З.Баянсэлэнгэ: "Гал үндэстэн"-ийхэн хуулиас гадуур зохисгүй  үйлдэл хийсэн
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.11.06

З.Баянсэлэнгэ: "Гал үндэстэн"-ийхэн хуулиас гадуур зохисгүй үйлдэл хийсэн

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ардын намын их хурал саяхан болж өнгөрлөө. Та өмнө нь Ардын намын гишүүн байсан хүний хувьд энэхүү хурлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Монгол Ардын намын XXVI их хурлын төлөөлөгчөөр сонгогдох гэж өрсөлдөж байсан түүх надад байдаг юм. Тухайн үед их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагаа шударга болоогүй. Надтай өрсөлдсөн хүн тухайн үүрийн гишүүн биш байсан ч дээрээс нэрийг нь оруулж ирээд л их хурлын төлөөлөгчөөр сонгочихож байсан юм.

Тэр үед би Ардын намынхан их хурлынхаа төлөөлөгчийг хэрхэн сонгодог юм бэ гэдгийг өөрийн биеэр мэдэрч байсан гэхэд болно. Сая болж өнгөрсөн Ардын намын XXVII их хурлыг би түүнтэй нэгэн адил болж өнгөрлөө гэж харж байгаа.

-Ямар учраас та тэгж хэлж байгаа юм бэ?

-Би чинь иргэдийнхээ дунд амьдардаг учир улс төрийн хүрээнийхний тэр бүр сонсоод байдаггүй иргэдийн дунд өрнөж байгаа шүүмжлэл, яриаг олоод сонсчихдог юм шүү дээ. Ардын намын энгийн гишүүд, дэмжигчид дээрх бодлыг маань баталсан учир би тэгж хэлж байгаа юм.

Тэгэхээр өмнөх туршлага дээрээ үндэслэн хийсэн их хурал зохион байгуулалтын дагуу явагдсан гэдэг нь тодорхой. Тиймээс намын Бага хурал, Удирдах зөвлөлийн хүрээнд л хайрцаглагдчихсан байсан хүмүүс нь орж ирсэн гэж бодож байна.

Тиймээс Ардын намынхны яриад байсан шиг шинэчлэлийн бодлого, үнэр мэдрэгдэхгүй байгаа юм болов уу. Үүнийг Ардын намын зарим гишүүн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэлсэн байхыг ч олж уншаад л сууж байна.

-Ардын намынхан их хурлынхаа үеэр танай намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагвын ил захидлыг нэлээд сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж авсан гэж байна билээ. Үүнээс болоод Ардын намын зарим гишүүн “МАХН-тай нэгдэх хэрэгтэй” гэсэн байр" суурийг илэрхийлж эхэллээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Парламентад тохой зэрэгцэн сууж байгаа намууд нэгнийх нь чухал хурал болж байхад ил захидал, мэндчилгээ илгээх ньулс төрд байх л үзэгдэл гэж би бодож байна. Энэ дагуу л манай намын дэд дарга Ардын намын их хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, ил захидал илгээсэн.

Монгол Ардын намын XXVI их хурлын төлөөлөгчөөр сонгогдох гэж өрсөлдөж байсан түүх надад байдаг.

Тэрхүү илгээлтийг Ардын намын удирдлагууд гэхээсээ илүү их хурлын төлөөлөгчид сэтгэл гаргаж хүлээж авсан гэж сонссон юм байна. Ардын нам нэрээ сольсноосоо хойш урагшаа алхсан нь гэвэл байхгүй гэж хэлэхэд буруудахгүй. Тэд хойшоо л ухарч байгаа дүр зураг ажиглагдаж байгаа шүү дээ.

Харин МАХН-ынхан намынхаа нэрийг сэргээж, үйл ажиллагаагаа явуулснаасаа хойш өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, гишүүд дэмжигчидтэй болж, ард түмний сэтгэлд илүү ойр ажиллаж байгаа. Тэдний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд шинэ сэргэг, шударга заримын дагуу ажиллаж байгааг олон түмэн гэрчилнэ.

Тиймээс манай хоёр нам нэгдэх, нийлэх тухай асуудал албан ёсоор тийм ч хурдан яригдахгүй л болов уу. Гэхдээ бас энэ асуудлыг тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа ярихыг үгүйсгэхгүй. Мэдээж МАХН-ын зүгээс Ардын намынханд тавьж байсан тодорхой шаардлагуудыг хангасны дараа энэхүү асуудлыг ширээний ард сууж ярина.

