Ц.Даваасүрэн: Иргэдэд хэлэлцүүлгийн ач холбогдлыг ойлгуулан хэрэгцээнд нь зарцуулдаг болох хэрэгтэй
Төсвийн сахилга бат хэр сайн байна төдий чинээ үр дүн гарч олон нийтэд хүртээмжтэй зарцуулагдах учиртай.
Улсын төсвийг хяналттай үр дүнтэй зарцуулахад аймгуудын оролцоо чухал гэж үзэж байгаа учир УИХ-ын төсвийн байнгын хорооноос орон нутагт “Шударга төсөв” сургалтыг зохион байгууллаа.
Дархан уул аймаг өнгөрсөн жилээс төвийн ил тод байдлыг хангаж захиран зарцуулалтыг иргэдийн саналаар хийж ирсэн. Энэ онд улсын төсвөөс 49 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон нь аймгуудаас хоёрт орж байгаа. Энэ утгаараа орон нутагт хуваарилагдах мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах болон төсвийн хяналтын тогтолцоонд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар төрийн байгууллагын албан хаагчид сургалтад хамрагдлаа.
Шилэн дансны систем энэ аймагт нэвтэрснээр засаг даргын зөвлөлийн хурлаар орж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэн олон нийтийн дунд хэлэлцүүлж байж төсвөө хуваарилдаг болсон байна. Алсдаа хоёрдох нийслэл болохоор зорилт тавьсан тус аймаг энэ оны төсвөөрөө хаана ямар ажил хийхээ ч төлөвлөжээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Шийдэх гэж байгаа асуудлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн дунд асуулга тавьж, хэлэлцүүлэг явуулж шийдэх туршлагыг нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь сайн зүйл. Тийм ч байх ёстой. Иргэдэд хэлэлцүүлгийн ач холбогдлыг ойлгуулан хэрэгцээнд нь зарцуулдаг болбол татвар төлөгчдийн мөнгө агуулгынхаа хувьд зөв зарцуулагдаж байна гэж хэлж болно" хэмээн ярилаа.