МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.10.01

УИХ-ын ээлжит бус чуулган үр дүнгүй байсан нь намын бүлгүүдтэй холбоотой

ТВ9 телевизийн тодруулга буланд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

- Өнөөдөр ээлжит бус чуулган хуралдаад өндөрлөлөө хэр үр дүнтэй байв?

Ээлжит бус чуулган хүлээж байсан үр дүндээ хүрч чадсангүй. Цаг үеийн үүсээд байгаа асуудлыг ярилцаж гарц гаргах ёстой байсан. Үр дүндээ хүрсэн эсэх нь УИХ дахь намын бүлгүүдтэй холбоотой асуудал. Тэгэхээр цөөнх үүргээ ажил хэрэгч байдлаар гаргаж асуудалд хандсангүй.

Олонхын тавьсан асуудал тооцоо судалгаа муутай, УИХ-ын гишүүдийн итгэлд хүрч чадсангүй. Ер нь бол бид хэтэрхий улс төржиж, дээгүүрх эрх ашгийг хөнддөг гэсэн дүгнэлтэд хүрч байна. үнэхээр улс төрийн намууд өрсөлдөх цаг үедээ үзэл бодол, бодлогоороо өрсөлдөх хэрэгтэй.

Гэтэл ийм эгзэгтэй улс орны нөхцөл байдалд эдийн засгийн хүндрэл үүссэн, хөрөнгө оруулагч нарын талаас сөрөг байр суурьтай байгаа орлого багасаж, зардал ихэссэн энэ үед УИХ нэгдмэл нэг бодлогод хүрэх нь чухал юм. Гэтэл энэ хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой асуудлаа яриад л өндөрлөж байна.

- Тун удахгүй МАН-ын ээлжит 27-р их хурал болно. Энэ хуралдаанаар ямар үр дүн хүлээж байна?

Шударга ёсыг шаардах цуглаан

Мэдээж шууд утгаараа МАН-ын их хурлын үр дүн тухайн намд их чухал. Хүлээсэн үр дүнгээ гаргах нь бүх намын гишүүн, бас бидний хувьд ч гэсэн анхаарал татаж байгаа асуудал мөн. Яагаад гэвэл парламентэд суудалтай аль ч нам бусаддаа нөлөө үзүүлнэ. Аль нэг намынх нь илүү зохистой шударга байж өөрчлөлт хийж чадвал бидэнд мөн эерэг нөлөө үзүүлнэ.

Хэрвээ МАН-ынхан зоригтой шинэчлэл өөрчлөлтөө хийхгүй, үр дүнтэй байж чадахгүй бол улс төрд ч тэр, бусад намууддаа эерэг үр дүн үзүүлэхгүй. Тиймээс МАН үнэхээр тодорхой өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байгаа. Мэдээж үр дүнтэй өөрчлөлт болохгүй бол гишүүд, дэмжигчдийн хэсэг нь улс төрийн өөр нөхцөл байдалд орох боломжтой.

Тухайн намын хувьд ч мөн салж чаддаггүй муухайтайгаа үлдэх юм бол ямар ч үр дүн гарахгүй. Энэ байдал өөрсдийнх нь ирээдүйд ямар үр дүнтэй байх уу гэдгийг шийдэх хурал. Үр дүнтэй болоосой л гэж хүсч байна.

- Сүүлийн үед эрх барьж байгаа Ардчилсан намтай холбоотой таагүй мэдээлэл гарах боллоо. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна?

Миний ойлгосноор хэд хэдэн асуудал байна гэж бодогдсон. Юуны өмнө боловсон хүчний асуудал Ардчилсан намд нилээдгүй зөрчлийг бий болгож байна. үүний цаана өнгөрсөн 20 жилийн хугацаанд цөөхөн хэсэг хүмүүсийн дунд л ардчилсан намын гол бодлого явагдаад байна. энэ бол яах аргагүй ардчилсан намын хувьд томоохон асуудал болж үүссэн байна.

Энэ асуудалд яаж хандахаас Ардчилсан намын цаашдын нөхцөл байдал, үр дагаварт нөлөөлнө гэж бодож байна. Боловсон хүчний зөв бодлого явуулахгүй хэтэрхий талцаж асуудалд ханддагаа гүнзгийрээд ийм байдалд хүрч байгаа гэж ойлгогдохоор байна. Тиймээс Ардчилсан намд шүүмжлэлтэй хандах олон асуудал байдаг. Үүнийг шийдэж чадахгүй байсаар байгаад асуудал хүндэрсэн гэж бодож байна.