МАХН-ын бага чуулган энэ сарын 24-нд хуралдана
ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн зочноор МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцлоо.
-МАХН-ын бага чуулганы талаар мэдээлэл өгөхгүй юу?
-МАХН-ын ээлжит бага чуулган энэ сарын 24-нд хуралдана. Бүхэлдээ 2013 онд намын дотоод амьдралын хүрээнд ямар он болж өнгөрч байна вэ гэдэг асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ онд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудлууд яригдана.
Сэдэвтэй холбоотой илтгэлүүд тавигдана. Илтгэлийн хүрээнд шүүмж, тодорхой саналууд яригдаж таарна. Мөн бид он гараад намынхаа их чуулганыг хуралдуулахаар төлөвлөж байна. Намын дүрмийн дагуу бага чуулганаар их чуулганыхаа товыг зарлаж, хэлэлцэх асуудлуудаа шийдвэрлэдэг байгаа.
-МАХН их, бага чуулганы төлөөлөгчдөө сонгохдоо ямар шалгуурыг тавьдаг вэ?
-МАХН их чуулганаа хуралдуулахад намын анхан шатны байгууллагуудаас их чуулганыхаа төлөөлөгчдийг нэр дэвшүүлэн сонгох зарчмаараа сонгодог. Их чуулганы төлөөлөгчдийг тоог тогтоогүй байна.
Ардчиллынхаа зарчмыг үндэслэж, зарим нэг намууд дээр гардаг алдаа дутагдлыг давтахгүйгээр, намын гишүүд дэмжигчиддээ эргэлзээ тээнэгэлзээ төрүүлэхгүйгээр их чуулганыхаа төлөөлөгчдийг сонгох ёстой.
Манай намын хувьд намын дотоод ардчилалдаа тулгуурласан байдлаар намын дүрмийн хүрээнд их чуулганыхаа бэлтгэл ажлыг хангах зорилготой ажиллаж байна.
-МАХН-ын их, бага чуулган нийгэм, эдийн засаг талдаа ямар зорилт тавьж байна вэ?
-Их чуулганы зорилтыг товчхон хэлбэл бид хариуцлагыг өндөржүүлэх хүрээнд гол зорилтоо тодорхойлох болов уу гэсэн ойлголттой байна. Улс эх орон, тодорхой байгууллага, хувь хүмүүсийн хувьд хариуцлага хүлээх, сахилга дэг журмыг чангатгах тал дээр хаа хаанаа ярих ёстой. УИХ, Засгийн газар, УИХ-ыг бүрдүүлж буй намын бүлгүүд, улс төрийн намуудын хариуцлагын тухай асуудлыг ярих хэрэгтэй.
Улс эх орон, байгууллага, хувь хүмүүсийн хувьд хариуцлага хүлээх, сахилга дэг журмыг чангатгах талаар хаа хаанаа ярих ёстой.
Тухайлбал, улс төрийн намууд хариуцлагын тухай асуудлыг тодорхой авч үзэх цаг болсон. Авлигал хээл хахууль гээд муу нэртэй бүхэн нь явж явж улс төрийн намууд руу очиж наалдаж байна. Тэгэхээр улс төрийн намууд энэ муу муухай бүхнээсээ салах хэрэгтэй. Эрх зүйн орчны хувьд тодорхой болгож, улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Цаашид гишүүнчлэлтэй, өмч хөрөнгөтэй байх эсэх, санхүүжилт нь ямар байх, хандив нэрийн цаана нуугдсан олон сайн муу зүйлүүдийг өөртөө наасан байдлаасаа салах хэрэгтэй байна гэх мэт удахгүй болох намын бага чуулганаар бид их чуулганаар хэлэлцэх асуудал дээр хариуцлагын түвшинд зорилгыг тодорхойлохуйц, улс эх орны цаашдын хөгжлийн стратегид нөлөө болохуйц олон асуудлуудаа авч хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...