УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
ЗГ-аас Дотоод аудитын тухай хуулийг хэзээ оруулж ирэх вэ? Манай төсвийн ерөнхийлөн захирагч болгон, ТӨК болгон дотоод аудитын газартай. Бараг 10 хүнтэй албан хаагчтай байгаа. Энэ нь хууль эрх зүйн орчин нь тодорхойгүй. Миний мэдэхээр Сангийн яам дээр 7-8 жилийн өмнө ийм хуулийг боловсруулчихсан байсан. Энэ эрх зүйн орчин нь сайн болохгүй болохоор түрүүн хэд хэдэн гишүүд асууж байсан. Энэ зөрчлүүдээ дотооддоо илрүүлээд явж байсан бол өдийд 50%-ийн хэрэгжилттэй төсөв УИХ-д орж ирэхгүй байсан байх аа. Үүнийг хэрхэх вэ?
Том мега төслүүд маань төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих ёстой. Төр хувийн хэвшлийн тэмцлэлийн тухай хууль хэрэгжих юм уу? Энэ хуулиар явж байгаа нэг ч төсөл хөтөлбөр байхгүй байна! ЗГ өөрөө энэ хуулиа оруулж ирээд батлуулсан. Гэтэл одоо энэ хууль нь хэрэгжихийн аргагүй хууль батлуулчихлаа гээд яриад яваад байх юм. Тэгвэл энэ хуулиа яаралтай өөрчлөөч ээ! Нэгэнт л алдагдалгүй төсөв батлахаар байгаа цаг үед төсвөөс бүгдийг хийж чадахгүй гэдэг Б.Жавхлан сайдын хэлж байгаа нь үнэн. УИХ-аас гарсан Ажлын хэсгийн зүгээс тун удахгүй энэ хуулийг өргөн барих гэж байна. Төсвийн төслийг өргөн барихад Ерөнхий сайд УИХ-ын чуулганд танилцуулгаа хийгээд, ЗГ-ын сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нар энд суугаад асуултад хариулдаг. Тэгэхээр яг адилхан Ерөнхий сайд өөрөө орж ирээд төсвийн гүйцэтгэлийнхээ танилцуулгыг хийдэг, ЗГ-ын сайд нар асуултад хариулдаг байх хэрэгтэй.
Сая бид 2026 оны төсвийн хүрээ, 2027, 2028 оны төсвийн төсөөллийг баталчихсан. Тэгсэн мөртөө төсвийн гүйцэтгэл өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг үүний араас баталж байна! Уг нь төсвийн гүйцэтгэлийг түрүүлж хэлэлцэж батлаад, үүний араас дараа жилийнхээ төсвийн хүрээний мэдэгдлийг баталж байвал.... Өмнөх оныхоо төсвийн дүн шинжилгээг хийж байж, дараа жилийнхээ төсвийн хүрээг батлах нь зарчмын хувьд зөв. Аудитынхан ЗГ-аас хэрэгжүүлсэн том мөрийн хөтөлбөр, том ажлыг тухайн жилд эхлүүлдэг шүү дээ. Тэгвэл түүний үр дүнг тусгайлан аудитын тайланд оруулж, тайлагнаж байвал их зөв байна!