УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин
2013.09.30

Ө.Энхтүвшин: Ард түмэн манай намаас нүүр буруулаагүй

МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн зочноор МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оролцлоо.

-Танай намаас ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан. Ээлжит бус чуулган үүргээ хэрхэн биелүүлэв?

-Намын бага хурлаар улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч байна гэдэг дээр тогтож ярьсан. Тэгээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулъя. Чуулганаараа валютын ханшны чангарал, яагаад төсвийн алдагдал нэмэгдээд, орлого тасалдаад байна гэх мэт асуудлуудад хариу өгье.

Төсвийн тодотголыг ярья гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл бидний хүсэн хүлээсэн асуудлыг оруулж ирсэнгүй. Сая оруулж ирдэг хуулиуд ээлжит бус чуулганаар ярих асуудал биш.

-Хөрөнгө оруулалтын тухай, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг ямар байдлаар гараасай гэж бодож байна вэ?

-Манай бүлэг энэ хоёр хуулийг гаргах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Манай бүлгээс өгсөн саналуудыг авч, нилээн засвар хийж байгаа. Сангийн хуулийн ерөнхий үзэл баримтлал нь зөв.

Хөрөнгө оруулалтын хуулинд дотоод, гадаадын хөрөнгө оруулагч гэж ялгаварлахгүйгээр адил тэгш хандъя гэдэг дээр тогтож байна. Зөвхөн Улаанбаатар хотод хөрөнгө оруулах биш, хөдөө орон нутаг, бүс нутгууд руу хөрөнгө оруулалт хийвэл түүнийг нь дэмжинэ.

Мөн 15 тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оруулсан бол дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах гэдгийг заавал 15 гэхгүйгээр гурван тэрбумаас дээш гэдэг ч юм уу тодорхой шатлалтай, уян хатан болгож өөрчилж байгаа. Өндөр технологи ашиглах, ажлын байр бий болгох зэргийг нь урамшуулахаар орж байна.

-Найм дахь даргын үед дахиад намыг шинэчлэх тухай, их хурал хуралдах тухай ярьж байна?

-Дөрвөн жилд хоёроос доошгүй удаа их хурлыг хийхээр намын дүрэмд орсон учир их хурал хуралдах хугацаа болсон. Шинэчлэлийн тухайд 1990 онд болсон намын онц их хурлаас хойш өнөөдрийг хүртэл намын их, бага хурал бүхэн дандаа шинэчлэлийн тухай ярьсан.

Тавьсан илтгэлүүд нь ч намын шинэчлэлийн тухай, цаашдын зорилт гэсэн утгатай. Шинэчлэлийн тухай 23 жил ярьж яваа нам. Шинэчлэл гэдэг бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Зайлшгүй байх шинэчлэл бол сэтгэлгээний шинэчлэл, арга барилын шинэчлэл, бүтэц зохион байгуулалтын шинэчлэл.

-Сүүлийн гурван сонгуулиас харахад танай намд итгэл өгч, саналаа өгөх хүмүүсийн тоо хэр доошилсон бэ?

-2012 оны УИХ-ын сонгуулиас манай намын нэрээр авсан санал 31 хувь, орон нутгийн сонгуулиас 40 хувь, Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвшигчийн авсан санал 42 хувь. Тэгэхээр ямартаа ч өсөлт байгаа. Ард түмэн энэ намаас нүүр буруулаагүй.

Ард түмэн итгэж буй суурь маань хэвээрээ байгаа нь хамгийн гол зүйл. Хэдийгээр сонгогчдын өгч буй саналын хэмжээ дээшилж байгаа ч бидний хүсэн хүлээсэн үр дүнг гаргаж чадсангүй. Миний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа бага хурал дээр хэлсэн.

-Бид өнөөдөр өөрсдийнхөө байж байгаа байдалд хэр анализ, дүгнэлт хийж чадаж байна вэ?

-Эрх барьж буй хүчний тухайд би сайн мэдэхгүй байна. Бидний хувьд сүүлийн хэдэн жил энэ талаар нилээн ярьсан. Тусгайлан эрдэмтэн, судлаачид, гадаад дотоодод төгсөж ирсэн залуучуудыг том баг болгон 2031 он хүртэлх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулсан.

Нам нь төлөвшөөгүй, тунгалаг биш байвал төр нь ялгаагүй тийм л байна.

Олон түмнээр хэлэлцүүлж, намын бага хурлаар ярилцсан. Харамсалтай нь сонгуулиар олонхи болж чадаагүй учир хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж хумигдаж байна.

-Намуудын шинэчлэлийн асуудлаарх өөрийнхөө бодлыг хуваалцахгүй юу?

-Улс төрийн намуудын хууль эртнээс яригдаж байгаа ч одоогоор орж ирсэн төсөл байхгүй байна. Юуг нь өөрчилж, шинэчлэх гэж байгаа талаар мэдээлэл алга.

Цаашид намуудаа төлөвшүүлэх, бэхжүүлэх асуудал зайлшгүй. Ингэснээр сайн төр бий болно. Нам нь төлөвшөөгүй, тунгалаг биш байвал төр нь ялгаагүй тийм л байна. Тэр талаасаа орж ирвэл дэмжинэ.