Ц.Даваасүрэн: Удирдах бүрэлдэхүүнд нь Ц.Нямдорж үлдвэл шинэчлэгдээгүй гэсэн үг
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.10.23

Ц.Даваасүрэн: Удирдах бүрэлдэхүүнд нь Ц.Нямдорж үлдвэл шинэчлэгдээгүй гэсэн үг

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ярьж байна. Түүнийг МАН-ын экс гишүүний хувьд удахгүй болох тус намын ээлжит Их Хурлын талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.

-Та одоо нам бус ч гэлээ МАН-ын гишүүн байсны хувьд удахгүй болох тус намын Их хурал таны анхааралд байгаа болов уу?

-Өнгөрсөн зууны тусгаар Монголын түүхийг бүтээсэн 90 жилийн түүхтэй том улс төрийн хүчнийг албан тушаалын донтнууд сөхрүүлчих вий гэсэн болгоомжлол төрж байна. Бидний хэлж байсан зүйл буруу байсан бол би юу ч дуугарахгүй.

Зөв байсан нь амьдрал дээр батлагдсан учраас үгээ хэлэх эрх надад үлдсэн байх. Нэрийг нь өөрчилж, хагалж бутаргалаа. Намаа хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх арга зам болголоо. Одоо болоо юм биш үү.

Ийм байдал цаашид үргэлжилбэл амьдралд бус түүхийн хуудсанд л үлдэх аюул бий. Энэ бол улс оронд хохиролтой зүйл. Би тэр талаас нь л анхаарч байна. Улс төрийн ийм том нэгдлийг бий болгож, төлөвшүүлнэ гэдэг маш их цаг хугацаа зарцуулж, хүнд замыг туулж байж бүтээдэг ажил.

-Шинэчлэлийн түүхэн Их хурал болох тухай МАН-ын удирдлагууд ярьсаар байна. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үеэс шинэчлэлийн салхи үлээж эхэлсэн болов уу. Шинэчлэх нөөц, хүч, чадавхи энэ намд бий.Шинэчлэгдэх эсэх нь намын Их хуралдаа сонгогдсон төлөөлөгчдөөс хамаарна. Уг нь тэд намаа шинэчилье гэсэн чин сэтгэл өвөрлөж ирэх юм бол шинэчлэгдэж чадна.

Хэрэв энэ өндөр хариуцлагаа ухамсарлахгүй, нэг, хоёр хүнийг бодон намын олноо төлөөлөх үүргээ умартаж, хоёр, гурав хоногийг сайхан өнгөрүүлэх сэтгэлийн хөөрөлд хөтлөгдвөл буцахын цагт бүх юм талаар өнгөрнө дөө. Одоогийн явж байгаа өрнөлийг хараад шинэчлэгдэх нь юу л бол гэж бодогдож байна.

Өмнөх хэд хэдэн сонгуульд намаа ялагдалд хүргэсэн удирдах зөвлөлийн хэдхэн хүн дотор эргэлдээд байвал яагаад ч олон түмний итгэлийг хүлээсэн шинэчлэл хийгдэхгүй. Энэ чинь олон нийтийн тавьсан дүнг, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн нэг илрэл юм. 

Олон нийт харж, ойлгож  л байгаа шүү дээ. Дараагийн сонгуульд намын удирдлагад байж байгаад намын нэрийн ард УИХ-д сонгогдох юмсан гэсэн туйлын зорилго тэр хүмүүст байгаа болохоос биш намаа балалчих вий дээ гэсэн болгоомжлол, бодол огт байхгүй.

-Тэгээд хэн энэ намыг баллаад байна вэ. Тодорхой хэлээч?

-Энэ намыг бөхөөр бол улсын цолтой, нутгаасаа гарч барилдах зүрхгүй, улсад давахаа байсан атлаа нутгийнхаа гайгүй барилдчих шинэ залуучуудыг хуйвалдаж дарахдаа гаршсан өвгөрч яваа хэдэн бөх л бууриа тавьж өгөхгүй баллаад байгаа харагдах юм.

