“Намынхаа эсрэг ажилласан гишүүдэд хариуцлага тооцох тухай дүрэмдээ тусгасан”
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.24

“Намынхаа эсрэг ажилласан гишүүдэд хариуцлага тооцох тухай дүрэмдээ тусгасан”

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай удахгүй хуралдах Ардын намын их хурал болон намынх нь шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Ардын намын их хурал ирэх ням гарагт болно. Ардын намын дарга болон генсект нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ. Нэр дэвшигчдийг та хэрхэн харж байна вэ?

-Намын их хурлаар намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонголтууд болно. Олон нийтийн харж байгаа гол зүйл нь энэ том намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэн байх вэ гэдэг байгаа болов уу.

Нэр дэвшиж буй хүмүүс ч гэсэн том улс төрийн хүчнийг удирдаад үзчих юмсан гэсэн бодолтой байгаа байх гэж бодож байна. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэл ихэнхдээ таамаг төдий байгаа байх. Зарим хүн “би нэр дэвшинэ” гэдгээ зарлачихсан ч байх шиг байна.

Гэхдээ эцсийн шийдвэрийг их хурлын төлөөлөгчид л гаргана шүү дээ. Түүний наана тэр дарга болох ёстой, дарга болбол зүгээр, чадна, чадахгүй гэдгийг Эрдэнэбат хувь хүнийхээ зүгээс ярих нь чухал биш.

Хамгийн гол нь Ардын намыг цааш нь удирдан жолоодох ажлын дадлага туршлагатай, улс төрийн ажилд оролцож байсан ийм хүн л намын удирдлагад сонгогдоосой гэж бодож байгаа юм. Түүнээс биш улс төрийн удирдах бүрэлдэхүүнд оролцож яваагүй тохиолдолд энэ том намыг удирдана гэдэг хэцүү л дээ.

-Удирдах зөвлөлд байгаа хүмүүсээсээ намын даргад сонгох нь намын шинэчлэл болж чадахгүй гэх хүмүүс бий. Та үүнтэй санал нэг байна уу?

-Нэг хүнийг нөгөөгөөр нь сольсныг шинэчлэл гэж хэлэхгүй л дээ. Аливаа асуудлыг өөрчлөлт шинэчлэлтэй холбон ойлгох нь өрөөсгөл. Шинэчлэлийг маш олон хэлбэрээр ярих ёстой. Энэ чиглэлээр ярихын тулд манай намын удирдлагууд бэлтгэл ажлаа хангаж байна.

Ажлын хэсгийг байгуулж, дүрэмдээ ямар өөрчлөлт оруулах ёстой вэ, үйл ажиллагаагаа хэрхэн өөрчлөх үү, бүтэц нь ямар байх вэ гэдгийг ярилцаж байна. Мөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Энэ бол шинэчлэл. Хамгийн чухал нь. Харин хүн солих шинэчлэлийн чухал хэсэг биш.

Яах вэ, нэг хэсэг нь мөн үү гэвэл тийм. Миний хувийн бодол шүү. Монгол Ардын нам 90 гаруй жилийн түүхтэй. Улс төрийн ууган хүчин. Тэгэхээр энэ намд одоо, ахмад, ирээдүй гурван үеийн хэлхээс байнга оршин тогтнож байх ёстой юм. Нэгийг нөгөөгөөс нь салгах нь утгагүй.

Тиймээс өмнө нь энэ намыг удирдаж байсан бүх хүн хэрэггүй гээд шинэ хүнээр удирдана гэвэл үнэнийг хэлэхэд чадахгүй. Уламжлал, түүх, соёл гэж байна шүү дээ. Ардын намын түүх улс орны хөгжилтэй ч холбоотой. Иймд энэ бүгдээс нь салгаж, шинэ хүнээр удирдуулна гэдгийг манай намын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй. Ийм зүйл ч байж таарахгүй.

-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн намдаа салхи оруулж, шинэчлэх шаардлага байгаа гэх үндэслэлээ гаргасан. Энэ асуудлыг Ардын намын Бага хурлын өмнө тавьж байсан. Та бүхний тавьсан шаардлага хэр үр дүнд хүрсэн гэж бодож байгаа вэ?

-Ардын намын төлөө дуу хоолой нэгтгэсэн 10 гаруй байгууллага нэгдэж, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулсан. Үүнээс Шинэчлэлийн хороо салсан. Миний хувьд энэ салалтыг буруутгахгүй байгаа.

Учир нь энэ намын төлөө хэдэн талаас нь дуугарч, аливаа асуудалд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, нухацтай хандах нь үр дүнд хүрэх болов уу гэж бодож байгаа юм. Бидэнтэй нэгдэхгүйгээр салж дуу хоолойгоо илэрхийлэх шийдвэрийг удирдлагууд нь гаргасан юм билээ.

-Шинэчлэлийн хороог байгуулсан залуус хэтэрхий улстөржиж асуудалд хандаад байгаа гэж үзэх хүн бий. Яагаад гэвэл тус хорооны зохицуулагч Ардын намын даргад нэр дэвшихээ өнөөдөр (өчигдөр) зарлачихлаа. Үүнээс нь харахад намаа шинэчлэх тухай бус, өөрсдөө албан тушаал горьдсон юм биш үү?

