Гадаадад суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй цахим уулзалт хийв
Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим уулзалт хийлээ.
Өнгөрөгч 5 дугаар сарын 14-нд хийсэн анхны видео уулзалтаар Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, элчин сайдуудын ажлыг дүгнэх гол үзүүлэлтүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.
Энэ дагуу хийх ажил, хэрэгжүүлж болох жишээ туршлагын талаар ажил хэрэгч санал санаачилгыг 9 газраас дэвшүүлж, идэвхтэй ажилласан бол ихэнх нь эргэх холбоогүй, хариуцлагагүй хандсаныг Ерөнхий сайд шүүмжиллээ.
Яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд сар тутамд ажлаа тайлагнаж, хариуцлагаа өндөржүүлж байгаа шиг хилийн чанадад суугаа элчин сайдууд ч хурдтай ажиллах ёстойг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсан хуулиуд батлагдсан, улсын эдийн засгийн гол гол үзүүлэлт чамлахааргүй дүнтэй гарсан, бүтээн байгуулалт эрчимжиж, ажлын байр нэмэгдэж, шинэ үйлдвэрүүд ажлаа эхэлж байна зэрэг мэдээллийг Засгийн газрын тэргүүн цахим уулзалтаар өглөө.
Монгол Улсын бодлого нэг долгионоор гадаад ертөнцөд хүрдэг байх нь чухал.
Харин валютын ханшийн хэлбэлзэл, гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын тухайд зорьсон үр дүндээ хүрч хараахан чадаагүй байна гэж онцлоод “Энэ мэт чухал мэдээллүүд, гол ажлуудын хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүнгийн дэлгэрэнгүй танилцуулгыг элчин сайдуудад хүргэсэн. Үүнийг ажилдаа байнга ашиглаарай, Монгол Улсын бодлого нэг долгионоор гадаад ертөнцөд хүрдэг байх нь чухал байна” гэлээ.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж тогтворжуулсныг, мөн Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийд данстай томоохон төслүүдийн хувьд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлсэн албан ёсны мэдээллийг гадагшаа цацах шаардлагатай байна гэж хилийн чанадад эх орноо төлөөлөн суугаа элчин сайдууд хэллээ.
Хоёр улсын хоорондын яриа хэлэлцээг яам, агентлагууд эцсийн шатанд нь цуцалдаг, удаашруулдаг хандлага нэлээд байна, тодорхой шийдвэр хүлээхэд цаг их алдаж байна гэсэн шүүмжийг ч Ерөнхий сайдад дуулгалаа.
Стоккольм, Оттова, Вашингтон, Варшав, Праг, Дели, Хонконгт суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчид шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудынхаа талаар санал солилцлоо.
Мөн Стоккольм, Оттова, Вашингтон, Варшав, Праг, Дели, Хонконгт суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчид шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудынхаа талаар санал солилцлоо.
Үндэсний брэнд бий болгоход “Чингис” бондоос 270 тэрбум төгрөг зарцуулан үйлдвэрлэлүүд хөгжүүлж байна, цаашид экспортын бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад элчин сайдуудын хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, аливаа саналаа ГХЯ-аар дамжуулан байнга хэлж, эргэх холбоотой, хурдтай ажиллахыг хүслээ.
Энэ удаагийн цахим уулзалтад Монгол Улсыг төлөөлөн суугаа 30 гаруй дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд холбогдсон юм.