Ч.Улаан: “Самурай” бонд авахгүй л бол улсаараа эрсдэлд орно
Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.
-Төсвийг маш богино хугацаанд баталж, төсвийн хууль зөрчсөн гэж зарим хүн үзэж байна. Үнэхээр хууль зөрчиж төсвөө баталсан юм уу?
-Сангийн яам хуулийн хүрээнд төсвөө боловсруулсан. Засгийн газар хуулийн хүрээнд УИХ-д төсвөө өргөн барьсан. УИХ хуулийн хүрээнд төсвөө хэлэлцэж баталсан. Хугацааны хувьд богино хугацаанд батлагдсан тал бий.
Өргөн барьсан төсвөөс юу өөрчлөгдсөн гэхээр хөрөнгө оруулалтын обьектууд дээр тодруулах асуудлыг илүү тусгасан. Зарим нэг обьект нийт дүн дотроо багтаж зохицуулагдсан. Зарим нэг нь хасагдсан, зарим нь нэмэгдсэн. Үүнээс гадна Засгийн газар өрийн дээд хязгаарыг УИХ-аар оруулахдаа ДНБ-ий 60 хувьтай тэнцүү байх буюу өрийн хязгаараа нэмэгдүүлье гэсэн санал оруулсан. УИХ өрийн хязгаарыг нэмэгд үүлэхгүй, одоо байгаа хуулийнхаа хүрээнд байхаар баталж өгсөн.
-УИХ өрийн хязгаарыг ДНБ-ий 40 хувьтай тэнцэхээр баталсан хэрнээ энэ хуулиа ойрын хугацаанд дахин хэлэлцэх гэж байгаа юм биш үү?
-Өрийн хязгаар бол хөгжлийн, бүтээн байгуулалтын шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шинээр бий болгох харилцааг зохицуулдаг. Өрийн хязгаар ДНБ-ий 40 хувьтай тэнцэхээр батлагдсан нь ирэх онд бодож төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил явуулах эх үүсвэр байхгүй болно гэсэн үг. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэлээд танагдаж батлагдлаа.
-Одоо өрийн хэмжээ ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэж байгаа юм бэ?
-Энэ жил хуулиар бол ДНБий 50 хувьтай тэнцэж байх ёстой. Оны эцэст одоогийн байгаа үзүүлэлтийг харахад 49.5 хувьтай гарна. Өөрөөр хэлбэл, хуулийн хязгаартаа багтана.
-Оноос өмнө “Самурай” бонд босгоно гэж ярьсан. Гэтэл өрийн хязгаар хэтэрчихсэн юм байна. Нэмж бонд босгох боломжгүйгээс гадна ирэх жил ч гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломжгүй гэсэн үг үү?
-Гадаад зах зээлээс нэмэлт эх үүсвэр дайчилна гэвэл өрийн үзүүлэлтээ өөрчл өхөөс өөр аргагүй. Амьдрал баян. Гэхдээ сонголт олон биш байна.
Манай улсад хоёр сонголт байна. Нэгд, бүтээн байгуулалтын ажлыг хийх үү, эсвэл амьдралаа чадан ядан залгуулж бахь байдгаараа байх уу гэдэг сонголт. Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажлаа хийж цаашдын хөгжлийнх өө суурийг хамтад нь авч явъя гэдэг санал оруулсан. Харин УИХ төсөв батлахдаа амьдралыг энэ төвшинд нь залгуулаад яваарай гэлээ.
-Та нар УИХ-ын баталж өгсөн сонголтыг өөрчлөх гээд байгаа юм биш үү?
Аль сонголтыг хийх вэ гэдгийг УИХ дахиад нэлээд нухацтай ярьж шийдэх байх
-Сонголтыг өөрчлөх шаардлагыг амьдрал өөрөө тавьж байна. Өрийн хязгаарыг огт хөдөлгөхгүйгээр эдийн засгийнхаа тогтворжилтыг хадгална гэж байхгүй. Хэрэв хадгалъя гэвэл эдийн засгаа эрсдэлтэй байдалд оруулна. Хэрвээ манай улс энэ хэвээрээ, “Самурай” бондыг босгохгүй явна гэвэл эрсдэлд орно.
Тухайлбал, оны эцэст валютын эрэлт өсч, төгрөгийн ханш үргэлжлэн унах, хомсдол бий болох бодитой эрсдэл гарч болзошгүй, ийм нэг сонголт байна. Хоёр дахь нь өрийн хязгаараа нэмэгдүүлэх сонголт хийснээр эдийн засгаа тогтворжуулж эрсдэл гаргахгүйгээр цааш явж болж байна. Аль сонголтыг хийх вэ гэдгийг УИХ дахиад нэлээд нухацтай ярьж шийдэх байх.
-Мэргэжлийн хүн, эдийн засгийн үүднээс харахад аль нь зөв сонголт вэ, таныхаар?
