Ж.Сүхбаатар: Хариуцлагаар нь ротаци хийдэг болох шаардлагатай
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай тус намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-Их хурлын бэлтгэл хангагдаж байна уу?
-МАН-ын бага хурлаас МАН-ын 27 дугаар их хурлыг товлон зарласан. Намын дүрэмд өөрчлөлт оруулах, МАН-ын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намын дарга, бүтцийг өөрчлөх зэрэг намын ажил амьдралын томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх онцгой эрх намын их хуралд бий. Намын дотоод амьдралтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна улс орны хөгжлийн баримт бичгийг хэлэлцэн батална.
Намын их хурлын төлөөлөгчийг сонгох ажил аравдугаар сарын 1-нээс эхэлсэн, 1880 үүр, 330 сум, багаас ирсэн дүн мэдээг нэгтгэж байна. Намын их хурлын төлөөлөгчийг сонгохоос эхлэн намын мөрийн хөтөлбөрийн төсөл, хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулах ажил ид өрнөж байна. Намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдийн өргөтгөсөн хурал удахгүй боллоо. Ингээд удирдах зөвлөлд оруулан нэгдсэн томъёолол оруулан намын их хурлаар хэлэлцүүлнэ дээ.
-Намын дүрмийн өөрчлөлт юу болж байна. Юу нь болохгүй болоод, юуг нь өөрчлөх гээд байгаа юм бэ?
-Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнгээр манай нам цөөнх болж, намын бодлого хөтөлбөрөө шууд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Бидний хувьд улс төрийн шинэ сорилт бүхий нөхцөл байдал тулгарсан. Үүнтэй холбогдуулан МАН нь зохион байгуулалтын зарчим болсон дүрэмдээ нэмэлт засвар хийхээр болсон юм. Ялагдлаас хойш жил зургаан сарын хугацаанд өөрсдийгөө толинд харж, сайн муугаа ярилцлаа.
Ингээд онцлог нөхцөл байдалдаа тохируулан удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ гэдэгт санал нэгдсэн. Намын удирдах зөвлөл, хяналтын хороо гэсэн бүрэлдэхүүний тоог цөөлж, хариуцлага хүлээх чадамж, ажил гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх зэрэг өөрчлөлт оруулахаар болж байна. Сөрөг хүчин байх үед ерөнхий нарийн бичгийн дарга биш намын дарга нь намын удирдах зөвлөлийг удирддаг байх зэрэг ч багтсан.
Мөн намын бага хурлын 314 гишүүний тоог цөөлөх, хариуцлагаар нь ротаци хийдэг болох шаардлагатай талаар тусгаж байна. Жишээ нь, зарим бага хурлын гишүүд хураамжаа төлдөггүй, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцдоггүй. Намын үйл ажиллагаанд манлайлан оролцох гол хүч бол бага хурлын гишүүд учраас ингэж байгаа юм. Харьяалагдаж буй аймаг нийслэлийн намынхаа хороонд жил болгон тайлангаа тавьдаг болох, хороо нь шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татах саналыг Удирдах зөвлөл, хяналтын ерөнхий хороонд гаргах гэх мэт механизмаар ажиллаж байж шуурхай, зохих ёсны гүйцэтгэл гарч ирнэ.
Ерөнхийд нь сахилга, хяналтыг хүчтэй болгох зорилго тавьж байгаа. Хамгийн гол зүйл бол намын эв нэгдэл, хүчин чадалтай байлгахын тулд сахилга бат, дүрмийн дагуу л ажилладаг болох. Гэхдээ бид дүрмээсээ ч болж ялагдсан нам биш л дээ.
-Намын санхүүжилтийн асуудал дээр нэлээд гар хүрч байгаа гэх юм?
МАН-ын дүрмийн ажлын хэсэг хуралдаж байна. 2013.08.13
-Нам дэргэдээ сан байгуулахаар төлөвлөсөн. Тэр сангийн шугамаар сургалт судалгааны болоод нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ажлыг намын дэргэдэх иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран явуулдаг болох юм. Мөн намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх үүднээс намын гишүүдийн татварыг зөвхөн намын анхан шатны үүр, хороодыг санхүүжүүлэхэд 100 хувь зарцуулдаг байхаар болж байна.
Одоогийн дүрмээр бол 30 гаруй хувийн намын дээд шатны байгууллагыг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа. Намын удирдах зөвлөлийн дэргэд Санхүүжилтийн хороо байгуулан байнгын хөрөнгө босгох, хандив санхүү цуглуулах, мэргэжил арга зүйгээр хангадаг байх зүйтэй гэж үзсэн.
Одоо бол аппаратын төсвийн нэг дагуул хэсэг төдий байгаагаас ил тод бус, хяналт тайлагнал нь ойлгомжгүй байгаа. Мөн намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэг гол хөшүүрэг нь мэдээллийн харилцан солилцоог хүчтэй болгох. Үүний тулд намын төв хэвлэлийг ашиглах хэрэгтэй байна. Сар тутам, эсвэл улирал тутамд тусгай дугаар гарах намын хэвлэлийг намын гишүүдэд хүргэх тогтолцоо бий болгоно.
