2013.11.14

Г.Шийлэгдамба: МАХН ураны асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй

Ийгл телевизийн “Мэдээний өрөө”-ний зочноор МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцлоо.

-Гадаад харилцааны сайд Л.Болд, Франц улсад айлчлахдаа Францын Гадаад хэргийн сайдтай хувьцаа эзэмших гэрээ гэгчийг байгуулсан нь монгол улсаас уран олборлох ажил албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан баримт бичиг байсан учир үүнийг эсэргүүцэж байна гэсэн агуулгатай хэвлэлийн бага хурал МАХН-ын байран дээр болсон. Ийм гэрээ байгуулагдсан гэх ямар нотолгоо танай намд байгаа вэ?

-МАХН-ын байранд болсон урантай холбоотой хэвлэлийн хурлыг МАХН-тай хамтран ажилладаг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, манай намын дэргэдэх ТББ-ууд хамтран зохион байгуулсан. Улс төрийн намын хувьд бид ураны тухай асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй.

Бидний ойлгож байгаагаар хэвлэлийн хурлын гол зорилго нь уранаас үүдэн гарч болзошгүй хор хөнөөлийн талаар ард иргэдэд сэрэмжлүүлсэн, шийдвэр гаргах түвшний хүмүүст анхааруулсан үйл ажиллагаа явагдсан гэж үзэж болох юм.

-Өмнөх Засгийн газрын үед ч энэ асуудлууд яригдаж байсан. Өнөөдөр ч Засгийн газар ямар нэгэн байдлаар манай улсад цөмийн хог хаягдал булшлах асуудал байхгүй гэсэн үгүйсгэсэн мэдэгдлийг хийлээ. Хэрэв гэрээ байгуулснаа нууж байгаа бол яах ёстой гэж үзээд танай намаас залуучууд дэмжлэг хүсч байгаа юм бол?

-Ураны асуудлын цаана улс эх орны байгаль орчинд тулгарч буй ард иргэдийн аюулгүй амьдрах үндсэн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудал хөндөгддөг. Тиймд ард иргэд аливаа нэгэн улс төрийн байгууллагуудын үүднээс асуудалд хандахаас илүүтэй ард иргэдийн эвлэлдэн нэгдэж, санал бодлоо илэрхийлэх эрх ашгийн үүднээс МАХН руу дээрх байгууллагууд хандаж уг асуудлыг зохион байгуулж явуулсан.

Ураны цаана явагдаж буй аливаа нарийн гэрээ хэлэлцээрийн талаар бидэнд мэдээлэл байхгүй. Төр засгийн чухал шийдвэр гаргах түвшний байгууллагууд дээрх байгууллагуудын хөндөн тавьж буй эдгээр асуудлуудыг анхаарч, үүнийгээ нээлттэй ил тод болгон, асуултад нь хариулт өгөх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурьтай байна.

-Сүүлийн үед төсвийн данс улайн, эдийн засаг хаа сайгүй сайнгүй байгаа. Танай нам Засгийн газарт төлөөлөл нь багтдагийн хувьд тэдгээрээрээ дамжуулан ямар бодлогыг хэрэгжүүлээсэй гэж хүсч байна вэ?

-Төсөвтэй холбоотой олон асуудлууд УИХ дээр хөндөгдөж байгаа учраас улстөрчид, улс төрийн намууд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Төсөвтэй холбоотой асуудлыг Засгийн газар, УИХ дээр авч хэлэлцэн, УИХ-аас тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ёстой.

Төсвийн хүндрэлийг улстөржсөн байдлаар биш, бодит боломжиндоо тулгуурлан цаг алдалгүй шийдвэрлэх ёстой.

МАХН хамтарсан Засгийн газарт ажиллаж буй сайдуудаараа дамжуулаад тодорхой мэдээллийг авч байна. Төсөвтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ байж болох хамгийн зөв гарцыг өөрөөр хэлбэл, төсвийн хүндрэлийг шийдвэрлэх асуудлуудад улстөржсөн байдлаар биш, бодит боломжиндоо тулгуурласан, хязгаарлаж болох зардлыг хязгаарласан бодитой байдлаар хандаж, цаг алдалгүй шийдвэрлэх ёстой.

Энэ дээр Засгийн газрыг хамтран барилцаж буй улс төрийн намууд, цөөнхийг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд ч улс орныхоо эрх ашгийн төлөө аливаа асуудалд илүү бодитой хандаж, гарц арга замаа зөв тодорхойлж асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.