Ч.Улаан: “Чингис бонд”-ын хүүнд нь эхний хагас жилд 35 сая ам.доллар төлсөн
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай МАХН-ын Бага чуулганы талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2014 оны төсвийг хэлэлцэх үеэр Өрийн удирдлагын тухай хуулийг яаравчлан оруулах шаардлагатай гэж үзэж байсан. Тэгэхээр Сангийн яамнаас энэ хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Ойрын үед Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Монгол Улсын өрийн талаар нэгдсэн ойлголт, системтэй зохицуулалт байхгүй байгаа юм. 10 орчим хуульд салангид зохицуулалт байдаг. Тийм учраас Монгол Улсын өрийн талаарх нэгдсэн ойлголт, системтэй болж, үүнийгээ оновчтой удирдан зохицуулдаг механизм, үндсэн хяналттай байх хэрэгтэй гэдэг үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулсан.
Энэ хуулийг баталснаар Монгол Улсын өр гэж юуг хэлэх үү. Өрийг яаж тооцох, түүнийг эдийн засгийн үзүүлэлт, санхүү төсвийн баланстай хэрхэн уялдуулах вэ. Мөн өр үүсгэсний эх үүсвэрийг юунд зарцуулж, яаж хянах вэ гэх зэрэг асуултад иж бүрэн хариулт өгнө. Тэгэхээр улсын өр гэдэг ойлголт цаашид Засгийн газрын өр гэдгээр солигдоно.
Яагаад гэвэл, Засгийн газар ард түмний нэрийн өмнөөс авсан зээл, түүний эргэн төлөх байдлыг улсын төсөв хариуцах учраас ингэж тодорхойлох жишээтэй. Энэ нь ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар ингэж хуульдаа оруулж байгаа. Мөн үүнийг дагаад цоо шинэ ойлголт бий болно. Ер нь улсын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог ийм хуулийн зохицуулалт байдаг. Дэлхий дахинд оны нэрлэсэн үнээрээ тооцдог тогтолцоо руу явж байна.
Тийм учраас бид ч гэсэн энэ процессийг угтаж ийм зохицуулалтыг оруулж ирж байгаа. Үүнээс гадна эдийн засгаа цаашид хөгжүүлэх, тэлэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ гэдгийг энэ хуульд авч үзсэн. Засгийн газрын өрийн баталгааны асуудлыг бие даасан том байдлаар оруулах зохицуулалтыг бий болгож байгаа юм.
-Монгол Улсын 2014 оны төсвийг баталсан хэдий ч гаднаас авах өрийн хэмжээ багассанаар дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх гарц хомс боллоо гэж харж байгаа. Гаднаас авах өрийн хэмжээг яг хэдээр тооцсон бэ?
-2014 оны төсвийг батлуулахдаа хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагыг харгалзан үзээд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгоё гэж санал оруулсан. Гол нь бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эх үүсвэрийг тооцсон хэрэг. Гэтэл УИХ-аар 60 биш 40 хувь байна гэж баталсан.
Тэгэхээр 40 хувьдаа багтааж үйл ажиллагаагаа явуулах учиртай. Ингэхдээ улсын төсвийн урсгал зардал, төсвийн үйлчилгээнд ямар ч өөрчлөлт, хүндрэл гарахгүй. Ганцхан хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдана. Өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж чадахгүй байх нөхцөл үүсч байгаа юм.
Яагаад гэвэл, 3,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг борлуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх даалгавар авсан. Тэгэхээр энэ асуудал тодорхойгүй байна. Ер нь Өрийн удирдлагын хууль гарснаар энэ асуудлыг нэг тийш шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
-“Самуурай бонд”-ыг хэзээ авах вэ?
-“Самуурай бонд”-ыг ирэх оны төсөв дээр оруулж ирэх боломжийг тооцсон байгаа. Бид энэ бондыг босгох, эх үүсвэрийг бий болгох талаар ажиллаж байна.
-“Чингис бонд”-ын хүүнд төлөх мөнгө байхгүй байгаа гэдэг яриа бий. Монгол Улс энэ бондын хүүнд хэчнээн төгрөг төлсөн бэ?
-“Чингис бонд”-ын үйлчилгээний зардал улсын төсөвт тусгагдсан байгаа. Ямар нэг эх үүсвэргүй, хүндрэл гарна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр төсөв дээр бодогдсон учир хүүг нь хугацаандаа төлөөд явна.
-Хүүнд нь яг хэчнээн төгрөг төлсөн бол?
-Эхний хагас жилд 35 сая ам.долларын хүү төлсөн.
-Ингэхэд МАХН-ын Бага чуулганы үеэр дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулах санал гаргасан гэдэг. Мөн анхдагч 40 гишүүнээ Бага чуулганаас хассан гэдэг асуудал байгаа. Та үүн дээр бодитой тайлбар өгөхгүй юү?
-МАХН-ын Бага чуулган өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн. Чуулганд төлөөлөгчийг сонгодог, төлөөлөгчийг Бага чуулганы гишүүнээр баталгаажуулдаг намын дүрмийн зохицуулалттай. Энэ утгаараа чуулганы төлөөлөгчид сонгогдож орсон. Манай намын нэг онцлог ардчилал сайтай. Бага чуулганы гишүүнийг намын анхан шатны байгууллага өөрөө сонгож баталгаажуулдаг.
Бага чуулганыг дахин зарлаж хуралдуулаад ирэх оны эхээр намынхаа Их чуулганаа хийхээр бэлдэж байна.
Тийм учраас намын анхан шатны байгууллагуудаас албан ёсоор баталгаажсан төлөөлөгчид цуглаж хуралдсан гэсэн үг. Бага хурлын чуулганы бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Яагаад гэвэл, намын анхан шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээж чадсан хүмүүс сонгогдож оролцож байгаа шүү дээ.
Тэгэхээр үүгээр Бага чуулганы гишүүдэд тавигдаж байгаа шаардлага өндөр. Энэ шаардлагадаа нийцэж Бага чуулганы гишүүд ажиллаж байгаа. Энэ үүднээсээ бүтэц, бүрэлдэхүүний хувьд дүрмийнхээ дагуу л зохицуулаад явсан. Харин намын дотоод ажилтай холбоотой өргөн дэлгэр хэлэлцүүлэг явуулсан.
Миний хувьд өргөн ардчилалтай хурал болсон гэж үзэж байгаа. Хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөөд, түүнээсээ сургамж авлаа. Цаашдынхаа хийх ажлын бодлого, зорилтыг тодорхойлсон. Энэ үүднээсээ намынхаа ажлыг улам идэвхжүүлэх ийм шийдвэрийг гаргасан.
Ирэх сард намын Бага чуулганыг дахин зарлаж хуралдуулаад ирэх оны эхээр намынхаа Их чуулганаа хийхээр бэлдэж байна. Бүхэлдээ МАХН-ын үйл ажиллагаа идэвхтэй байгаа. Мөн МАХН эв нэгдэлтэй, ямар нэгэн хагарал бутрал байхгүй. Хүмүүсийн яриад, таамаглаж бичээд байгаа шиг тийм асуудал огт болоогүй.