Ингээд намын сонгуульт 7000 гаруй гишүүд бүгд намын хэвлэлээ заавал захиалдаг байх, бусад гишүүд нь сайн дурын үндсэн дээр захиалдаг болохоор ярьж байна. Ийм мэдээллийн сүлжээг бий болгосноор намын гишүүдийг мэдээлэлжүүлж, хүчирхэгжүүлэх шинэчлэлийн механизм болж буй юм.
-Удирдлагын бүтцэд гарч буй өөрчлөлтийг тодотгооч?
-МАН-ыг иргэний нийгэм, олон түмэнтэйгээ сайн хамтран ажиллаж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Үүнийг шийдэхийн тулд намын бага хурлыг жил тутам улс орны, нийгэм эдийн засгийн амьдралтай холбоотой асуудлуудаар тусгайлсан чуулга уулзалтыг хийхээр ярилцаж байна. Аймаг нийслэлийн намын хороо жил бүр аймаг нийслэлийнхээ хэмжээний асуудлаар хэлэлцүүлэг хийдэг болно.
Нам дотоод асуудлаас гадна иргэдийн эрх ашигтай холбоотой ямар асуудал, байр суурь, үзэл бодол байгааг ярьдаг дэвшилтэт улс төрийн хүчин болох ёстой. Түүнчлэн намын дэргэдэх байнгын хороодоо бусад орны жишигт нийцүүлэн бодлогын хороо болгох өөрчлөлт ч яригдаж байна. Жишээлбэл, үндэсний хөгжлийн бодлогын хороо, залуучууд гэр бүл, эрүүл мэндийн хороо, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, нийгмийн хамгаалал хөдөлмөр эрхлэлтийн хороо зэргээр тусгайлан ажиллана.
Авлигын эсрэг хуулийн засаглалын бодлогын хороо нь л гэхэд намын авлигын асуудал намынхаа хүний нөөцтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргах зэргээр ажиллана. Энэ бүхнийг нь томоор харвал намын удирдах зөвлөлийг бодлого үйлдвэрлэдэг уураг тархи байдлаар ажиллуулна гэсэн үг. Мөн онцолбол, намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн зөвлөхийн танхимыг намын даргын дэргэд байгуулна.
Энэ нь тодорхой нөхцөл байдал үүсэхэд улс төрийн бодлогын талаар зөвлөлддөг байнгын бус бүтэц бөгөөд бодлого үйл ажиллагааны залгамж чанарыг хангахад их чухал нөлөөтэй. Ийнхүү нийт 80 гаруй нэмэлт өөрчлөлтийг төсөлд тусгаад хэлэлцүүлж байна. Үүн дээр дахин нэмэх зүйлүүд ч гарсаар байна.
-Амьдрал мэдэхгүй хүүхдүүд, аав ээжийнхээ мөнгөөр намын өндөр албан тушаалд гэнэтийн байдлаар очдог тал бий. Үүнийг дүрмээрээ хаасан зүйл байгаа юм уу?
-Хүний нөөцийн бодлого журмыг тусгайлан батлах ёстой. Дүрэмд яг одоогоор хоёр санал явж байгаа. Нэгд, бодлогодоо бүгдийг тусгах, эсвэл тусгайлсан журам гаргах гэсэн саналууд байна. Яг энэ асуудал дээр намын залуус өөрсдөө шаардлага шалгуурыг тодорхой болгох ёстой гэсэн саналыг ирүүлээд байгаа. Ажлын хэсэг маань намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой. Дүрмийн үндсэн бүтцийг эвдэхгүйгээр нэмэлт өөрчлөлт хийх ёстой гэсэн үг.
Гэхдээ улс төрийн албан тушаалтанд улс төрийн шалгуур шаардлага тавихаас биш төрийн байгууллагад байдаг шиг мэргэжлийн болоод тусгай шалгуур тавина гэхээр хэцүү болоод байна. Гол нь ёс зүйн болоод улс төрийн шаардлага тавигдана гэсэн үг. Ажлын хэсэгт тодорхой саналууд ч ирж байна. Жишээ нь, “намын гишүүнээр элсээд арваас доошгүй жил болсон хүн ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх ёстой” гэх мэт саналыг хэлж болох юм.
Бидний хувьд дүрэмдээ тусгаад байгаа зүйл гэвэл, хяналтын байгууллагын гишүүнд тавих шаардлагыг тодорхой болгочихсон. Ер нь албан тушаалд гэнэтийн байдлаар биш бодлоготойгоор шат өгсдөг системтэй болох ёстой гэдэгт ажлын хэсэг болоод удирдлагууд санал нэгдэж байгаа.
-Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн гарах хүлээлт байх шиг байна. Намын хөрөнгийн асуудал, гишүүнчлэлээс татгалзах асуудал яригдах болов уу?