-Мэргэжлийн үүднээс нь харахад эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж гарахаас өөр сонголт байхгүй. Сангийн сайдын хийж байгаа сонголт бол эдийн засаг, ханшийн тогтвортой байдлаа хадгалахаас өөр үнэтэй зүйл өнөөдрийн төвшинд алга.
-Гэхдээ өрийн хязгаарыг нэмэгдүүлснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, өрийн дарамтад орох сөрөг нөлөөтэй юм биш үү?
-Сөрөг үр дагавар гарч болзошгүйг үгүйсгэхгүй. Бүх зүйл хоёр талтай. Мөн тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг. Гэхдээ ингэлээ гээд бүх үйл явц саатах, зогсох хэмжээнд хүртэл эрсдэл гарахгүй. Мэдээж гаднаас олж ирсэн мөнгөний хүү өсөх байх.
Одоо “Чингис” бондыг олж ирсэн үнээр тийм хэмжээний мөнгө олдохгүй. Тэр үед хамгийн оновчтой цаг нь байсан. Үүнтэй харьцуулахад илүү өндөр үнээр босгоно. Гэхдээ хөрөнгө босгохгүй бол ямар эрсдэл байгааг хэлсэн шүү дээ. Энэ эрсдэлийг гаргахгүй гэвэл хөрөнгө босгохоос өөр арга байхгүй.
-Төсвөөс гадуур бондын мөнгөөр зам барилгын төслийг санхүүжүүлж байгаа хэрнээ бондын хүүгийн төлөлтөд ирэх жил 74 сая ам.доллар суулгасан байсан. Энэ нь төсөвт дарамт болохгүй юу?
-Гаднын зах зээлээс босгосон бүх хөрөнгө цаанаа үнэтэй. Үнэгүй юм байхгүй. Тэгэхээр үнийг нь төлөөд ашиглах ёстой. Тиймээс Чингис бонд, Хөгжлийн банкны хүүгийн зардлыг төсөвт суулгаж төлөөд явж байгаа юм.
Цаана нь оруулаад ирсэн хөрөнгөө эдийн засгийнхаа үр өгөөжтэй төсөл арга хэмжээнд оруулж, эдийн засгаа идэвхж үүлэх зорилго руу чиглэж байгаа. Бүтээн байгуулалт явагдаж буй 1-2 жилд төсвөөс хүүгийн төлөлтийг хийхээс өөр арга байхгүй. Энэ утгаараа төсөв дээр нэмэлт ачаалал ирж байгаа нь үнэн. Цаашид төслүүд үр ашгаа өгч эхэлбэл энэ нь төсөвт өгөөж болно.
-Энэ жилийн төсвийн орлого тасалдах болсон гол шалтгаан бол эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний экспортын хэмжээ. Орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөнөөс болсон. Гэтэл ирэх жилийн төсөвт дахиад нүүрсний экспортын хэмжээг өндөр тооцжээ. 31.4 сая тонн нүүрс экспортлох тооцоог хэрхэн гаргасан бэ, биелэх боломжтой тооцоолол уу?
-Аль болох биелээсэй гэдэг үүднээс л бичсэн. Манай нүүрсийг худалдаж авдаг урд хөршийн хэрэгцээ, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийг харгалзан үзэж 31 сая тонн нүүрс экспортлох бололцоо байна гэж үзээд төсөвт суулгасан. Гол хэрэглэгч болох урд хөршийн жилийн хэрэгцээтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ шүү дээ.
Жил бүр 50 хүртэлх сая долларын нүүрс экспортлохыг зарчмын хувьд аль аль талдаа зөвшөөрсөн
Мөн Ерөнхий сайд Хятадад айлчлах үеэрээ зарчмын маш чухал хэлэлцээр хийсэн. Жил бүр 50 хүртэлх сая долларын нүүрс экспортлохыг зарчмын хувьд аль аль талдаа зөвшөөрсөн шүү дээ. Энэ боломжоо аль болох бүрэн дүүрэн ашиглая гэдэг үүднээс ингэж тооцсон. Харин бодит байдал дээр хэрхэн хэрэгжих нь олон зүйлээс хамаарна. Үнэ ханш, нүүрс гаргах өртөг зардал, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, дэд бүтцийн хөгжил ямар байх уу зэрэг олон асуудлыг шийдэх болно.
Тавьж байгаа зорилго нь аль болох ахиу нүүрс л экспортлох явдал. Тооцоолсон хэмжээнээсээ давуулахын төлөө зүтгэнэ. Учир нь, манай улсад хөрөнгө мөнгө олж гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэх шаардлага байнга л байсаар байгаа шүү дээ.
-Ирэх жилийн төсөвт дөрвөн сарын дараа тодотгол хийхээр болсон. Тодотголоор ямар асуудлыг цэгцлэх юм бэ?
