Ч.Улаан: Оюу толгой, Таван толгойн мөнгийг урьдчилж авч ашиглаагүй бол төсвийн тодотгол хийх шаардлага багасах л байсан
УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Ч.Улаан
2013.12.19

Ч.Улаан: Оюу толгой, Таван толгойн мөнгийг урьдчилж авч ашиглаагүй бол төсвийн тодотгол хийх шаардлага багасах л байсан

УИХ дахь МАХН-МҮАН- ын “Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр үдээс хойш хуралдсан юм. Ээлжит бус хуралдаан зарласны учир нь МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудал тавьсантай холбоотой.

Тиймээс “Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанд асуудлаа хэлэлцүүлж буй хоёр сайд, Засгийн газрын тэргүүний хамт сууж “байцаагдав” бололтой. Хурал нэлээд удаан үргэлжилж тарсны дараа Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчдэд дараах тайлбарыг хийсэн юм.

-Таныг огцруулна гэж байна. Энэ үндэслэлүүдийн талаар тайлбар хийхгүй юу?

-Дөрвөн үндэслэл бий шүү дээ. Нэгдүгээрт Төсвийн тодотголыг 2014 оны төсвийн төсөлтэй хамт хийхдээ эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж байгаа. Төсвийн хуульд тодотгол хийх нөхцөлийг маш тодорхой хуульчилсан шүү дээ. ДНБ-ий гурван хувьтай тэнцэх хэмжээгээр улсын төсвийн алдагдал нэмэгдсэн үед Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барина гэж заасан. 2013 оны нэгдүгээр улиралд төсөв алдагдалгүй гарсан.

Хоёрдугаар улирлын дүнгээр ч мөн алдагдалгүй байсан. Тэгэхээр нэг, хоёрдугаар улирлын дүнгээр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй. Харин гуравдугаар улирлын дүнгээр буюу албан ёсны статистикаар төсвийн алдагдал нэг хувьтай байсан. Нэг хувийн алдагдалтай байх үед мөн л хуулийн болзол хангагдаагүй. Гэхдээ Засгийн газар гурван улирлын явц, үлдэж байгаа нэг улирлын төсөөллийг харгалзан үзээд УИХ-д төсвийн тодотголыг өргөн барьж, хуулийн хугацаанд хэлэлцэн баталсан.

-Дараагийн үндэслэл нь?

-Төсвөөс гадуурх санхүүжилт буюу Чингэс бондтой холбоотой асуудлыг МАН-ынхан хөндөж байгаа. Их хэмжээний үнэт цаасыг цагаа олоогүй үе гаргасан. Улсын төсвийн гадуур энэ хөрөнгийг зарцуулж байна гэдэг зүйлүүдийг тэд тавьсан л даа. УИХ- аас Засгийн газарт үүрэг өгч, 2012 онд 52 дугаар тогтоолыг гаргасан байдаг.

Энэ тогтоолоор бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаадын санхүүгийн зах зээлээс таван тэрбум ам.долларын эх үүсвэр босго гэдэг даалгавар өгсөн шүү дээ. Тогтоол 2012- 2014 онд буюу гурван жилийн хугацаанд хэрэгжихээр гарсан юм. Бид энэ хүрээнд ажиллаж, 2013 оны төсөвт Чингэс бондын талаар тодорхой асуудлуудыг тусгасан.

Тухайлбал, Чингэс бондын жил тутам үйлчлэх зардал буюу хүүгийн нэг жилийн төлбөрийг тусгасан, Монгол Улсын өрийн хязгаарыг харгалзан Чингэс бондын хэмжээг тогтоосон. Бид хоёр тэр- бум ам.долларын бонд гаргавал Монгол Улсын өрийн хязгаарыг давах гээд байсан учраас 1.5 тэрбум ам.долларын бондыг эхний ээлжинд гаргасан шүү дээ.

-Та нарыг буруутгаж байгаа гурав дахь үндэслэл

-2014 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй үндэслэлийг ашиглаж тооцооллоо буруу хийсэн гэж буруутгаж байгаа.

-2014 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй үндэслэлийг ашиглаж тооцооллоо буруу хийсэн гэж буруутгаж байгаа. Нэг ёсондоо Төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслээгүй гэж шүүмжилж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, тэр дагуу төсвийн эрх захирагчдад төсвийн хязгаар үзүүлэлтүүдийг Сангийн яам хүргүүлнэ, түүндээ багтааж УИХ-д төсвөө өргөн барина шүү дээ. Хэрэв зайлшгүй шаардлагаар Төсвийн хүрээний мэдэгдлээс зөрүүтэй тооцоолол хийвэл Төсвийн хүрээний мэдэгдлийг хамтад нь өргөн барина гэсэн хуулийн заалттай.

