Ж.Сүхбаатар: МАН ямар ч тохиолдолд урагшаа харж ажиллах ёстой
МАН-ын XXVII Их хурал өнгөрөгч ням гаригаас эхлэн Соёлын төв өргөөнд хуралдаж байна. Уг хурлыг шинэчлэлийн хэмээн нийгэм даяараа ач холбогдол өгч, үр дүнг нь хүлээж байна. Намын удирдлагад нэр дэвшиж буй МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас хурлын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
-Намын их хурлаар шинэчлэлийн асуудал түлхүү яригдана гэсэн хүлээлт байгаа. Тиймээс энэ талаар ямар ажлууд яригдаж байна вэ?
-МАН тулхтай улс төрийн хүчний хувьд бусадтай сөргөлдөх биш тогтвортой байдлын төлөө байна. Тэгэхдээ үндэсний зөвшилцлийн арга замаар үндэсний хөгжлийг түргэтгэх арга хэмжээг авах боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө асуудал гэвэл намын мөрийн хөтөлбөр, үзэл бодолтой холбоотой асуудал байгаа.
Энэ удаагийн хурлаар бид намын нэр, үзэл баримтлалтайгаа зууралдаад байх биш, үзэл баримтлалын асуудалд зарим тодотголыг хийж байна. Мөн нэг чухал зүйл бол намын бодит үйл ажиллагааны шинэчлэлд яаж хандах вэ гэдэг асуудал.
Ерөөсөө МАН ойрын жилүүдэд иргэний хяналтыг хэрэгжүүлэгч сөрөг хүчний хувьд, намынхаа хувьд урагшаа харсан бүтээлч бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Намд байгаа болж бүтэхгүй зүйлийг гаргаж засаж залруулах үүднээс урагшаа гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд нэлээн олон асуудлууд багтаж байгаа.
-Намын ЕНБД-д өрсөлдөж байгаагийн хувьд илтгэл тавьсан. Төлөөлөгчид хэр хүлээж авав?
-Миний хувьд өчигдөр намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн салбар хуралдаан дээр ажлын хэсгийн ахлагчийн хувьд дүрмийн нэмэлт, өөрчлөлт хийх төслөө танилцуулсан. 94 багц санал бүхий 106 санал зарчмын болон дагалдах найруулгын шинжтэй засварыг танилцуулсан. Салбар хуралдаанд бараг намын Их хурлын төлөөлөгчдийн тал нь оролцсон. Нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан.
Түүнийхээ хэрээр олон хүн үг хэлж, олон төлөөлөгч саналаа хэлсэн. Ингээд 30 орчим саналыг нэмж оруулсан. Тухайлбал гадаадад байгаа намын гишүүд дэмжигчид намаа дэмжих зорилгоор үүсгэл санаачилгын байгууллагыг бага хурлаас баталсан журмын дагуу байгуулж ажиллаж гадаадад байгаа намын гишүүдийн төлөөллийг намын Их, бага хуралд төлөөлөгчөөр оруулж болох тухай саналууд тусгагдлаа.
-Төлөөлөгчдийн зүгээс ямар санал, шүүмжийг илүү оруулсан бэ?
-Мэдээж санал шүүмжлэлүүд гарсан. Тухайлбал намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх тухай болон санхүүжилтийн механизмд анхаарах, ялангуяа сахилга бат, хариуцлагатай холбоотой асуудлыг нэлээн ярилцлаа. Дүрмээсээ болж ялагдаагүй, дүрмээсээ болж хариуцлага тооцож байгаа юм биш. Хамгийн гол нь хүсэл зориг, итгэл зүтгэл байх хэрэгтэй.
Энэ чиглэлээр бид тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байна. Түүнчлэн шат шатны сонгуультнуудын үйл ажиллагаа юм. Хамгийн чухал нь МАН өөрийн үйл ажиллагаандаа хэрхэн дүгнэлт хийж байгаа вэ гэдэг асуудал. Дүгнэлт гэдэг нь ганц нэг илтгэл, танилцуулгаар хязгаарлагдахгүй. Харин нам эргэн тойрондоо байгаа зүйлийг хэлэлцэн шийддэг байх ёстой.
МАН ойрын жилүүдэд иргэний хяналтыг хэрэгжүүлэгч сөрөг хүчний хувьд, намынхаа хувьд урагшаа харсан бүтээлч бодлого явуулах нь зүйтэй.
Тиймээс жил бүр үйл ажиллагааныхаа тухай хэлэлцүүлэг хийж түүнийгээ бодлогын шийд болгож танилцуулдаг байх ёстой. Мөн гишүүн төвтэй нам байя гэсэн санал гарч байна. Ингэхийн тулд гишүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийж асуудлыг шийддэг байх тухай яригдаж байна. Намын дүрэмд маш их маргаан дагуулсан хэдий ч нэг чухал санал орсон.
Тэр нь бүх шатны сонгуульд намын гишүүдийн анхан шатны хэлэлцүүлгийн дүнг өөрчлөхгүйгээр сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай санал дэмжигдсэн. МАН ганцхан тохиолдолд арагшаа харах ёстой. Тэр нь алдаанаасаа суралцах. Түүнээс биш зөвхөн урагшаа харж ажиллах ёстой. Энэ удаагийн Их хуралд оролцож байгаа гишүүд маань урьд өмнөх хуралдаанаас илүү маш их зүтгэл гаргаж байна.
Гишүүнээ гэсэн нам, намаа гэсэн гишүүн байх ёстой гэдэг асуудлыг манай төлөөлөгчид гаргаж тавьж байна. Энэ маш зөв. Өнөөдөр энэ холбоос суларчихсан байна. Тиймээс намын үйл ажиллагааны сурталчилгааны хэвлэлийг айл бүрт хүргэх, мөн сонгуультан бүр намын гишүүн айл бүрт ордог байх талаар намын дүрэмд тусгаж өгсөн.