Шадар сайд Д.Тэрбишдагва Жан Асселборны хамт
2013.07.31

Шадар сайд Д.Тэрбишдагва Жан Асселборныг хүлээн авч уулзлаа

Люксембургийн Их Гүнт улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж, өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоо болон түүний гишүүн орнууд, тэр дундаа Люксембургийн Их Гүнт улсыг өөрийн “гуравдагч хөрш” хэмээн үзэж  харилцаа, хамтын ажиллагаагаа бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж буйг онцоллоо.

Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх ялангуяа банк, санхүүгийн салбарт Люксембургийн арвин туршлагаас суралцах зүйл их байгаа учраас энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг ч дуулгасан.

Уулзалтын үеэр

Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн хэлэхдээ танай сайхан оронд айлчилж, биднийг халуун дотноор угтан авсанд  баярлаж байна. Та бүхэнтэй бүх чиглэлээр цаашид хамтран ажиллахад татгалзах зүйлгүй  бэлэн байна гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Д.Тэрбишдагва манай улсад “Зүрх судасны өвчний оношилгооны төв” байгуулах, “Гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох” төсөл хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, мэргэжилтэн сургах зэрэгт Люксембургийн Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархлаа илэрхийллээ.