Төсвийн хүрээний мэдэгдлийг баталж мөрддөг практик Монгол Улсад хэрэгжээд долоон жил болж байна. Энэ хугацаанд жил бүр яг энэ жишгээр л явж ирсэн. Гажсан юм байхгүй. Жил бүхэн төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэл хамт явдаг, хоорондоо уялдсан зохицуулалт хийгддэг. Батлагдсан төсөвтөө уялдуулж төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулаад явдаг жишгээр л явсан. Энэ бол хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа.

Энэ жилийн төсөв, Төсвийн хүрээний мэдэгдлийн уялдаан дээр нэг зүйлийг онцолмоор байна. Хуульд “төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын төсвийг боловсруулна” гэсэн заалт байгаа. Нийцүүлнэ гэдэг дотор улсын төсвийн зарлага бол баталж өгсөн Төсвийн хүрээний мэдэгдлийн зарлагын хүрээн дотор байгаа. Гэхдээ яг тэр тоо хэмжээнээс бага байгаа. Өөрөөр хэлбэл, зардлыг илүү хэмнэж, тэвчиж болох зардлыг тэвчинэ, улсын төсвийн хөөсийг арилгана гэж бодлогоо тодорхойлсон.

-Улсын төсвийн орлого бүрдүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж чадаагүйгээс 1.5 тэрбумаар орлого тасалдаж, төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн. Үүнд Сангийн сайд таныг буруутай гэж үзэж байгаа?

-2013 оны төсвийн орлого юунаас болоод тасалдсан бэ гэдэг дээр бид анализ хийж, дүгнэлтээ танилцууллаа. Ер нь эдийн засгийн өсөлт маань бидний тооцож байсан хэмжээнд хүрсэнгүй. Үүнд гадаад, дотоодын нөхцөл байдал нөлөөллөө. Эдийн засгийн нийт өсөлтийн хэмжээ хүрэхгүй байх нь төсвийн тэнцвэр алдагдахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл. Нөгөө талаас уул уурхайн салбарын нөлөө их байлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бидний анх төсөөлж байснаас доогуур байсан.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортод гаргах хэмжээ буурсан. 30 гаруй сая тонн нүүрс гаргана гэж тооцсон ч 70-80 хувийг нь гаргасан байх жишээтэй. Ингээд үйлдвэрлэсэн болон экспортод гаргасан хэмжээ буурснаар төсвийн орлого тасалдлаа. Гурав дахь үндсэн шалтгаан бол импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан болон уул уурхайд бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсантай шууд холбоотой. Үүнийг дагаад импортын бүтээгдэхүүнээс авдаг орлогын төлөвлөгөө тасалдахад хүрчихлээ.

Дараагийн нэг том хүчин зүйл нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 орчим тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч энэ гэрээ хэлцэл өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Хэлэлцээ дуусаагүй учраас татвар авах асуудал шийдэгдээгүй. Ингээд үзэхэд нийт тасалдаж буй орлогын 90 орчим хувь нь шууд бидний хамааралтай үйл ажиллагаанаас болоогүй. Мэдээж орлого бүрдүүлдэг Сангийн яам, татвар, Гаалийн ерөнхий газартай холбоотой тасалдал бий. Энэ шалтгааныг харгалзаад УИХ төсвийн тодотголыг баталж өгсөн. Хамгийн гол нь хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангахад анхаарч бололцоотой арга хэмжээг авч ажиллаж байна.

Тийм учраас дээрх үндэслэлүүдээр та огцрох ёсгүй гэж харж байна уу?

-Тавьж байгаа үндэслэлд бид нэг бүрчлэн тайлбар гаргаж өглөө. Энд хууль зөрчсөн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тайлбар өгнө гэдэг цаанаа шийдвэр гарч байна гэсэн үг. Нэгэнт хуулийн үндэслэл тогтоогдоогүй учраас сайд нарыг огцруулах талаар шийдвэр гарахгүй гэж ойлгож болно.

-Танай бүлгийн шийдвэр яаж гарсан гэсэн үг вэ?

-Сайд нарыг огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэрийг л гаргачихлаа гэж ойлгож болно.

-Эдийн засаг, төсөвт учирсан энэ хүндрэл бий болоход хэн нэгэн буруутай гэвэл тэр нь хэн байх юм бэ. Өмнөх Засгийн газар юм уу?

-Ер нь бол олон хүчин зүйлээс хамаатай. Тавьж байгаа асуудлыг нарийн судлаад үзвэл үйл ажиллагааны энерци хадгалагдаад ирсэн зүйл бий. Оюу толгойн гэрээний дагуу урьдчилгаа төлбөр, Таван толгой нүүрснийхээ төлбөрийг урьдчилж аваад ашиглаагүй байсан бол өнөөдөр төсвийн орлогын биелэлт сайн байх байлаа. Тодотгол хийх шаардлага ч багасах байлаа.

-Самурай бондыг зарчихсан гэдэг үнэн үү?

Ойрын үед шийдэгдэнэ. Гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байгаа.