МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.09.30

“Шударга ёс” аян үргэлжиллээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, УИХ-ын сонгуулийн өмнө эхлүүлсэн “Шударга ёс” аяныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. “Шударга ёс” аяныг өнөөдрөөс эхлүүлж, тус намынхан зүүн аймгуудыг зорьж буй. Аяны хүрээнд МАХН-ын гишүүдийнхээ саналыг сонсохоос гадна Ардын Намын гишүүд, дэмжигчдийн санаа бодлыг ч сонсоно гэв.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ирэх сарын 27-нд хуралдах МАН-ын Их хурлын үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа гэв. Их хурлын шийдвэрээс шалтгаалан хоёр нам нэгдэх эсэх нь шийдэгдэх үү гэсэн асуултад тэрбээр “Энэ бол цаг хугацааны асуудал” гээд нэгдэх бус, бусад намтай хамтран ажиллахыг чухалчилж буйгаа хэлсэн. Харин тэд Их хурлаа ирэх оны нэгдүгээр сард багтаан хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Намын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар тодруулахад “Эмчилгээ хийлгэж байгаа. Хэвийн байдалдаа ороход цаг хугацаа хэрэгтэй” гэлээ.