Ж.Эрдэнэбат: Намын зарим гишүүн дэд даргатай болох санал гаргасан
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.24

Ж.Эрдэнэбат: Намын зарим гишүүн дэд даргатай болох санал гаргасан

МАН-ын XXVII Их хурал энэ сарын 27-нд болно. Их хурлаар  намын дүрмээс эхлээд бүтэц зохион байгуулалтаа өөрчлөхөөр төлөвлөж буй. Энэ тухай УИХ-ын гишүүн,  МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Танай “Шинэчилье” хөдөлгөөн нь МАН-ын өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө байгуулагдсан. Одоо та бүхний хичээл, зүтгэлийн үр дүнгээр МАН-ын Их хурал болж байх шиг?

-“Шинэчилье” хөдөлгөөнд намын өөрчлөлт, шинэчлэлийн төлөөх зориг зүрхтэй олон холбоо нэгдсэн. Түүнээс “Шинэчилье” хөдөлгөөн гэхээр л шууд Ж.Эрдэнэбат гэж харж болохгүй. Надаас гадна олон сайхан залуу  шинэчлэлийн төлөө явж ирлээ. Хөдөлгөөн маань байгуулагдсан цагаасаа эхлэн намын удирдлагуудад санал хүсэлт, байр сууриа тодорхой хэмжээнд илэрхийлсэн.

Түүнээс гадна өмнө нь намын удирдлагаар ажиллаж байсан гишүүн болоод  жирийн гишүүд, дэмжигчид гээд МАН-тай холбоотой бүх хүнтэй санал бодлоо солилцоод нэг л зүйлд санал нэгдсэн. Намд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай юм байна гэж. 

Энэ ч утгаараа МАН-ын XXVII Их хурлыг “Шинэчлэл, эв нэгдлийн хурал”  гэсэн нэртэйгээр хийх гэж байна. Энэ бол эхний том зорилго биелж байна гэсэн үг. Дараагийнх нь юу гэхээр Их хурлаар юу өөрчлөх, юуг шинэчлэх ёстой гэдэг дээрээ холбогдох хүмүүстэйгээ ярилцсан. Намынхаа гишүүд, дэмжигчдээс санал бодлыг нь сонслоо.

Намын дүрэм, бүтэц, үйл ажиллагаандаа ямар өөрчлөлт хийхийг тогтоох ажлын хэсэг хүртэл байгуулсан. Ажлын хэсгийнхэн ч  өөрсдийнхөө санал бодлыг боловсруулан намынхаа гишүүд, дэмжигчдээр хэлэлцүүлсэн байгаа. Хэлэлцүүлэг Их хурал болтол үргэлжилнэ.

Цаашдаа хэлэлцүүлгээс гарсан дүн болоод өөр байгууллагаас ирж байгаа санаа оноог нэгтгээд эцсийн шийдвэрээ их хурал дээр хэлнэ. Яах вэ, ажлын хэсгийнхний дунд санал зөрөлдөөнтэй байгаа зүйлүүд бий. Гэвч асуудлыг олонхийн зарчмаар ярилцаад эцсийн шийдвэрээ намын их хуралд танилцуулна.

-Ажлын хэсгийнхэн намын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах ямар санал гаргаж байгаа бол?

-Одоо байгаа дүрэмд МАН нь дарга, ерөнхий нарийн бичгийн даргатай байна. Ерөнхий нарийн бичгийн дарга нь удирдах зөвлөлөө авч явдаг байлаа. Тэгвэл үүнд өөрчлөлт оруулах санал их гарч байна.

Юу гэхээр намын даргад удирдах зөвлөлөө удирдан зохион байгуулах нөхцөл бололцоогоор нь хангая гэсэн санаа.  Өөрчлөлтийн өөр гол санаа юу гэхээр хүний шинэчлэл гэхээс илүү намын үйл ажиллагааны шинэчлэлийг түлхүү хийх ёстой гэсэн санал юм.

-Өнөөдөр МАН-ын дарга болох чадалтай, дэмжигчтэй, фракцтай хэд, хэдэн хүний нэр дуулдаж байна. Хөдөлгөөний зүгээс дэмжсэн, санал болгох хүн бий юү?

