Ж.Мөнхжаргал: Намд сэтгэлгээний, дарга нарт арга барилын өөрчлөлт хэрэгтэй байна
МАН-ын XXVII их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон улстөр судлаач Ж.Мөнхжаргал
2013.10.14

Ж.Мөнхжаргал: Намд сэтгэлгээний, дарга нарт арга барилын өөрчлөлт хэрэгтэй байна

Монгол Ардын намын XXVII их хурал, намын шинэчлэлийн талаар чих тавьж буй энэ цаг үед залуучуудын төлөөлөл болгож МАН-ын XXVII  их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон  улстөр судлаач Ж.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Улстөрийн нам анх хэзээ үүсэв, нийгэм олон нийтийн зүгээс ямар дэмжлэг авч байв. Мөн орчин үеийн улстөрийн намуудын чиг хандлагын талаар яриагаа эхлэх үү?

-Орчин үеийн улстөрийн намын дүр төрх, төлөвшилтийн асуудал богино боловч мөн чанар нь эртнээс улбаатай. Эртний сэтгэгчдийн үзэл санаанд ч улстөрийн намын талаар туссан нь бий. Үндсэндээ XIX зууны сүүлчээр олон түмний намууд /социол демократ/ Баруун Европын ихэнх оронд төлөвшсөн байдаг. Анхны олон түмний нам бол 1861 онд Англид байгуулагдсан либераль нам гэж үздэг.

Анхны намуудыг хаа сайгүй л нийгмийн хямрал, хагарлын эх үүсвэр гэж үзэж, гоочилдог байсан. Энэ нь төр ард түмэн хоёрын дунд нам зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буйг таашаадаггүй байсантай холбоотой. Д.Вашингтон Америкийн ард түмэнд хандсан илгээлтдээ хүртэл Улстөрийн намын талаар сайнаар дурсаагүй байдаг.

Орчин үеийн улстөрийн нам 100 гаруй жилийн түүхэндээ олон нийтийн санаа бодолд нэр хүнд, эрх зүйн статус олж авахын тулд маш их бартаа саадыг туулсан. Одоо ч улстөрийн намуудын өмнө тулгамдаж буй олон асуудал байсаар л байна. Тухайлбал намын системийн хэв маяг, зохион байгуулалтын загвар, гишүүнчлэлийн шинэ механизм, намын бодлогын хөгжилт, гишүүдийн оролцоо, жендэр, намын коммуникацийн хөгжил, дотоод ардчилал, удирдлагын арга барил зэргийг нэрлэж болно.

-Манай улстөрийн намуудын төлөвшил, таны хэлснээр дотоод ардчилал ямар түвшинд байна вэ?

-1921 онд Монголд анхны улстөрийн нам үүсгэн байгуулагдсан түүхтэй. 1990 он хүртэл нэг намын тогтолцоотой социалист орон байсан бол үүнээс хойш олон намын тогтолцоо бүрэлдэн бий болжээ. Олон намын тогтолцоонд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд 26 нам байгуулагдаж, ес нь татан буугдаж, одоо 17 нам бүртгэлтэй байна. Гэвч эдгээр олон намаас орчин үеийн улстөрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн.

Улстөрийн намын дотоод ардчиллын индекс манай намуудын хувьд “муу, дунд” гэсэн дүнтэй байгаа. Хойшид энэ асуудал дээр МАН онцгой анхаарах ёстой гэж боддог. Нэг намын тогтолцоотой байх үед намын дотоод ардчиллыг үнэнч, дуулгавартай байх, намын бүх л арга хэмжээнд оролцох зэргээр ойлгож байсан бол одоо бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрхийг намын жирийн гишүүдэд олгох, залуучуудын оролцоо, цөөн хэдэн хүн шийдвэр гаргадаг бюрократ бүтцээ халах, эмэгтэйчүүдийн квотыг нэмэх, санхүүгийн ил тод байдал,  намын дарга, удирдлага чөлөөт өрсөлдөөнөөр сонгогдох боломжтой байх, мөн шинэчлэл өөрчлөлтийг эрэлхийлсэн улстөрийн клуб, жигүүр намд байх нь дотоод ардчилалд онцгой ач холбогдолтой.

