Б.Бат-Эрдэнэ: Тавьдаг хяналт, гүйцэтгэлээ цэгцэлбэл нэлээд нааштай үр дүн гаргах болно
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.03.07

Б.Бат-Эрдэнэ: Тавьдаг хяналт, гүйцэтгэлээ цэгцэлбэл нэлээд нааштай үр дүн гаргах болно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Үндэсний аудитын газраас 234 барилгад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газраас “Засгийн газрын 2010 оны 36, 2012 оны 109 дүгээр тогтоол. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181, 283 дүгээр тушаалаар барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлсэн нь төсөл арга хэмжээний өртөг их хэмжээгээр нэмэгдэх гол шалтгаан болсон” гэж дүгнэсэн юм.

Харин гишүүдийн зүгээс 2014 оны төсөвт 234 барилгын хөрөнгө оруулалтыг царцаасан явдалд УИХ буруутай гэж үзэж байсан юм. Ингээд зарим гишүүн аудитын дүгнэлтийн танаал саналаа хэллээ. Нөгөөтэйгүүр энэ асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы эхний асуудалд оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Эрх мэдэл бүхий хүмүүс оролцдог зүйлийг аль болох хязгаарлаж, орон нутаг, иргэдээс гарсан саналыг долоо хэмжиж нэг огтлоно гэдэг зарчмаар хөрөнгө оруулалтын асуудлыг хийх хэрэгтэй. Ингэснээр зөв чиглэлдээ орно. Тавьдаг хяналт, гүйцэтгэлээ цэгцэлбэл нэлээд нааштай үр дүн гаргах болов уу гэж бодож байна. Хуулиар 500 сая төгрөгөөс доош тендерийг орон нутагт шалгаруулж гүйцэтгэдэг байх асуудлыг анхаарвал бидэнд бололцоо гарна.

Өмнөх хөрөнгө оруулалтын ажлын хувьд намчирхдаг, талцдаг байдлаас болж буруу ойлголт өгсөн. Яг бодит байдлыг аваад үзвэл 2010, 2012 оны үед хамтарсан Засгийн газар байсан. Сангийн сайдаар одоогийн эрх баригч хүчний хүн С.Баярцогт ажиллаж байсан. Уг нь гишүүд УИХ дээрх асуудлыг нэлээд цэгцэлж, журамд оруулаад төсвийн шинэ хуулийг батлаад, эрх зүйн орчныг тодорхой болгоод явж байтал сахил хүртээд шал дордов гэгчээс дор зүйл шинэ Засгийн үед бий болсон. Сангийн болон Хөгжлийн сайдын шийдвэрээр дөрвөн яамны ажлын хэсэг гарч, 2014, 2015, 2016 оны хөрөнгө оруулалтын саналуудыг авна гэж бүх суманд очсон.

Зарим суманд 36 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж санал авчихсан. Мөн 9000 гаруй обьектыг улсын хэмжээнд барьж байгуулна, 50 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэж тусгасан. Тэгэхээр энэ чинь өнөөдрийн хөрөнгө оруулалтын хэмжээг багаар бодоход Монгол Улс 25 жил хийх ажлаа гурван жилд хийнэ гэсэн. Одоо энэ хариуцлагагүй ажлыг яах вэ. Үүнийг ард түмэн асуух хэрэгтэй. 2015, 2016 онд эх үүсвэргүй баахан төсөл арга хэмжээний зорилт дэвшүүлэх гэж байгаа байдалтай байна шүү дээ.