-Сая Японы Либерал ардчилсан намынхантай уулзаад ирлээ. Тэр намын байр нь битгий хэл газар нь тус намын өмч юм байна. Тэр өмчийг хариуцсан компанийнх нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь намынх нь дарга байна гээд заачихсан хууль ч байна. Намыг өмч хөрөнгөтэй, гишүүнчлэлтэй байхыг үгүйсгэж арай болохгүй байх. Гол асуудал нь намын гишүүнчлэлдээ ч байгаа юм биш. Аливаа намын улс оронд гүйцэтгэх үүргийг нь авч үзэх ёстой.
Жишээ нь сум, баг, хороо, дүүрэгт нам ямар байх ёстой юм бэ. Өнгөрсөн оны улс төрийн сонгуулийн өмнө хууль гаргахад хэлж л байсан. Орон нутгийн анхан шатанд иргэд өөрсдөөсөө нэр дэвших ёстой болохоос биш намууд пропорциональ системээр орж ирээд, намын гар хөлийг сум, баг, хороонд суулгачхаж болохгүй л байсан юм.
Гишүүнчлэлтэй байх эсэх тухай ярих биш, энэ гар хөлийг сулруулж чөлөөлөх тухай ярих ёстой. Нам бол улс орны, бүс нутгийн хэмжээний бодлого явуулдаг л хүчин байх ёстой. Нам нь төрийн системээс салангид, 100 хувь санхүүжих боломжгүй байгаа ийм үед нам нь өмч хөрөнгөгүй байж боломгүй зүйл л дээ.
-Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад тавигдах шаардлага дээр нэмэгдсэн зүйл бий юу. Их хурлаас гарах шийдвэрээс энэ асуудлыг л хамгийн анхааралтай ажиглаж байна?
- Намын даргыг бүх гишүүдийн хурлаас сонгодог болох санал гарч л байна. Гэхдээ намын их хурлын онцгой бүрэн эрхэд намын даргыг сонгох эрх заагдсан байгаа. Ер нь улс төрийн шалгуур, шаардлага л яригдана. Өнөөдөр төрд буй улс төрийн албан тушаалтнуудад ч заавал дээд боловсролтой байх зэрэг шаардлага тавигддаггүй, улс төрийнхөө шаардлагаар явагддаг.
Их хурлаар л удирдлагын хүн ямар шаардлага хангасан байх тухай ярьцгаах болно. Намын залуучуудын байгууллагаас намыг удирдах хүнд намд элссэн хугацаа нь тэдэн жил байх, төрийн ажлын дадлага туршлагатай байх, өөр намын гишүүнчлэлгүй байх зэрэг шаардлага тавих нь зөв гэсэн санал гаргаж байгаа.
-Та хэллээ, дүрмээсээ болж ялагдаагүй гэж. Тэгвэл юунаас болж МАН нам ялагдсан юм бэ?
-Сонгуульд ялагдахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Бид юунаас болж ялагдсан бэ гэдгээ ярилцаж байна. Намын даргын улс төрийн илтгэл ч үүнд хариулт өгөх байх. Намын даргын өмнө гаргасан ил захидалд дурдсанаар боловсон хүчний бодлого, удирдлагын ажлын арга барил, сонгуулийн үеийн ажлын зохион байгуулалт, нам олон нийтийн хооронд зай үүссэн тухай тухай нь онцолсон байсан.
Би хувьдаа ялагдлын ерөнхий шалтгааныг нам олон түмний хэлхээ холбоо суларсантай холбож ойлгож байна. Төв удирдлагаас энгийн гишүүд, дэмжигчидтэй харилцах холбоо алдагдсан. Ер нь олон жил засгийн эрхийг барьсан намд нийгмийн зүгээс ирэх шүүмжлэл тасардаггүй, эрх мэдлийн ялзрал дагалдаж байдаг зэрэг нөхцлүүд ч нөлөөлсөн байх. Иймд бид алдаагаа засч, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шийдвэр гаргадаг тэр арга барилд суралцах л хэрэгтэй.
-МАН-ын “хөгжлийн хөтөлбөр 2021” гээд л яриад байна. Энэ чинь Ардчилсан намын 2020 хөтөлбөр дээр нэг жил нэмээд “хусчихсан” санаа гэцгээж байна?
-Бид ард түмний хөгжлийн хөтөлбөрийг 1931 он хүртэл хөгжүүлэх санал гаргасан шүү дээ. Ардчилсан намыг дагаж хийсэн юм биш. Намын маань зуун жилийн ой 2021 онд болно. Тиймээс бид амбицтай зорилт тавьж байгаа. Гэхдээ хол зорилт тавиагүй.
Иймд МАН нь улс төрийн томоохон нам болохынхоо хувьд, улс орны тэргүүлэгч хүчнийхээ хувьд амбицтай зорилт тавьж байгаа юм. Бид ялагдалтайгаа зууралдаад байвал урагшлахгүй.