-Намуудын хувьд залуучуудтай ажиллах арга барил тун тааруу харагддаг. Тэр тусмаа МАН-ыг эмээ өвөөгийн нам боллоо гэх нь бий?

-Нийгэм маань хурдтай өөрчлөгдөж байна. Амьдрал, цаг үе юу шаардаж байна, тэр шаардлагад нийцүүлж өөрч­лөх зүйлээ өөрчилж, өөд нь та­тах юмаа өөд нь татаж, орхих зүйлээ орхих л хэрэгтэй болов уу. Саяхан гар утас гэдэг ойлголт бидний хэрэглээнд байхгүй л байсан. Одоо бараг хүн бүр гар утастай боллоо. “Nokia 3210” барихыг чи хүсэхгүй биз дээ.

Бүгд л смарт утастай болохыг мөрөөдөж байгаа, түүнийгээ ч авч байна. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл нийгэм, технологийн хөгжлийг дагаад залуучуудын хүсэл, мөрөөдөл өөрчлөгдөж байна. Түүнд нь тааруулж арга барилаа өөрчлөх шаардлага байна уу даа гэж хардаг. Залуус руу нэг эмээг ухуулагчаар явуулах уу, эсвэл хаягласан захиа илгээх үү. Фэйсбүүк, Твиттерээр харилцах уу. Тэгэхээр намууд залуучуудтай ажиллах арга барилдаа өөрчлөлт гаргах ёстой. МАН-ыг дэмждэг олон мянган залуус бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Өвөө, эмээгийн хувьд Ардчилсан нам ч өвөө, эмээтэй болсон.

-Та яагаад МАН-ыг сонгох болов?

-92 жилийн түүхтэй МАН Монгол Улсыг удирдахдаа алдаанаасаа илүү

Ардын хувьсгалыг өдөөж асаасан тал нутгийн монголчууд нь Монгол Ардын Нам хэмээх улс төрийн бүлэглэлийг 1918-1919 оны заагт Хүрээнд байгуулж сэтгэл нэгдэж, зорилго тодорхой болж “цусан тангараг”-ыг бурханы мэлмийн өмнө өргөж эх монголынхоо төлөө тэмцэж эхэлсэн.

оноо нь их байгаа учраас, улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан түүхэн гавьяатай учраас, НҮБ-ын гишүүн болж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн болохоор сонгосон. Хэрвээ тэр эгзэгтэй үед урд, хойд хөршийнхөө аль нэг рүү нь хэлбийчихсэн бол одоо юуных нь ардчлал, эрх чөлөө байдаг юм бэ. Тэгэхээр эх орон оршин байхын үндэс нь тусгаар тогтнол.

-Гишүүнээр хэзээ элсэв. Энэ намын төлөө ажилласан түүх ер нь танд байгаа юу?

-Анх 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 18 настай 10 дугаар ангийн хүүхэд байхдаа сурагчдын зөвлөлийн шугамаар Н.Багабанди нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцсон тэр үеэс л энэ намын нэр дэвшигчийн төлөө ажилласан байдаг. 2004 онд Хэнтий аймагт Д.Арвин гишүүний менежер,  2008, 2012 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт Ц.Дашдорж гишүүний менежерээр ажиллаж ялалт байгуулсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Number one” хөдөлгөөний зохицуулагч, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн багт ажилласан даа. Намд 2009 онд элссэн.

-Намаасаа илүү нэр дэвшигчийнх нэр хүнд манайд өндөр байх нь түгээмэл. Мөн сонгуулийн бүх л системийг туршиж байх шиг байна. Хойшид энэ янзаараа явах болов уу?

-Улстөрчид намын рейтингээс илүү өөрийн рейтингийг өсгөх гэж олон жил зүтгэлээ. Үүнд тогтолцооны алдаа бас бий. Бид сонгуулийг мажоритар системээр олон жил явуулсан. Энэ нь олон түмэнд намаас илүү хувь хүнийг сайн таниулдаг онцлогтой.