Тиймээс, албан тушаалд донтож, шуналтсан хэдхэн нөхөд дотроо эргэлдээд байвал сайн бөх ч төрөхгүй, улсад ч түрүү авахгүй. Олон нийтийг мэдэрч, сонсохгүй бол дараагийн ялагдал л угтана. Олон түмний энэхүү том нэгдлийг хэдхэн хүний хувийн амбицаар дуусгачихвал харамсалтай л юм.

Сайхан бичиг баримт боловсруулаад, сайн хүмүүсээ дэвшүүлээд л ялчихдаг цаг улиран өнгөрч, ард түмэн сонгуулиас сонгуульд ухаарч хэрсүүжиж байна. Олны итгэл хүлээсэн манлайлах бүрэлдэхүүн, ажил хэрэгч үйл ажиллагааг л олон нийт хүлээж байна.

-Ялагдлын шалтгааныг одоог хүртэл ярьсаар л байна. Их хурлаар ч ярих юм гэсэн. Та МАН ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй бол дараагийн сонгуульд ч ялагдана гэж хэллээ. Таны бодлоор ялагдлын шалтгаан юу байсан бол?

-Ялагдлын үндсэн шалтгаан бол 2008 оны сонгуулийн үр дүн, олон түмний итгэлийг даахгүй, бид ганцаараа дийлэхгүй ээ гээд цөөнхөө хүлээн зөвшөөрч хамтарсан Засгийн газар байгуулсан явдал юм. Энэ бол ард түмний олон арван жилийн итгэлийг алдсан явдал болсон.  Тэгээд ч болоогүй ард түмний голоогүй нэрийг өөрсдөө голоод сольчихсон нь ялагдлыг бүр урьдчилан баталгаажуулаад өгчихсөн.

Залуу үе дотроосоо бол улс төрийн хат сууж, туршлагажиж яваа нь Ж.Сүхбаатар, С.Бямбацогт хоёр юм.

Мөн тэдэнд гол зорилгынхоо төлөө нэгдэх соёл, ухаан дутсан. Тодруулбал, намын шинэчлэлийн төлөө дуугарсан бидний хэсэг нөхдийг хажиглаж хөөхийн оронд ялалтад хүрэхийн төлөө ашиглаж, хамтрах хэрэгтэй байсан болов уу. Биднийг дэмжиж байгаа олон түмний дэмжлэг намд хэрэгтэй л байсан.

МАН-ын авсан суудал дээр МАХН, биднийг нэмэхээр олонхийн суудал авахаар байгаа биз. Энэ бол “Та бүхэн алджээ” гэдгийн хангалттай нотолгоо. Нэр дэвшүүлэхдээ ч алдсан. Жишээ нь, манай Х.Болорчулуун гишүүнийг дэвшүүлээгүй л нам даа.

Түүнчлэн сонгуулийн хуулийг УИХ дахь олонх байж өөрсдөдөө ашигтай хийж чадалгүй,нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийж өмнө нь ялалт байгуулсан мажоритар тогтолцоогоо өөрчилсөн гэх мэт олон алдааг нэр­лэж болно. Ер нь намын зарим удирдлагын нэр хүнд олон түмний дунд дэндүү доошоо орчихсон байсан нь их сөрөг нөлөөлөл үзүүлсэн дээ.

Сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадаагүйдээ тэднээс хүлцэл өчиж, дахин алдахгүй гэж андгай өргөх хэрэгтэй байсан болов уу. Солонгосын сонгуульд ялагдсан намыг харъя л даа.

Сонгуулийн маргааш ард түмнийхээ өмнө гарч, итгэлийг дааж ажиллаагүйнхээ төлөө уучлал гуйн мэхийн ёсолж, дараагийн үедээ итгэл өгөхийг уриалж байраа тавьж өгч байна. Энэ бол улс төрийн том соёл шүү. Алдаа бол амьдралд байдаг зүйл, харин түүнийгээ хэрхэн ухаарч, засаж байна вэ гэдгээрээ ирээдүйн хувь заяагаа тодорхойлж байдаг.