Бидний зүгээс Ардын намынханд “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг засах, Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд 100 хувь өгөх, хэлмэгдүүлэлтийг зогсоох ёстой. Ардын нам нэрээ сольсны дараа хэлмэгдүүлэлт гаарсан. Үүнд Ардын намын тодорхой удирдлагууд мэдээж хамаатай. Тиймээс цаашид улс төрийн зорилгоор аль нэгэн намын дарга, гишүүнийг хэлмэгдүүлж болохгүй ”гэсэн шаардлагыг тавьсан.

-Та сая МАХН-ын нэр хүнд өсөж байгаа гэлээ. Гэтэл сүүлийн үед МАХН-ын сайд нар нэлээд хэл аманд орооцолдох болсон. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нарыг нэрлэж болох юм?

-МАХН-ын нэр хүнд сайд нартай холбоотойгоор унаад байсан зүйл байхгүй гэж би хувьдаа бодож байна. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн хувьд интерпол руу захидал илгээснээр л эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр түүний илгээсэн захидалтай утга нэг захидал интерпол руу илгээсэн УИХ-ын олон гишүүн байгаа.

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хувьд би эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг шахаж эхлэх гэж байгаа учраас л нэлээд хэл аманд орооцолдож байна уу даа гэж бодож байгаа.

Шалгагдах ёстой гэвэл бид бүгд л шалгагдах ёстой шүү дээ. Э.Эрдэнэжамъян дэд сайд интерпол руу “Улс төрийн зорилготойгоор зарим хүнийг эрэн сурвалжилж байна” гэсэн утгатай л захидал илгээсэн шүү дээ. Угаасаа интерпол улс төрийн зорилготойгоор эрэн сурвалжилж байгаа тохиолдолд эрэн сурвалжлах ёсгүй байдаг.

Гэтэл манайхан Э.Эрдэнэжамъян дэд сайдыг интерпол руу захидал илгээсэн гэдэг үйлдэл дээр нь л буруутгаад байх юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хувьд би эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг шахаж эхлэх гэж байгаа учраас л нэлээд хэл аманд орооцолдож байна уу даа гэж бодож байгаа.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргыг сольсны төлөө тангараг өргөсөн эмч нар ажил хаяж байгаа нь ямар учиртай юм бэ. Өвчтөнийхөө амь настай холбоотой асуудлыг харгалзаж үзэхгүйгээр өөрсдийн эрх ашгийг хамгаалж байгаа нь сонин байна. Үүний цаана эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажуудал илэрч, эрх ашгийн зөрчил явагдаж байж ч магадгүй юм шүү дээ.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал сайжирч байна гэсэн мэдээлэл гарч байна. Танай намын удирдлагууд ч ойр ойрхон очиж эргэж байгаа гэсэн. Та дарга дээрээ очсон уу. Биеийн байдал нь хэр байна вэ?

-Би дарга дээр очиж уулзсанаас хойш нэлээд хугацаа өнгөрч байна. Биеийн байдал нь сайжирч байгаа юм шиг харагдаж байгаа ч хэд, хэдэн шинжилгээнийх нь хариу муу гарсан юм байна билээ. Мэдээж хүний биеийн байдал сайжрах нь сэтгэл санаатай нь холбоотой учир сэтгэл санаагаар нь тайван байлгах хэрэгтэй гэж бодож байна.

-УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон гишүүд төсвийн төсөл дээр нэлээд анхаарлаа хандуулж байгаа юм билээ. Та төсвийн төслүүдээс ямар, ямар асуудал олж харж байна вэ?

-УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд 2013 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр үнэхээр туршлагагүйтсэнийг нуугаад яах вэ. Тийм ч учраас нэг их ач холбогдол өгөөгүй байж магадгүй юм. Бүтэн жил өнгөрсний дараа төсөв хэлэлцэх үеэр хэд, хэдэн алдаа гардаг гэдгийг мэдэрч байна.

УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд 2013 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр үнэхээр туршлагагүйтсэнийг нуугаад яах вэ.

Тухайлбал, салбарын сайдууд өөрсдийн хариуцсан салбартаа л анхаарал тавьж, бусад гишүүдийг лоббиддог байх жишээтэй. Дээрээс нь он дамжсан төсөвт өртөг олон жил үргэлжлэхийн хэрээр төсөвт дарамт болж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд нэг ч шинэ эмнэлэг ашиглалтад орсонгүй.