Сонгогдохын тулд намаасаа илүү өөрөө манлайлагч байх ёстойг нэр дэвшигчдэд олгодог учраас лидер дагасан намуудын хэв маяг манайд бий болсон. Сүүлийн 2012 оны УИХ-ын сонгууль анх удаа пропорциональ системийг хамт оруулж ирлээ. Намын нэрээр жагсаж, автоматаар 28 УИХ-ын гишүүн төрлөө. Пропорциональ систем бол нам өөрөө нэр хүнд өндөртэй байхыг шаарддаг. Гэм нь огт мэдэхгүй, танихгүй нөхөр дунд нь цохиж яваад гишүүн болчих боломжтой. Намууд үүнийг дэмжих хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр жагсаалтаар орж ирэх тоо буухгүй л болов уу. Уг нь буух нь залууст ашигтай.

-Ер нь баруун, зүүн гэж үзэл суртлаараа биш, бодлогоороо өрсөлддөг нам л хэрэгтэй байна?

-Ирээдүйд намууд мөнгө амлаж биш, бодлого ярьж өрсөлддөг болох ёстой. Мөнгө хавтгайруулж тараагаад хөгжсөн орон алга байна. Манай намууд улстөрийн үзэл суртлын хувьд баруун, зүүнээрээ ялгарах гэж оролддогч бүгд л амлалт өгөөд, нийгмийн халамжийн асуудал яриад явдаг. Зүүний чиг баримжаатай намуудын тоо өрнөдийн улсуудад өсч байна. Ер нь баруун, зүүн гэж үзэл суртлаараа биш бодлогоороо өрсөлддөг нам л хэрэгтэй. Одоогийн эрх баригчид бодит байдлаас хол тасархай сайхан зүйл ярьж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан ч гэх шиг галзуу солиотой юм ярьж, олон түмнийг доромжилж болохгүй. Бодит байдал тодорхой харуулаад өгч байна шүү дээ. Манай улс үйлдвэрлэгч биш импортлогч орон учраас гаднаас шууд хараат. Гадаад валют нь өсчихөөр дагаад бүх юмны үнэ өсчихөж байгаа юм. Иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Ингэхээр ядуурал улам газар авна. Хүн шиг амьдрах асуудал мөрөөдөл болж, үндсэндээ эрх баригчдын явуулж байгаа улстөрийн бодлого алдаатай байна л гэсэн үг.

-Дараалсан олон ялагдлын үндсэн шалтгааныг улстөр судлаач хүний хувьд яг юу гэж үзэж байна вэ. Намын нэр солих нь алдаа байсан, нөгөө хэсэг нь солихгүйгээр бүр явахгүй байсан ч гэдэг?

-Нам нэрээ солих нь ирээдүйд зөв байсан байж болох ч цаг хугацааны хувьд алдсан болов уу. Ер нь өрнөдийн улстөрийн намуудыг ажиглаж байхад ялсан нам биш, ялагдсан нам нэрээ солих хандлагатай байна. 2008 онд бол нам бүх түвшинд ялсан. Мөн МАН болоод удаагүй байхад МАХН гэдэг өмнөх нэрээ алдчихсан нь том алдаа болсон. “МАН-ын удирдлагууд бид уугуул нэрээ сэргээлээ”, “МАХН бол шинэ нам шүү, бид хуучин нь” гэж нийгэмд ойлгуулсан нь шинэ зүйлийг хүсч байсан залууст огт таалагдаагүй.

Энгээд угшил нэгтэй нам хоёр салаад сонгуульд оролцохоор санал хуваагдах магадлал өсөөд явчихдаг юм. Энэ ч ёсоор болж олон тойрогт

Зүүн гар талаас МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба

МАХН гай тарьсан нь бодит үнэн. Ер нь нэрээ сольсноос хойш ахиц дэвшил гарсангүй. XXVI их хурын үр дүн тодорхойгүй болоод явчихлаа. Одоо ч гэсэн нам яагаад нэрээ сольсон /уугуул нэрээ сэргээсэн/ бэ гэдгийг жирийн сонгогчид огт мэдэхгүй л яваа. Ийм учраас сольсон гээд хэлчих ганц өгүүлбэр цээжлүүлсэн юм уу.