-Ирэх оны төсөвт тодотгол хийхдээ зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг л авч үзнэ. Хөрөнгө оруулалтын нэлээд асуудлыг авч үзэх шаардлагатай төсөв болчихлоо. Нийт 240 гаруй обьектыг судалж, өртөг зардал, үндэслэлийг хянаж, өссөн нэмэгдсэн шалтгааныг тодруулж цаашдын үр өгөөжтэй нь уялдуулан хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдгийг шийднэ. Үндэсний аудитын газраар дүгнэлтийг үндэслэнэ. Энэ хүрээнд л төсөвт тодотгол хийнэ.
Ирэх жилийн төсөв дээр маргаантай байгаа нэг асуудал нь ам.долларын ханшийг 1384 төгрөг гэж тооцсон. Олон нийт ирэх онд ам.доллар 1384 төгрөгтэй тэнцэх юм байна гэж ойлгож байна. Үүнийг тайлбарлаж өгөөч. Ямар үндсэн дээр ингэж тооцов?
-Санхүү эдийн засагчид өөрсдөө их сонин хүмүүс байдаг. Маш энгийн зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг. Өнөөдөр 1750 төгрөгтэй тэнцэж байгаа ам.долларыг 1384 гэж төлөвлөж байдаг. Хэн ч харсан энэ бол парадокс.
Гэхдээ санхүү эдийн засагчид ойрын болон холын ирээдүйд ямар өөрчлөлт гарч түүнийг хэрхэн давж туулах вэ гэдгийг үргэлж бодож байж шийдвэр гаргаж алхмаа хийдэг.
Тэгэхээр 1750 байгаа долларын ханшийг 1384 төгрөг болгож буулгахыг бодсон байна. Үүнд чиглүүлж бодлогоо тодорхойлоод байна. Мөн нийгэмд зөв сигналь өгч байна. Бидний бодсон амьдралгүй мөрөөдөл байж магадгүй. Гэтэл манай улсын туулж өнгөрүүлсэн амьдралыг харахад 1750-аас 1300 руу унасан тохиолдол бий. Тэгвэл бидэнд зөвхөн мөрөөдөл биш, өмнө нь ажиллаж байсан тэр арга барилаар ажиллаж, тэр үр дүнг давтах бололцоо бидэнд байгаа юм. Тиймээс тэр рүү зорьж байна. Бидний төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжвэл ханш 1384 төгрөгт тогтох боломж бий.
-Жишээ нь яаж?
3.5 тэрбум ам.долларын эх үүсвэр босгож, валютын нөөц бүрдүүлэх бололцоо байна
-Өрийн хязгаарыг нэмэгд үүлж хөгжлийн эх үүсвэр дайчлах. Ингэснээр 3.5 тэрбум ам.долларын эх үүсвэр босгож, валютын нөөц бүрдүүлэх бололцоо байна. Дээр нь “Самурай” бонд гаргаж өртөг багатай эх үүсвэр босгох чиглэлээр ажиллана. Хятад ард улсын банктай яриа хэлэлцээр хийж төгрөг юанийн солилцоог чөлөөтэй болгох.
Ингэснэр гаднаас валют орж ирэх урсгалыг нэмэгдүүлье гэж бодож байна. Энэ их мөнгө эдийн засагт орсноор эдийн засаг идэвхжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, өртөг зардал буурч, хамгийн гол нь өөрөө хийдэг нь нэмэгдэж импортын бүтээгдэхүүн багасна. Энэ үр дүн харахад ханш 1384 болж унах бүрэн бололцоотой. Харамсалтай нь, энэ бодлогоо эргэн харж үзэх шаардлагатай боллоо. Учир нь, ийм эх үүсвэр татах бололцоог үй болсон шүү дээ.
-Хэрвээ өрийн шатлалаа нэмэгдүүлж ДНБ-ий 60 хувьтай тэнцүүлбэл, “Самурай” болон “Чингис” бондын үлдэгдлийг босгох бололцоогүй юу?
-”Чингис” бондын 3.5 тэрбум ам.долларыг дунд хугацаанд босгохоор тооцсон. Тэгэхээр 1.5-2 тэрбумыг “Чингис” бондоос босгож, Самурай бондоос 500-600 сая ам.долларыг босгох бололцоотой. Дээр нь, Газрын тосны үйлдвэр байгуулахад тодорхой хэмжээний баталгаа өгөх зэрэг тодорхой асуудлыг шийдэх бололцоо нээгдэх байсан.
-Одоо тэгээд яах вэ?
-Нөгөө хоёр сонголтынхоо алийг хийхээс хамаарна. Бахь байдгаараа амьдралаа чадан ядан залгуулж, юу болохыг хүлээх нэг сонголт. Өөрөөр хэлбэл, ханш өсвөл өсөг дүүрч гэсэн үг шүү дээ. Нөгөө сонголт нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хөрөнгө босгож эдийн засгаа тогтворжуулж, цаашдаа хөгжих асуудлаа шийдээд явах арга байна. Алийг нь сонгох вэ.
-Том сонголт уу?
-Маш том хувь заяаны сонголт ирсэн. Энэ сонголтыг зөв хийх ёстой.