2013.11.01

Ж.Сүхбаатар: Ардын нам ялж гарах бэлтгэлийг хангах ёстой

МАН-ын Бага хурал хаалттайгаар үргэлжилж байна. МАН-ын дарга М.Энхболд намын ерөнхий нарийн бичгийн даргад МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүлсэн.

Тэд ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон нөхцөлд намдаа юу хийх тухайгаа Бага хурлын гишүүддээ танилцуулсан байна.

Тухайлбал, Ж.Сүхбаатар “Цаг үе маань эрч хүчтэй тэмцэгч байх шаардлагыг бидэнд тавьж байна. Би хичээнэ, өрөөл бусдаас ингэж ажиллахыг шаардана. Мөн залуучуудаа бодлогоор бэлтгэн дэмжинэ. Нийгмийн лидерүүд эднээс төрөх учиртай. Залгамж халаагаа бэлдэж, ажил хэрэгчээр хандана.

Ажлын арга барилын хувьд хамгийн гол зүйл бол ойлголцол, нүүр тулсан уулзалт, харилцан итгэлцэл.

Эмэгтэйчүүдийн маань тухайд сая намын дүрэмд 25 хувийн квотыг тодорхой болгож өгсөн. Тиймээс Эмэгтэйчүүдээ сургах, бэлтгэх тусгайлсан арга хэмжээг авах ёстой.  Намын оршин тогтнох гол хүч чадал болсон анхан шатны байгууллагуудаа идэвхжүүлж ажиллана. Энэ зорилгоор аймаг, нийслэл, дүүрэг, хорооны намын байгууллагуудтайгаа ойрхон дүүрэн ойлголцож ажиллана. Би бүх аймаг, сумдад хүрч ажиллана.  Ажлын арга барилын хувьд хамгийн гол зүйл бол ойлголцол, нүүр тулсан уулзалт, харилцан итгэлцэл. Энэ л миний ажлын маань хандлага байх болно.

Миний нэрийг дэвшүүлсэн намын дарга М.Энхболд танд чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Миний хувьд М.Энхболд даргатай хоёр жил Ерөнхий сайдынх нь хувьд хамт ажилласан. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар нь ажилласан хугацаанд гаднаа жагсаал цуглаантай, дотор талдаа эвслийн Засгийн газар гэж эвгүйтэж болох нөхцөл байдал дунд Парламентын хүчтэй шахалт дор бид хамтдаа ажилласан.

Ажил хэргийн болон хувийн чанартай ямар нэгэн зөрчилдөөн бидний дунд гарч байгаагүй. Тэр тусмаа бид нэгдэж нягтарч гар, сэтгэл нийлж ажилласан гэж боддог. Ардын нам 2016, 2017, 2021 онуудад ялж гарах бүхий л бэлтгэлийг та бид хангах ёстой болж байна.  Үүний тулд гишүүдээ сонсдог, тэдэндээ тулгуурладаг, олон түмэндээ найрсаг ханддаг, ийм шинэ арга барил, зарчмыг нэвтрүүлж хэвшүүлж ажиллана” гэж хэлсэн байна.