Гишүүдийн оролцоо сул, удирдлагын арга барил хуучинсаг, төвлөрсөн удирдлагын тогтолцоотой, сонгогчдын улстөрийн боловсрол нимгэн, эдийн засгийн хөгжил буурай, авлигад холбогдсон зэрэг бусад хүчин зүйлс ялагдалд нөлөөлсөн байх нь ойлгомжтой. Гэхдээ ялагдал бол улстөрийн бүх л намуудад тохиолддог зүйл. Байнга ялдаг нам гэвэл Хятадын Коммунист нам л байх. Ялалт, ялагдал бол Ардчилсан системд байдаг эрүүл үзэгдэл.

-Салаад амжилт олохгүй гэдэг нь өмнөх сонгуулиудад харагдаж байна. Хоёр намын нэгдлийн талаар ямар үзэл бодолтой байна вэ?

-Төлөөлөгч бүр дотроо нэг бодолтой ирж байгаа гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд хоёр нам нэгдэх ёстой гэдэг асуудлыг хатуу баримтална. Манай үүрийн гишүүдийн хурал дээр ч олонх нь энэ талаар л ярьж байсан. 2012 оны сонгуулиар хоёр салж ороогүй бол МАН УИХ-д 40-өөс доошгүй суудал авчих бүрэн бололцоотой байж гэдэг судалгаа хийгээд сууж байна. 

2016 онд олонх болох нь чухал юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн ааш авир нь чухал юм уу. Ялдаг нам болох гэж байгаа бол хоёр нам нэгдэх л хэрэгтэй. Их хурлын хэлэлцэх асуудалд үүнийг оруулж бага хуралд чиглэл өгүүлнэ. Бидний хэсэг залуус ярилцаад “Эв нэгдэл ирээдүй” бүлэг байгуулахаар болж байна.

-Хариуцлагын тогтолцоо энэ намд байдаг уу?

-Хариуцлагын асуудал шинэчилсэн намын дүрмэнд нэлээн сайн туссан байна лээ. Үүнийг их хурлын төлөөлөгчид ардчиллын олонхын зарчмаар хэлэлцэж шийдэх байх. Дүрэм журам гарах нэг хэрэг. Харин нийтээр дагаж мөрдөх нь өөр хэрэг. Хариуцлагын оновчтой тогтолцоо өмнө нь намд байсан бол энэ авлигын хэргүүд, ёс зүйн асуудлууд гарахгүй байх бүрэн боломж байсан.

Намын нэрээр өндөр албан тушаалд очоод өврөө түнтийлгээд, хэл ам татлаад яваад байсан нөхдийг зоригтой шийдвэр гаргаад, цаг тухайд нь хариуцлага тооцож чадсан бол асуудал хүндрэхгүй байв. Намынхаа шинэчлэлд санаа тавьсан Ц.Даваасүрэн гишүүнийг хөөх биш, авлига авсан нөхрийг хөөх байсан. Нам бол урт удаан хугацаанд оршин байх олон жилийн настай институци гэдгийг бүгд сайн ойлгох хэрэгтэй. Нэг хүний буруу үйлдэл намын нэр хүндийг унагаж, олон мянган жирийн гишүүдийн итгэлийг эвдэн, олон түмэнд буруу ойлголт өгдөг учраас хаа хаанаа үүн дээр онцгой анхаарах учиртай.

-МАН-ын бага хурлын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй гэсэн мэдээлэл сонсож байсан юм байна?

-Бага хурлын гишүүнийхээ татвар цөөхөн хэдэн төгрөгийг өгдөггүй хэрнээ тэрбумын асуудалтай АТГ-т шалгагдаж байгаа гишүүн байвал яах вэ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын бага хурлын гишүүдийн 60 хувь нь оролцоогүй гэдэг мэдээлэл цахим ертөнцөөр явсан. Энэ үнэн бол дэндүү хариуцлагагүй асуудал. Би нэр дэвшигчийн багт байсан учраас бас ч гэж гадарлаж л байна. Твиттерээр би ингэж жиргэж байсан.

