Ж.Батсуурь: Намын даргын тухайд их хурал алдаа гаргаж байсан түүхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.10.30

Ж.Батсуурь: Намын даргын тухайд их хурал алдаа гаргаж байсан түүхгүй

МАН-ын ХХVII их хурал гурван өдөр хуралдаж, тавьсан зорилтуудаа нэг хэмжээгээр биелүүлээд өндөрлөх шиг боллоо. Өчигдөр 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд шилжин хуралдагсад 17 цаг өнгөрөөгөөд завсарласан.

Хурлын завсарлагаанаар хонь хурга нийлэх мэт бужигналдах төлөөлөгч олны дунд хэн нэгэнтэй их л нухацтай ярилцаж зогссон УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна. 

-МАН-ын ээлжит их хурал үндсэндээ шувтрах дөхөж байна. Та УИХ-ын ги­шүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ удаагийн их хурал өм­нөө тавьсан зорилгоо аль хэр биелүүлсэн гэж дүгнэж байна? 

-Ямартай ч МАН-ын дүрэмд нэлээн тодорхой, ши­нэчлэлт ханхлуулсан бо­дит өөрчлөлтүүд орууллаа. Эдгээр өөрчлөлтүүд бол цаг үеийн шаардлагаар хийгдэж байгаа ажил гэж дүгнэж болно. Өнгөрсөн бүх цаг үед хуралдсан манай намын их хурлаар тухайн цаг үед нэн шаардлагатай байсан өөрчлөлтүүд хийгдсээр ирсэн.

Тэдгээр өөрчлөлтийг хийхдээ дан ганц намын эрх ашиг гэхээсээ илүүтэй улс эх орны өмнө тулгамдсан асуудлууд, түүнийг гэтлэн давах арга замыг хайх үүднээс монголын улстөрийн ууган хүчний хувьд дүрэм журмандаа өөрчлөлт, ши­нэчлэлт хийсээр ирсэн түүх­тэй.

Манай нам түүхэн цаг үе, шинэ сонголт, арга барилаа өөрчлөн сайжруулах зайлшгүй хүчин зүйлийн өмнө тулж ирээд байгаа ч зөвхөн энэ удаагийн их хурлыг шинэчлэгч хурал гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт болно. 

-Намын мөрийн хөтөл­бөрт ч гэсэн багагүй өөрч­лөлт оруулсан гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Намын мөрийн хөтөл­бөрт “Эрмэлзэх зүйл” гээд улс эх орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг бодитойгоор нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тодорхой заалт оруулсан. Тун удахгүй МАН-ын мөрийн хөтөлбөр олон нийтэд тодорхой болох учир одоо олон юм нуршаад хэрэггүй байх гэж бодож байна.

-Энэ удаагийн их хур­лаар Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогын талаар нухацтай ярилцсан гэсэн. МАН аж үйлдвэрийн аль салбарыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болгосон нь сонирхолтой байна?

-Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогыг бүр сонгуулийн өмнө боловсруулан гаргасан юм л даа. Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх тэрхүү хөгжлийн бодлогын баримт бичигт эдийн засгийн бүх салбар, ялангуяа уул уурхайн салбарын талаарх үзэл баримтлал, хөгжлийн үндсэн чиг бодлого ерөн­хийдөө тусгалаа олсон бай­гаа. 

МАН-ын дүрэмд нэлээн тодорхой, шинэчлэлт ханхлуулсан бо­дит өөрчлөлтүүд орууллаа.

2021 он гэхэд Монгол Улсын эдийн засаг ямар хэмжээнд очсон байх юм, нэг хүнд ногдох ДНБ хэ­дэн ам.долларт хүрсэн байх юм гээд бүгдийг маш тодорхой, шинжлэх ухааны үндэслэлтэй судал­гаанд тулгуурлан гарга­чихсан байгаа. Энэ хөгж­­лийн хөтөлбөрүүдийг хэрэг­­жүүлэхэд МАН-ын зү­­гээс хэрхэн анхаарч үйл ажил­лагаагаа яаж зохи­цуу­лах ёстой юм гэсэн үндсэн дээр намын дүрэм, мөрийн хөтөлбөрт зохих өөрчлөлт хийгдлээ.

-МАН-ын даргын сун­гаанд Ө.Энхтүвшин, Н.Энх­болд, Ж.Энхбаяр гээд олон хүний нэр явж байсан ч эцсийн мөчид тэдгээр нэр дэвшигчид нэрээ татаад авчихлаа. Энэ нь нөгөө л хөшигний араар өрнөдөг най­маалцал, бүлэглэл хоо­рондын тохиролцооноос боллоо гэх хүмүүс олон байна. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Энэ процессыг болох ёстой ном журмаараа л болоод өнгөрлөө гэж үзэж байна. Яагаад гэвэл Ө.Энхтүвшин даргыг заал­наас нэрийг нь дэв­шүүлсэн ч өөрөө хариуц­лагаа ухамсарлаад нэ­­­­­рээ татаж авлаа. Ер нь улс­төрийн сон­гуульд намаа муу удирдсан удирд­лагууд хариуцлагаа хүлээх л ёс­­той юм.

УИХ, Орон ну­таг, Ерөнхийлөгчийн сон­­­­гуульд намаа ялагдал хү­лээлгэсэн буруугаа хүлээж улстөрийн соёлоо харуулсан Ө.Энхтүвшин дарга маань тулхтай, ноён нуруутай улстөрчийн зангарга ха­руул­лаа гэж би дүгнэж бай­на.

УИХ дахь МАН-ын Бүл­гийн дарга Н.Энхболд, гишүүн Ж.Энхбаяр нар то­дорхой шалтгааны улмаас нэрээ татсан нь тодорхой. Хамгийн гол нь МАН-ын нэр хүнд сэвтсэн энэ эгзэгтэй цаг үед 230-аад мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдалгүй намаа нэр төртэй удирдаад явах зангарга, ноён нуруутай удирдагч л намд хэрэгтэй байна шүү дээ.