Энэ жил ашиглалтад орох байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Хууль зүйн яамныхан оффисын зориулалтаар ашиглана гээд “булаагаад” авчихаж байдаг. Өнөөдөр эмнэлгээр ард иргэдийн хэдэн хувь нь үйлчлүүлэх вэ. Хуулийн байгууллагынхны оффисоор ард иргэдийн хэдэн хувь нь үйлчлүүлэх вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

Зөвхөн эмнэлэг гэлтгүй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр муу байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэл төсөвт үүнд зарцуулчих мөнгө байдаггүй. Энэ бүх асуудлыг концессын гэрээгээр шийдэхэд болохгүй гэх газаргүй. Төр хэдий болтол бүх асуудлыг нуруун дээрээ үүрч явах вэ дээ. Зарим асуудлыг хувийн хэвшлийнхнээр шийдүүлэх цаг болсон гэж хэлмээр байна.

-Ардчилсан намынхныг “юм болгонд түрээ барьж байна” гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчин гаргаж байна. Нөгөөтэйгүүр, “Шударга ёс” эвслийнхнийг ч өөрсдийн хүссэнээр байлгах гэж оролддог гэх юм. Ардчилсан намын явуулж буй үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би хувьдаа Засгийн газрыг хамтарч байгуулсан нь тухайн Засгийн газрын үйл ажиллагааг буруу ч байсан дэмжинэ гэсэн үг биш шүү дээ. “Шударга ёс” эвслийнхэн өнөөдөр ямар мөрийн хөтөлбөр боловсруулж УИХ-д суусан билээ. Ард түмэн биднээс юу хүсэн хүлээж байгаа вэ гэдгийг бид сонсож, биелүүлж ажиллах ёстой.

Бид Засгийн газрын алдаатай үйлдлийг шүүмжилж, шахаж шаардах ёстой. Ардын намынхны хэлж байгаа байр суурь нэг талаараа үнэн. Ардчилсан намынхан зарим асуудлыг шийдэхдээ хүч түрж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ өнөөдөр Засгийн газар хүчтэй байна уу, УИХ хүчтэй байна уу гэдэг асуудлыг эхэлж ярих хэрэгтэй байгаа юмшиг санагддаг.

Шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай. Үүний хэд нь УИХ-ын гишүүн билээ. Давхар алба хашиж байгаа хүмүүс сайдынхаа ажлыг хийгээд УИХ-ын гишүүнийхээ үүргийг умартаад байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. УИХ чадамжаа алдаж байгаа учир Засгийн газар хүчирхэгжээд байгаа байхгүй юу. Тиймээс Ардын намынхны илэрхийлээд байгаа байр суурь үнэн болж хувираад байгаа юм.

-“Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг хамгаална гэдгээ УИХ-ын гишүүн Г.Уянга илэрхийлсэн. Харин та ямар байр суурь баримталж байгаа вэ?

Ц.Мөнхбаярын зөв, буруу гэж ярихаасаа илүүтэй тэр үйлдлээс болж хүний амь нас эрсэдсэн бол яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэр үүднээсээ болчимгүй үйлдэл хийчихсэн юм уу гэж харж байгаа.

-Энэ удаагийн парламентад тэмцэл хийж байсан цөөнгүй хүн сонгогдсон. Тэдний нэг нь би. Бид улс төрийн янз бүрийн тэмцлийг хуулийнх нь хүрээнд л хийдэг байсан. Хуулийн байгууллагад хүргүүлсэн бичиг маань эзэндээ хүрч чадаагүйн улмаас биднийг зөвшөөрөлгүй жагсаал хийсэн гэж намайг 14 хоног баривчилж байсан удаа ч бий.

Жагсаал, цуглаан хийхийг Үндсэн хуулиар зөвшөөрсөн байдаг Монгол Улсын иргэн бүр жагсаал, цуглаан хийж үгээ хэлэх эрхтэй. Магадгүй тэдний авчирсан тэсрэх бодис нь дэлбэрсэн бол яах вэ. Энэ асуудлыг Ц.Мөнхбаярын зөв, буруу гэж ярихаасаа илүүтэй тэр үйлдлээс болж хүний амь нас эрсэдсэн бол яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэр үүднээсээ болчимгүй үйлдэл хийчихсэн юм уу гэж харж байгаа.

Тэр хүн бухимдсандаа өөр гарц олж хараагүй байж болно. Гэхдээ хэчнээн уурлаж, бухимдсан байлаа ч өөрөөсөө бусдыг бодолцох хэрэгтэй. Би хэн нэгэнд таалагдах гэж үүнийг хэлээгүй. Гарах үр дүн нь дэндүү аймар санагдаж байна. Хүний амь насанд хүртэл заналхийлэх нь өнөөдөр манайд байж болох асуудал мөн үү, үгүй юу.