Г.Шийлэгдамба: МАН-ын шинэ удирдлагуудтай нийлэх бус хамтарч ажиллах асуудлаар ярилцана
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр, МАН-ын Их хуралд оролцож МАХН-аас явуулсан илгээлтийг уншиж сонсгосон билээ.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ. Саяхан БНСУ-ын Буддын шашны тэргүүн хамба лам Чачинд бараалхсан гэсэн мэдээлэл гарсан. Ер нь олон нийтийн зүгээс бие нь сайжирч, хэвийн байдалдаа орсон гэсэн ойлголтыг төрүүлж байна?
-Н.Энхбаяр даргын биеийн байдал бага багаар дээрдэж байна. Эмчилгээ оношилгооных нь байдал хэвээрээ үргэлжилж байгаа. Зайлшгүй хийх шаардлагатай мэс ажилбаруудыг тодорхой хугацааны өмнө хийсэн. Түүний дараах нөхцөл байдал нь хэвийн бөгөөд өдөр хоногоор дээрдэж байна.
Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг цоо эрүүл болчихсон зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр, ноцтой хүнд байдалд орсон зэргээр мэдээлж байгаа. Энэ бүх зүйл худлаа. Мөн эмчилгээг тодорхой хугацаанд хийлгэж байгаа болохоор үр дүн гарч л таарна.
Тиймээс бусадтай хэвийн хэмжээнд ярилцах бүрэн бололцоотой болсон. Цаашдаа илүү удаан хугацаанд үе шаттай эмчилгээ хийгдэнэ гэсэн. БНСУ-ын Буддын шашны тэргүүн хамбатай уулзсан явдал нь цэвэр өөрийнх нь харилцааны асуудал юм. Иймээс намын зүгээс бидний хувьд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Эмчилгээнийх зардлыг хаанаас гаргаж байгаа вэ. Удаан хугацаанд өндөр өртөгтэй гадны улсад эмчилгээ хийлгэж байгаа юм чинь тодорхой хэмжээний санхүүгийн бэрхшээл гарна байх?
-Ар гэр болон ойр дотны хүмүүсийнх нь дэмжлэг туслалцаатайгаар эмчилгээ хийгдэж байгаа байх. Түүнээс намын зүгээс зохион байгуулалтай санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагаа болоогүй.
Түүнчлэн манай намын хувьд санхүүгийн тал дээр дэмжлэг өгөх боломж хомс юм. Ер нь намын гишүүд Н.Энхбаяр даргын биеийн байдалд маш их санаа зовж байгаа.
Тиймээс намын гишүүд өөрсдийн зүгээс хөрөнгө, мөнгө цуглуулах ажил зохион байгуулъя гэсэн үүднээс ханддаг. Өөрийнх нь барьж байгаа байр сууринаас бол ингэх шаардлагагүй гэдгийг гишүүддээ хэлсэн.
-Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн. Тиймээс төрөөс эмчилгээнийх нь зардлыг төрөөс гаргах шаардлагатай хэмээн МАХН-ын гишүүд үзэж байгаа гэсэн. Энэ асуудлаар танд хандсан уу?
-Албан ёсоор манай намд ийм асуудал яригдаагүй. Ард иргэд болон жирийн дэмжигч гишүүдийн зүгээс энэ асуудлыг бидэнд тавьдаг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр даргыг төр хэлмэгдүүлсэн. Тиймээс төр өөрөө эмчилгээнийх нь зардлыг гаргах ёстой гэсэн асуудлыг тавьдаг.
-Та бүхний зүгээс МАН-ын Их хуралд нэлээд анхаарал хандуулж байна. Ер нь ямар үр дүн хүлээж байна вэ. Өөрөөр хэлбэл, угшил нэг боловч улс төрийн тавцанд яах аргагүй өрсөлдөгч шүү дээ?
Их хурлын үеэр
-МАН Их хурлаараа нэн тэргүүнд намын дотоод асуудлаа авч хэлэлцэх байх. Түүнчлэн УИХ-д суудалтай, цөөнхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний хувьд Монгол Улсын цаашдын хөгжлийн чиг хандлага бодлогын талаар авч хэлэлцэнэ байх гэж харж байгаа. Тиймээс МАН-ын Их хурлаас гарах үр дүнд анхаарал хандуулж байна. Дарга, цэргээ өөрчлөх асуудлыг намынхаа гол ажил болгоогүй байх.
-Сүүлийн үед МАН, МАХН-ын нэгдэн нийлэх асуудал их яригдаж байна. Илгээлт ч иймэрхүү утга агуулчихав уу гэж харагдаад?
-Хоёр намын цаашдын чиг хандлагын талаар бол байнга л яригддаг асуудал. МАХН-ын зүгээс шударга ёсыг тогтоохын төлөө, улс орноо хөгжүүлэхийн төлөө аль ч улс төрийн хүчинтэй эвсэхэд бэлэн, нээлттэй байдаг.
Үүний нэг тодорхой жишээ нь “Шударга ёс эвсэл” байна. Тиймээс өнөөдрийн парламентад манайхан гуравдагч хүчний үүрэг гүйцэтгээд явж байна.
МАХН, МАН-ын гишүүдийн хувьд нэгдэн нийлэх асуудал тодорхой байр суурийг эзэлдэг. Бид нэгдэж, нийлэх гэхээс илүүтэй зөв бодлого дээр хамтарч ажиллах асуудлыг нэн тэргүүний зорилтоо болгож ажиллана.
Тиймээс МАН-ын Их хурлаас гарах шийдвэр болон шинэ удирдлагуудтай нэгдэж нийлэх гэдгээс илүү хамтын ажиллагаандаа ач холбогдол өгнө.
-МАН-ын зарим гишүүд Н.Энхбаяраас албан ёсны уучлал хүсэх ёстой. Тэгж байж намын нэгдэн нийлэх асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг гэсэн?
-МАН-д Н.Энхбаяр даргатай олон жил хамтарч ажиллаж, нэг намын үзэл баримтлалын дор явж байсан хүмүүс байгаа. Тэд дундаас хүн ёсныхоо хувьд уучлал гуйх олон хүн бий гэж боддог. Уучлал гуйх асуудал бол тухайн хүмүүсийн гаргах шийдвэр юм.
-Намын Бага, Их чуулганаа хэзээ зохион байгуулах вэ?
-Намын Бага, Их чуулганаа ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байгаа. Тодруулбал, энэ ондоо багтаан Бага чуулганаа хуралдуулна. Харин дөнгөж он гараад Их чуулганаа хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа.
Хуралдаануудаар намын дотоод асуудал болоод, өнгөрсөн сонгуулийн үед гарсан олон, амжилт, алдаа, оноогоо дүгнэж хэлэлцэнэ. Цаашид улс төрийн намынхаа хувьд улам бэхжих зорилтуудыг тавьж ажиллана.
-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд даргаа өөрчилнө гэсэн асуудал яриад байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Хэн нэгэн даргыг өөрчлөх гэхээсээ илүүтэй үйл ажиллагааны чиглэлдээ үнэлэлт дүгнэлт өгөх нь чухал. Шаардлагатай тохиолдолд намын удирдлагуудыг өөрчлөх асуудал нь нээлттэй. Энэ бол аль ч улс төрийн хүчинд тавигддаг асуудал шүү дээ. Асуудлыг олонхоороо шийднэ.