би өнөөдөр Ардчилсан намын хүн ч гэлээ хэнээс ч айхгүйгээр энд ирж үгээ хэлж байна.  

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад монгол эмэгтэй хүн нэр дэвшиж байсан удаагүй. Энэ удаагийн УИХ, 11 эмэгтэй гишүүнтэй.  Үүн дээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэмэгдээд  эмэгтэй  гишүүдийн бүлэг 12 болно.

Манай бүлэг таван намын төлөөлөлтэй бүлэг дотроо нэгдээд зогсохгүй, нам харгалзахгүйгээр найзалж,  монголын нийгэмд өөрсдийгөө таниулж явна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Удвал сайдыгаа үнэн сэтгэлээсээ дэмжиж, ялаасай гэж хүсч байна.  Ингээд өөрийн хувийн зүгээс арван сая төгрөгийг хандивлаж байна.