-Энэ намыг лидерийн дутагдалд орсон гэж гишүүд нь ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү. Намын даргын сунгаанд Энхболдууд болон Б.Бат-Эрдэнэ гишүүний нэр хүчтэй яригдаж байна. Ц.Нямдорж гишүүн, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нарын нэр ч явж байх шиг. Таны бодлоор олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн намын дарга хэн байх бол?

-Олон түмний итгэл хүлээх талаас нь харвал, мэдээж хэрэг топ 10 улстөрч дунд жагсаж байгаа 500 мянга гаруй хүний санал, капитал цуглуулсан нь их аварга л даа. Жаахан хувь нэмэхэд л хүсээд байдаг тэр ялалтад нь ойртоно. Залуу үе дотроосоо бол улс төрийн хат сууж, туршлагажиж яваа нь Ж.Сүхбаатар, С.Бямбацогт хоёр юм.

Ц.Нямдоржийн хувьд намын дарга яригдах бүрт өөрийнхөө нэрийг гаргадаг нь ёс төдий зүйл биш тогтсон араншин.

Цаашдаа хандлага, байр сууриа зөв илэрхийлээд явбал  араас нь Сэлэнгийн Ж.Эрдэнэбат нэхэж явна. Энхболдуудын хувьд намын ялагдлын алдаа, бурууг хуваалцах ёстой.  Алдаатай шийдвэрүүдийг  гар өргөж дэмжсэн бол хариуцлагаа хүлээх ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр нь дээрээ тулсан бол Миеэ нь зангарга, туршлагаараа хавьгүй илүү биз дээ.

Нөгөө нөхөр нь бол С.Баярыг амилуулаад намаа дахин самруулчихна. Ц.Нямдоржийн хувьд намын дарга яригдах бүрт өөрийнхөө нэрийг гаргадаг нь ёс төдий зүйл биш тогтсон араншин. Ер нь намын Их хурлын дараа нам нь шинэчлэгдсэн үгүйг удирдах бүрэлдэхүүнд нь Ц.Нямдорж байгаа эсэхээр тодорхойлж болно. Тэр цохиж явбал шинэчлэгдээгүй л гэсэн үг дээ.

-Тэгвэл МАН-ын шинэ дарга ямар хүн байвал зохимжтой вэ?

-Ер нь олон түмнийг итгэлийг хүлээж, араасаа дагуулсан лидер л намаа чирдэг нь жам юм.

-Одоогийн удирдлага нь сонгуульд ялагдсаны дараа сонгогдсон байдаг. Тэднийг заавал өөрчлөх ёстой юу?

-Өнөөгийн намаа сөхрүүлж яваа хэд дотроо эргэлдвэл намаа гэх сэтгэлээрээ одоогийн дарга Ө.Энхтүвшин нь хавьгүй илүү дээр. Тиймдээ ч Б.Бат-Эрдэнэд Ерөнхийлөгчид нэр дэвших боломж олгосон болов уу.

-Мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж том албан тушаал бий. Одоогоор дөрвөн хүний нэр яригдаж байна. Хэн нь сөрөг хүчний генсект тохирох бэ?

-Энэ дөрөв дотроос уу. Мэдээж туршлага, чадвараараа Ж.Сүхбаатар. Сөрөг хүчний генсек бол ямар нэг буруу зүйлд ороогдож, ам үдүүлчихгүй, өөрийн гэсэн байр суурьтай, түүнийгээ зөв илэрхийлчихдэг, тэмцэх чадвартай хүн байх хэрэгтэй болов уу. 

-Намаа шинэчилье гэсэн хэсэг залуус гарч ирээд хөдөлгөөн байгуулсан. Ер нь МАН-ын ээлжит Их хурлын өмнө ийм үзэгдэл болдгийг та сайн мэдэх байх. Үнэхээр шинэчлэгчид мөн үү, хэн нэгний явуулга байсан уу?

-Тэд шинэчлэх ёстой цагт нь хаана байсан билээ гэдгээ буцаад санах хэрэгтэй байх аа. Галт тэрэг хөдлөөд ялалтын зогсоолдоо хүрчихсэн байхад араас нь хашгирах чинь оройтсон хэрэг. Харин намаа сульдсан үед нь далимдуулж, өшиглөх нь олигтой хүний үйлдэл биш. Бусдад сайхан сэтгэгдэл лав төрүүлэхгүй.

Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг биз дээ. МАН-ын дарга асан Даш-Ёндон гуай харин сайн хариу өгсөн байна билээ. Энэ нам бол ангаахай, дэгдээхэйн үүр биш гэж. Энэ намын өнөөгийн улс төрийн үйл явдлыг харахад улс төрд  хувь хүний ноён нуруу, жудаг их чухал үүрэгтэй гэдэг нь харагддаг.

-Дарга нараа өөрчилснөөр шинэчлэл бүрэн төгс бий болохгүй гэдэг. Тэгвэл Ардын намыг яаж өөрчилбөл шинэчлэгдэх ёстой юм бэ. Үйл ажиллагаа нь уу, үзэл баримтлал, бодлого нь уу?

-Тийм шүү. Аль алийг нь багтаасан байх ёстой. Жишээ нь, дарга нар дотроо л эргэлдсэн бодлого тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулах бус олон түмэн, гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог хангасан шийдвэр гаргадаг болох хэрэгтэй.

Мөн нам доторх цөөнхөө сонсож, хүндэтгэлтэй ханддаг соёл дутагдаж байна. УИХ дээр цөөнхөө сонссонгүй гэж шүүмжилж байхын оронд эхлээд өөрсдөө нам дотроо энэ соёлыг нэвтрүүлбэл үнэмшилтэй сонсогдоно.

-Хэрэв та МАН дотор байсан бол юу хийх байсан бэ, ямархуу тоглогч байх бол. Учир нь Ардын намтай холбоотой үйл явцын талаар та дуугүй суудаггүй шүү дээ. Энэ утгаараа “намдаа байсан бол” гэх харамсал танд төрдөг юм шиг ажиглагддаг?

-Одоогийн энэ дур эзнээ голохгүй өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа, бие даагаад нэр дэвшчих массгүй хүмүүсийн дэргэд бол дээгүүр л тоглох байсан байх шүү. Тэгж ч айж манийгаа улайран зайлуулсан биз. Харамслын хувьд бол нам ялах боломж байсан даа, хувиа бодсон юмнуудаас л болж дээ гэж бодогддог л юм.

-Тэгвэл УИХ-ын сонгуулийн өмнө намаасаа хөөгдсөн нь зөв байж гэж бодогддог уу?

-Сонирхолтой л асуулт байна. Энэ чинь миний хийсэн сонголт биш л дээ. МАХН-д орсон гэж гүжирдээд л далим гарган зайлуулсан. Одоо би аль ч намын харъяалалгүй байгаа биз дээ.

-Нөгөө талаас нь асууя. Нэгэнт намаасаа гарчихсан юм чинь Ардын намын амьдрал танд хамаагүй юм биш үү?

-Энэ намыг өнөөдрийн байгаа байдлаар, удирдлагад нь байгаа хэдхэн хүнээр төсөөлж болохгүй. МАН гэдэг бол Монголын ард түмний бүтээл. Тэгээд ч шинэчлэх гэж зүтгэж явсан хүний хувьд одоо “шинэчилнэ” гэж байхад нь үгээ хэлэхэд юу нь буруу байх вэ. Би дарга нарт нь итгэдэггүй, намайг дэмжиж байсан жирийн гишүүд, дэмжигчдэд нь бол хүндэтгэлтэй ханддаг.

-Одоо гаднаас та ингэж яриад тус намын шинэчлэлд хувь нэмрээ оруулах боломжтой гэж үү?

-Бидний энэ ярилцлага чинь шинэчлэлд нь оролцоо болох юм биш үү. Би чинь яг одоо төрд суугаа олон түмний төлөөлөл бие даагчийн статустай болсон нам бус хүн.

Өнгөрсөн зууны тусгаар Монголын түүхийг бүтээсэн 90 жилийн түүхтэй том улс төрийн хүчнийг албан тушаалын донтнууд сөхрүүлчих вий гэсэн болгоомжлол төрж байна.

