2013.10.30

М.Энхболд 91.65 хувийн саналаар МАН-ын шинэ дарга боллоо

МАН-ын их хурал өчигдөр өндөрлөлөө. Өчигдрийн хурлаас МАН-ын шинэ даргыг сонгосон юм. Их хурлын 1078 төлөөлөгч нууц санал хураалтад оролцсоноос1070 саналыг хүчинтэйд тооцсон байна. Ингээд М.Энхболд 988 төлөөлөгчийн буюу 91.65 хувийн саналаар МАН-ын дарга боллоо. Харин түүнтэй өрсөлдсөн Т.Аюурсайхан 82 төлөөлөгчийн санал авсан байна. Ийнхүү М.Энхболд хоёр дахь удаагаа МАН-ын дарга болж байна.

МАН-ын XXVII их хурал төсөөлж байснаас илүү нам жимхэн болж өндөрлөсөн юм. Энэ хурлыг шүүмжлэл, маргаан дунд өрнөсөн нэлээд халуун уур амьсгалтай болно гэж байсан ч тэгсэнгүй. Гэхдээ МАН- ын гишүүд “Ө.Энхтүвшин дарга болохгүй, бүтэхгүй бүхнээ нэгэнт төлөөлөгчдийн өмнө дэлгээд тавьчихсан учраас шүүмжлээд байх шаардлагагүй” хэмээн үзжээ.

Ямартай ч эрх баригчдын сүрд дарагдсан сөрөг хүчний их хурлын сүүлчийн өдөр зохион байгуулалтын асуудал болон намын дарга сонгох, Бага хурлаа бүрдүүлэх үйл явцаар өрнөлөө. Товлосон ёсоор их хурал өчигдөр өглөө 08.00 цагт эхлэх байсан боловч намын даргад нэрээ дэвшүүлсэн УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав бурхан болсон учир өдрийн 14.00 цаг хүртэл хойшилсон юм.

М.Энхболд энэ үеэр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татах шийдвэр гаргасан боловч МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин түүнийг ятгаж намын даргын өрсөлдөөнд үлдээсэн гэнэ. Намын даргыг сонгох болон Бага хурлын гишүүдийг тодруулах хурал үдийн 14.00 цагт эхэлсэн. Намын даргын сунгаанд УИХ-ын дэд дарга М.Энхболдоос гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нар нэрээ дэвшүүлээд байв.

МАН-ын их хурлын 1078 төлөөлөгч санал өгснөөс 1070 санал хүчинтэйд тооцогдсон бөгөөд М.Энхболд 988 төлөөлөгчийн буюу 91.65 хувийн саналаар МАН-ын дарга боллоо.

Үүнээс гадна их хурлын гишүүд заалнаас зарим хүнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Тухайлбал Орхон аймгийн төлөөлөгч Ц.Одгэрэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг намын даргад нэр дэвшүүлсэн ч нэрээ татсан юм. Энэ удаагийн их хуралд оролцож буй төлөөлөгчдийн 60 орчим хувь нь 40-өөс доош насныхан байсан учраас залуу хүнийг намын даргаар дэмжих магадлал байсан.

Энэ утгаараа Ж.Энхбаяр гишүүн намын даргад өрсөлдсөн бол сонгогддоггүй юм гэхэд нэлээд хүний санал авах боломжтой байв. Гэвч тэрбээр өөрийгөө намын даргын хэмжээнд хүртлээ төлөвшөөгүй хэмжээн үзсэн бололтой. Бусдадаа зай тавьж нэрээ татлаа. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд намын даргын сунгаанд оролцохоос татгалзсан юм.

Тэрбээр “Улс төрд хүн чанар хэрэгтэй. Тиймээс би намын даргын өрсөлдөөнд орохгүй гэдгээ илэрхийлье” гэсэн. Гэхдээ түүний хувьд намын даргын сунгаанд ялж чадахгүй гэдгээ эртнээс мэдэж байсан учир идэвхгүй байсан аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болон Б.Бат-Эрдэнэ нар заалнаас нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байсан ч ийм зүйл болсонгүй.

Ийнхүү МАН-ын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар өрсөлдсөн юм. МАН-ын XXVII их хурлаас намын даргад М.Энхболдыг тодруулна гэсэн яриа байсан. Тиймээс их хурлын эхнээс л намын дарга болох магадлал түүний талд байв. Үүнээс гадна их хурлын төлөөлөгчид намын даргыг УИХ-аас сонгох хэрэгтэй гэдэгт бараг л санал нэгдээд байв.

Монгол Улс 2021 хөгжлийн зорилт, намын үйл ажиллагааны шинэчлэл гэсэн гурван баримт бичгийг шинэчлэн баталлаа.

Ийм учраас М.Энхболд хоёр дахь удаагаа намын дарга болох нь их хурлын эхнээс болон хурлын үеэр тодорхой байсан. Гэхдээ эцсийн дүн нууц санал хураалтаар шийдэгдэх учраас боломж хэнд нь ч байсан гэхэд болно.

МАН-ын их хурлын хоёр дахь өдөр намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт, Монгол Улс 2021 хөгжлийн зорилт, намын үйл ажиллагааны шинэчлэл гэсэн гурван баримт бичгийг шинэчлэн баталсан. МАН-ын дүрмийн төслийг гардан боловсруулсан нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар 100 гаруй өөрчлөлт орж байгаа гэдгийг хэлсэн.

Их хурлын үеэр намын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийн тоог цөөлөх талаар яригдаж байсан. Тухайлбал Бага хурлын гишүүдийн тоог 312- оос багасгах санал гарсан боловч төлөөлөгчдийн олонх нь ингэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 31-ээс 21 болгон цөөлөх санал дэмжигдэх магадлал өндөр байсан боловч мөн л хэвээр үлдсэн байна.