-Манай нэгдсэн хөдөлгөөний зүгээс хэзээ ч “Тэр сайн, тэр муу” гэж үзэл бодлоо илэрхийлэхгүй. Анхнаасаа тийм байсан. Угаасаа бид намын даргыг сольж оронд нь  өөрийнхөө хүнийг тавих гэж яваагүй. Зөвхөн үйл ажиллагааны өөрчлөлт, нэр хүндээ эргүүлэн сэргээх ямар боломж бололцоо байна вэ гэдгийг эрэлхийлсэн.

Тэгээд ч намын дарга сонгох эрх нь зөвхөн Их хурлын төлөөлөгч нарт л бий. Тэр төлөөлөгч нарын урдуур бид орж “Энэ хүн байвал зүгээр байх” гэж хувь хүмүүсийн хооронд харьцуулаад үнэлэлт дүгнэлт өгөөд байх нь илүүц юм. Гарах ёстой шийдвэрийг цаг хугацаанд нь гаргах ёстой хүмүүс нь гаргах ёстой. Бид гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшилд нөлөөлөх оролдлого хийхгүй.

-МАН-ын зарим гишүүн дэд даргатай болох санал гаргасан гэх юм. Энэ нь өөрчлөлт гэхээс илүү нэгэндээ албан тушаал хуваарилах алхам уу?

-Бүтцийн шинэчлэлтэй холбоотой гарсан санал. Үүнийг албан тушаал хуваарилах гэж ойлгож болохгүй. Яах вэ, намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаас гадна дэд даргатай байя гэдгийг зарим хүн ярьж байгаа. Гэхдээ санал гарлаа гээд үүнийг дүрэмдээ шууд тусгах нь, МАН дэд даргатай болох нь гэж ойлгох нь учир дутагдалтай.

МАН-ын XXVII Их хурлыг “Шинэчлэл, эв нэгдлийн хурал”  гэсэн нэртэйгээр хийх гэж байна.

Яагаад гэвэл янз бүрийн санал гарч байгаа нь олон ургальч үзэл гарч байгаагийн илрэл. Зарим нь одоогийн бүтцээрээ байх ёстой гэсэн бол үлдсэн хэсэг нь дэд даргатай болъё гэж ярьж байна.

Энэ бүхнийг шууд утгаар нь тусгаж авч болохгүй. Эцсийн  шийдвэрийг гаргах эрх бүхий хүн нь намын Их хурлын төлөөлөгчид. Тэд л шийдвэр гаргана. Өнөөдөр хэн, юу ч гэж ярьж болно. Ямар ч хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно.

-“Шинэчилье” хөдөлгөөн нь гарч ирсэн шигээ хүчтэй байж чадсангүй гэх шүүмжлэл бий. Магадгүй хэн нэгний замыг засав уу гэж хардах хүн ч байна?

-Хүчтэй байна гэдгийг хувь хүн яаж ойлгож байгаагаас шалтгаална. Хүчтэй гэхээр ямар ч үр дүнгүй жагсаал цуглаан хийгээд, ширээ нүдэж,  орилж хашгираад байхыг хэлэх үү.  Эсвэл намынхаа эв нэгдлийн төлөө, намын өөрчлөлт шинэчлэлийн төлөө гишүүд, дэмжигчдээсээ санал бодлыг нь сонсч бүх талын хэлэлцүүлэг өрнүүлэхийг хэлэх үү. Хүчтэй гэдгийг шууд утгаар нь жагсаал гэж ойлгож болохгүй.

-Танай намд нэгэн цагт байсан, намын шинэчлэлийн талаар байр сууриа хүчтэй илэрхийлж явсан Ц.Даваасүрэн ги­шүүн “Залуу үе дот­роосоо улс төрийн хат сууж, туршлагажиж яваа нь Ж.Сүхбаатар, С.Бям­бацогт, Ж.Эрдэнэбат нар. Тэдний хэн нэг нь  намын дарга болоход буруудахгүй” гэсэн байна лээ. Та  намын даргад нэр дэвших юм биш биз?

-Хөдөлгөөний гишүүд  маань анхнаасаа албан тушаалд очих гэж яваагүй. Одоо ч гэсэн энэ байр сууриндаа хатуу зогсч байна.