-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний залуучуудын хувьд анхнаасаа албан тушалын хойноос хөөцөлдөж гүйхгүй, намаа шинэчлэхийн төлөө ажиллана гэдгээ хэлсэн. Цаашдаа ч энэ байр суурин дээрээ байгаа.

-Ардын нам дүрэмдээ нэлээд хэдэн өөрчлөлтийг оруулах тухай ярьж байна. Тухайлбал намын дэд даргатай болох асуудал хөндөгдөөд байгаа?

-Олон хүн намынхаа шинэчлэлийн төлөө сэтгэл зовниж ярьж байгаа. Энэ утгаараа өөрсдийнхөө үзэл бодол, саналыг хуваалцаж байна. Намын дэд даргатай болох, дүрэмдээ өөрчлөлт оруулах, бүтцийн хувьд ч өөрчлөлт оруулъя гэдгээ ярилцсан.

Өнөөдрийн хувьд Ардын нам сөрөг хүчин болсон. Иймээс үүнд уялдуулах шаардлага бий ч нөгөөтэйгүүр Ардын нам дараа дараагийн сонгуульд ялах боломжтой хувилбар, удирдлагыг сонгож чадвал өмнөө тавьсан зорилгоо биелүүлнэ гэсэн үг.

-Дүрмийн тухайд ямар өөрчлөлт оруулах ярилцаж байгаа вэ?

-Намын дүрэмд хэд хэдэн төрлийн өөрчлөлтийг хийхээр ярьж байна. Тухайлбал, манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нь Удирдах зөвлөлөө ахалдаг байсан бол үүнийг өөрчилье гэж байгаа. Үүнээс гадна нэлээд хэдэн зүйлийг өөрчлөхөөр ярьж, хэлэлцэж байна даа.

-Удирдах зөвлөлийн гишүүдэд ч мөн хариуцлага тооцох ёстой гэх юм. Тэгэхээр бүх гишүүдээ өөрчлөх үү, аль эсвэл тодорхой хүнийг өөрчлөх үү?

-Зарим хүн Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон бол эргэж сонгогдох нөхцөлгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм. Энэ бол үндсэндээ утгагүй шаардлага. Ийм зүйл ярьж байгаа хүмүүст хандаж “Өнөөдөргүй маргааш, өчигдөргүй өнөөдөр байдаггүй” гэж хэлмээр байна.

Улс төрийн намын эрх ашгийн төлөө бус өөрийн эрх ашгийн төлөө ажиллах нь утгагүй.

Аливаа зүйлийг шинэчилнэ гээд бүгдийг нь орвонгоор нь өөрчилнө гэдэг нь буруу. Наад зах нь намын дадлага туршлагатай улстөрчөө яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Манай намд боловсон хүчин их байдаг гэдгээрээ шинэ хүмүүсийг сонгож болно гэж бодох нэгэн бий байх. Гэсэн хэдий ч залгамж халаа үе уламжлал гэж байгаа шүү дээ.

Үүнийг яах юм бэ гэсэн асуудал үүснэ. Мөн Удирдах зөвлөлд ажиллаж буй хүмүүстэй хариуцлага тооцохдоо зөв зүйл ярьж байгаа хүмүүсийг авч үлдэж болно. Удирдах зөвлөлийн бүх хүнээс болж намыг шинэчлэх шаардлагатай болсон уу гэвэл үгүй байхгүй юу. Тийм учраас намд байх ёстой улстөрч байх л ёстой.

-Ардын намд шинэ удирдлага бүрэлдэхүүн гарч ирсний дараа өөрчлөх ёстой гээд буруутгах хүмүүс гарч ирэхгүй гэх баталгаа байхгүй болов уу?

-Энэ бол амьд организмын хувьд байдаг л зүйл. Өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаж л байвал амьд байна л гэсэн үг шүү дээ. Манай намын түүхэнд маш олон хүн өөрчлөлт, шинэчлэлийг ярьж байсан. Бид өөрчлөлт шинэчлэлийг ярьж гарч ирсэн. Бидний дараа ч тийм хүмүүс гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Ардын намын нэр хүндийг унагаж авлигын хэрэгт холбогдсон, мөн сонгуулиар намынхаа эсрэг дуугарсан гишүүдэд хариуцлага тооцох тухай хэр ярьж байна вэ. Дүрэмдээ тусгасан уу?

-Намын дүрэмд тусгахаар ярьж байна. Улс төрийн намын эрх ашгийн төлөө бус өөрийн эрх ашгийн төлөө ажиллах нь утгагүй л дээ. Хувь хүнийхээ амбицийг дарахгүй байж, намынхаа нэр хүндийг унагаж болохгүй. Иймээс ийм хүнд хариуцлага тооцох тухай намын дүрэмд өөрчлөлт оруулахаар байгаа юм.

-Намынхаа Удирдах зөвлөл, дүрэмдээ өөрчлөлт оруулахаар Ардын нам бүрэн утгаараа шинэчлэгдэж чадах уу?

-Санал зөрөлдөж байгаа зүйл бий. Гэхдээ Эрдэнэбат гэдэг хүн өөрийнхөө үзэл бодлыг тулгаад байж болохгүй. Өөрийнхөө бодож байгаа зүйлийг их хурлаараа хэлэлцүүлнэ. Хэрэв намайг буруу бодож байна гэж их хурлын гишүүд үзвэл би олонхио л дагана.