Г.Шийлэгдамба Н.Энхбаярыг эргээд иржээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.10.08

Г.Шийлэгдамба Н.Энхбаярыг эргээд иржээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж буй. Монгол эмч нар түүнийг эсийн алдагдалд орсон гэсэн дүгнэлт гаргасан тул тэрбээр БНСУ-ыг зорьсон. Гадаадад эмчилгээ хийлгэж эхэлснээс нь хойш намынхан нь ээлж дараалан эргэж, биеийн байдалд нь анхаарал хандуулж буй ажээ.

Энэ сарын 1-5-ны өдрүүдэд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Н.Энхбаярыг эргэжээ. Энэ талаар МАХН-ын Нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэнгээс тодрууллаа.

-Танай намын даргын биеийн байдал ямар байгаа вэ. Бие нь сайжирч байгаа юу?

-Намын ЕНБД эргээд ирсэн. Биеийн байдал нь хуучнаасаа сайжирсан ч бүрэн төгс эрүүл болоогүй байна. Эрүүл мэндийн хувьд сайнгүй. Жингийн алдагдал нь хэвээрээ байгаа.

-Монголд байхад нь “эсийн алдагдалд орсон” гэсэн онош тогтоосон. Солонгосын эмч нар эрүүл мэндийн хувьд энэ талаар ямар нэгэн өөрчлөлттэй зүйл хэлсэн юм болов уу?

-Онош нь батлагдсан. Тиймээс урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тэгж байж үр дүнгээ өгөх байх.

-Солонгосын хаана, ямар эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм бэ?

-Сөүлд. Ямар нэртэй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгааг нь хэлэх боломжгүй.

-Н.Энхбаярыг эмнэлэгт ямар хүмүүс сахиж байгаа вэ?

-Гэр бүлийнхэн нь байгаа.