Улс орноо зөв жолоод, намаа шинэчил гэж дуугарсны төлөө намын удирдлагуудад хавчигдаж явахад намдаа сэтгэлтэй нэг хэсэг, улс орон, газар шороогоо гэсэн нэг хэсэг нам харгалзахгүй дэмжин тусалж, итгэл өгөн намайг төлөөллөөрөө УИХ-д сонгосон.

Тэдэн дунд нийгмийн бүх төлөөлөл байгаа. Та бүхнийг намчирхахгүй, хоёргүй сэтгэлээр төлөөлнө гээд амалчихсан хүн шүү дээ би. Түүндээ хүрэх ёс суртахууны үүргээ биелүүлэх учиртай.

Тиймээс энэ нам бол Монголын ард түмний бүхэл бүтэн зуун жилийн бүтээл гэж түүний нийгмийн ач холбогдол талаас нь хандахаас өөр боломжоор хязгаарлагдмал юм. Би хэзээ ч олон түмний эрх ашгийг намын болоод хувийн эрх ашгаас дээгүүр тавихгүй.

-Та хуучин намынхан­тайгаа хэр холбоотой байдаг вэ. Тухайлбал, лидерүүдтэй нь санал бодол солилцдог уу?

-Улс төрийн хувьд бол үгүй. Харин ажил, амьдрал дээр хувь хүмүүсийн хувьд уулзаж, хөөрөлдөх, аяны дөрөө нийлэх зүйл байлгүй дээ.

-МАН их мөнгөтэй. Шинэ удирдлагуудын хувьд санхүүгээ хэрхэн босгож 2016 оны сонгуульд оролцох вэ гэдэг том асуу­дал­­тай тулах болов уу. Энэ нам өмнө нь төсвөө яаж босгодог байсан юм бэ. Танд ойрхон сэдэв бо­ло­­хоор асууж байгаа юм?

-Энэ чинь харин хол сэдэв байна. Сайн мэдэхгүй юм. Миний ойлгосноор, 2012 оны сонгуулийн өмнө баахан дэд сайдыг санхүүжилттэй холбож тавьсан даа.

Албан тушаал, эрх мэдэлтэй уяж санхүүжилт босгохоор эргээд түүндээ баригддаг юм шиг. Тиймээс одоогийн УИХ дээр энэ зарчмаас татгалзах чиглэлээр Намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт хийх ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа.

-Бие даагч гишүүд аль ч намын талд ярих боломжтой мэт харагддаг. Та өнөөдөр сөрөг хүчин, хуучин намынхаа тухай ярьж байгаа ч олонхитой хамтарч ажилладаг. Мөн бие даагч гишүүд төлөөний хүнээ зарим газар, агентлагт томилуулсан, тухайлбал, ИНЕГ-т мэргэжлийн бус хүн очсоныг тантай холбон хардсаар байна. Энэ тухай юу хэлэх вэ?

-Хардаж болох ч харин гүтгэж болохгүй. Эхлээд Татвар, гаалийн дэд даргаар дүүгээ тавилаа л гэсэн. Үнэнд гүйцэгдээд худал болоод ирэхээр таг болсон. Одоо ИНЕГ-ын даргаар өөрийн хүнээ тавьсан гэсэн ээлжит гүтгэлгээ эхэлсэн үү.

Хэрэв надтай ах дүү, нутаг ус, найз нөхдийн ямар нэг холбоотой, сонирхлын зөрчилтэй хүн энэ яригдаад байгаа албан тушаалуудад тавигдсан бол би ёс суртахууны хариуцлага хүлээе гэж ам бардам дахин хэлэх байна. УИХ-ын Ёс зүйн хороонд өгч албан ёсоор асуудалд хандах хэрэгтэй.

Харин гүтгээд байвал нэг өдөр шүүх дээр тайлбар хийх асуудал зарим хүнд дахин гарах байх шүү. Өөр шигээ л хүнийг төсөөлөх юм. Би эхнэрээ төрийн хариуцлагатай албан тушаалд, хүүхдүүдээ Америкт дипломат албанд томилуулж, балайрч суух хүн биш.