МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.10.21

Г.Шийлэгдамба: УИХ өөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд бодит дүгнэлт өгөх ёстой

NBS телевизийн “БЛИЦ” ярилцлагын зочноор МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцлоо.

-Ойрд намаар сонин юутай байна. “Шударга ёсны аян”-аа үргэлжлүүлж байгаа сураг байсан. Энэ талаар?

-Намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Улс төрийн хүрээнд олон үйл явдлууд болж өнгөрлөө. Намын хувьд хүндрэл бэрхшээлтэй, ололт амжилттай тэр тусмаа ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи он цаг бол намын цаашдын үйл ажиллагааг илүү тодорхой чиглүүлж ажиллахад төвлөрсөн, улс төрийн үйл ажиллагааныхаа бодлогыг тодорхойлж үр дүнтэй ажиллахад анхаарсан цаг хугацаа өнгөрлөө.

“Шударга ёсны аян”-ы хувьд энэ намар үргэлжлүүлээд ажиллаж байна. Энэ аяны гол асуудал бол цаг үеийн улс орны өнөөгийн нөхцөл байдал. Ялангуяа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Энэ ээлжит бус чуулганы үр дүн, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ард иргэдийн дунд үүсээд буй эргэлзээг улс төрийн намын хувьд тодорхой дүгнэлт гаргаж, УИХ дахь бүлгээрээ дамжуулан асуудлыг авч хэлэлцэхэд ард түмнийхээ дуу хоолойг сонсох шаардлагатай.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах улс төрийн намуудын байр суурь хэвээр байгаа. УИХ өөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд бодитой дүгнэлт өгөх ёстой. УИХ тодорхой дүгнэлт гаргахгүйгээр улс оронд тулгарч буй асуудлыг Засгийн газарт өөрсдөө мэд гээд тохоод байна.

Тэр тусмаа УИХ-ыг бүрдүүлж буй улс төрийн намын бүлгүүд хариуцлагагүй муу ажиллаж байгаа. “Шударга ёс” бүлгийг мөн хамааруулж хэлж байна. Зөвхөн Засгийн газарт асуудлыг тавих биш юм. Шинэчлэлийн Засгийн газар ийм байдалд хүргэсэн юм биш.

Хөрөнгө оруулалтын байдлаас эхлээд  асуудал их бий. Өөрөөр хэлбэл, УИХ чадамжгүй болж байна. Боловсон хүчний залгамж халаа, хэрэгцээ шаардлага их байгаа. Эдийн засгийн хямралын цаана УИХ-ыг бүрдүүлж буй боловсон хүчний асуудал гэж хэлж болно.

-Сүүлийн 20 жилд хэдхэн олигархуудын дунд улс төрийн үйл явц болоод өнгөрлөө гэдэгтэй санал нийлж байна уу?

-Санал нийлж байна. Тухайлбал, МАН их хурлаа хуралдуулах гэж байна. Ардчилсан нам жигүүр ургуулчихлаа. Мөн боловсон хүчнийхээ асуудал, бодлого тодорхойлдог хүмүүсийнхээ талаар ярих гэж байна.

Ингээд ирэхээр аль ч улс төрийн намууд өөрчлөгдөж чадаагүйн хор уршиг одоо гарч байгаа юм. Энэ нь улс төрийн намууд байнгын өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой зарчим алдагдсаныг харуулж байна.

-Нэг талаас жигүүр байгуулагдаж байна гэдэг нь намынхаа болохгүй байгаа зүйлийг ярьж хэлэх сайн талтай. Нөгөө талаас жигүүр хөдөлгөөн байгуулж буй хүмүүсийг харахаар албан тушаал, эрх мэдлээс хоцорчихсон хүмүүс яваад байх шиг. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Жигүүр байгуулах, нэг зохион байгуулалтад орох асуудал бол байдаг л асуудал. Улс төрийн намын дотор сөрөг байр суурь байдаг. Тэр нь тодорхой зохион байгуулалтад ордог.

УИХ-ыг бүрдүүлж буй намын бүлгүүд хариуцлагагүй муу ажиллаж байна.

Гэхдээ энэ бол байх ёстой зарчим. Гагцхүү ард нь улс төрийн зорилго үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санаархсан асуудал байдаг. Энэ бол цаг хугацаа харуулах л асуудал. Үнэхээр тийм зүйл байгаа бол харамсалтай байна.

-Хоёр нам буцаад нэгдэх талаарх асуудал яригдах уу?

-Аль намынх үйл ажиллагаа илүү бодитой, ард түмэнд хүрч байна гэдэг нв чухал болохоос биш, салж явсан хоёр нам буцаж нийлэх нь нээх тийм сонин зүйл биш. Хамгийн гол нь улс орны төлөө хэлж яриад байдаг зүйлээ хамтраад явуулбал илүү л хүчтэй болох байх. Чухам аль нэг нам нь үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал бол цаг хугацааны тухай асуудал гэж үзэж байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...