“МАН-ыг мандаж байхад ямбалж байсан нөхдүүд сонгуульд огт харагдахгүй байна шүү! Ирээрэй та нар, ажлаа хийгээрэй” гэж бичсэн. Миний @mgl_pr хаягаар ороод шалгаж болно. Мөн маш олон дагагчтай манай намын лидерүүд болох Н.Багабанди, Сү.Батболд нар залуучуудын бичсэн зүйлийг ядаж ретвийт хийгээд өгөөгүй. Гэтэл нөгөө талд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь жиргээд байдаг. Ялгаа байгаа биз.

-Улстөрийн намыг гишүүнчлэлгүй болгож болдоггүй юм уу. Хэдэн тал болоод л хэрэлдээд байх юм. Энэ чинь л улс орныг хувааж байна шүү дээ?

-Улстөрийн нам бол итгэл үнэмшил, үзэл бодлоороо нэгдсэн, засгийн эрхийг авах зорилго бүхий улстөрийн байгууллага шүү дээ. Намын гишүүнчлэл бол нэг талаараа ард түмнийх нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөө юм. Энэ эрх чөлөө рүү хамаагүй дайрч болохгүй. Тарж бутарч биш, тал талаасаа нэгдэж байж л улс орон оршдог, хөгждөг. Сүүлийн 20 жилд МАН, АН-аас бусад улстөрийн зургаан нам л УИХ, орон нутгийн хуралд төлөөлөлтэй болж байсан. Одоохондоо гишүүнчлэлийн асуудлыг ярихад эрт байна. Албан ёсны гишүүнчлэлгүй намууд бол байдаг. Ийм нам шинээр гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

-XXVII их хурлын үр дүнг товчоор хэлбэл, ямар их хурал болоосой гэж бодож байна вэ. Нам шинэчлэгдэж чадах уу?

-Шинэчлэгдэхийг бүгд хүсч байгаа бол их хурлын төлөөлөгч сонгох журмаасаа эхлээд л ардчиллын зарчмаар, ямар ч квотгүй, бүгд нэр дэвшээд сонгогдох ёстой байсан. Их хурлын нийт төлөөлөгчдийн 10 гаруй хувь нь нэрсийн дагуу буюу дарга нар шууд орж ирж байна. Зарим аймаг, дүүргийн дарга, дэд дарга нарт жирийн гишүүд хариуцлага ярих ч байсан юм бил үү, тийм биз дээ.

Үүрийн хурал дээр мөнгө тараах, санал луйвардаж авах гэсэн оролдлого гарсаар л байна. Ер нь XXVII их хурлаар сайнаасаа илүү саарыгаа ярилцах ёстой. Энэ удаагийн их хурал бол алга ташилт гэхээсээ арга замаа ярилцах хурал. Ядаж алдаагаа илрүүлээд, засч сайжруулах зөв замаа олж чадсан хурал болоосой. Намын дүрмэндээ шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг зөв тусгасан, намын мөрийн хөтөлбөрөө цаг үедээ тааруулж шинэчлээсэй.

Дарга нарынхаа үгээр явдаг биш, гишүүд, дэмжигчдээ сонсдог нам болоосой, Хэсэг бүлэг хүмүүс шийдвэр гаргадаг биш, хамтдаа ярилцдаг, нээлттэй нам болоосой. Намын удирдлагын бүтэц нь дотогшоо чиглэсэн захиргааны биш, гадагшаа олон нийт рүү чиглэсэн болж өөрчлөгдөөсэй, нам сэтгэлгээний том өөрчлөлтийг зөв менежментээр хийгээсэй, шинэ удирдлагууд ажлын арга барилдаа өөрчлөлт гаргаасай, тархи нь зөв ажилладаг, таван үг эвлүүлээд хэлчихдэг, эдээр биш эрдмээр биеэ чимж яваа залуусаа дэмжиж, шинэчлэлийн үйл хэрэгт түлхүү оролцуулаасай гэж хүсч байна. Шинэчлэгдэн өөрчлөгдөхийг бүгд хүсч байгаа цагт л шинэчлэл ирдэг юм.