Су.Батболд: Сонгуулийн хуулиудыг механикаар нэгтгэж болохгүй
УИХ-ын гишүүн Су.Батболд
2013.07.19

Су.Батболд: Сонгуулийн хуулиудыг механикаар нэгтгэж болохгүй

УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа. Тэрээр сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн юм.

-УИХ-аас Сонгуулийн нэгдсэн хууль гаргахаар ажиллаж байна. Ер нь ямар зарчимтай хууль гаргах гээд байгаа юм бэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэх яриа бол УИХ дээр нэлээд эртнээс яригдсан юм Ямар үндэслэлээр энэ яриа гарсан бэ гэхээр сонгуулийг нэг дор явуулбал ямар вэ гэдгээс эхэлсэн.  Хоёрт, УИХ, ИТХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр томъёог янз бүрээр хийсэн байна. Хугацааг бас өөр өөрөөр хийсэн байна.

Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй гэж ярьсан юм. Яагаад гэвэл энэ нь хоорондоо зөрчил үүсгэж, үл ойлголцох байдал бий болголоо гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэгдсэн хуультай болох тухай ийм яриа анх удаа гарч байгаа юм биш.

Нэлээд дээрээс л ярьдаг байсан. Харин УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хууль гаргах гэдэг нэр томъёогоор байгуулсан юм байна лээ.

-Ажлын хэсэг яг ямар зарчмаар ажиллаж байгаа вэ. Үр дүнд хүрч байна уу?

-Р.Бурмаа гишүүний ахалсан энэ ажлын хэсэгт би сүүлд нэмэгдэж орсон л доо. Ерөнхийдөө сүүлийн гурван удаагийн парламент дээр сонгуулийн хуулийг шинэчлэх асуудлыг сонгууль бүрийн дараа ярьж байгаа. Тэгэхдээ сонгуулийн хуулийг тийм амархан баталдаг юм биш.

Улс төрийн намуудын зөвшилцөл дээр үндэслэж сонгуулийн хууль баталдаг юм. Өөрөөр хэлбэл, их түвэгтэй хууль л даа. Тиймээс ч сонгууль дөхөж байж баталдаг ерөнхий практик бий. Зарчим гэвэл сонгуулийн нэгдсэн нэг хуультай болохын тулд олон асуудал шийдэх хэрэгтэй.

Гурван сонгууль маань ямар сонгуулиуд вэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль гэж юу юм бэ. Тэр сонгогдож байгаа хүнийх нь Монголын төрд эзлэх байр суурь, статус нь яг юу вэ гэдгээ тодорхойлох ёстой. Парламентийн сонгууль нь ямар юм, ямар тогтолцоо хэрэглэх вэ гэдгээ ярих хэрэгтэй.

Нөгөөх нь орон нутгийн хурлыг байгуулах сонгууль. Тэгэхээр энэ гурвыг маш сайн тодорхойлоод, ямар үр дагавар сонгуулийн дараа гардаг вэ гэдгээ тооцож байж нэгтгэх ёстой. Түүнээс механикаар нэгтгэж болохгүй.

-Одоо нэгтгэх гээд байгаа гол шалтгаан юу вэ. Сонгуулийн зардал чирэгдэл их байна гээд байгаа шүү дээ?

-Хөрөнгө мөнгө, зохион байгуулалтыг нь хялбарчлахын тулд нэгтгэх ёстой гэдэг байдлаар явж болохгүй. Миний байр суурь гэвэл эхлээд дээр өгүүлсэнчлэн бүх сонгуулиа тодорхойлох хэрэгтэй.

Хоёрт, сонгуулийн хуулийн шинэчлэл нь бусад хуулийн шинэчлэлтэй уялдаж явах ёстой. Ялангуяа Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлтэй уялдах хэрэгтэй.

-Тэгээд уялдаж чадаж байна уу?

-Энэ хоёр хуулийг шинэчлэхээр УИХ ажлын хэсэг байгуулсан байгаа. Нэмээд сонгуулийн хуулийн ажлын хэсэг байна. Тэгэхээр энэ гурван ажлын хэсэг маш нарийн уялдаатай ажиллаж байж хуулиа гаргах хэрэгтэй.

-Нэгдсэн гэхээр хүмүүс сонгуулийг нэг өдөр явуулах гэдэг агуулгаар л ойлгоод байгаа шүү дээ?

-Анх гарсан санаа нь наадах чинь. Гэхдээ их л түвэгтэй дээ. Парламент, Ерөнхийлөгч, орон нутгийн хурал гэдэг гурвуулаа өөр статустай байгууллагууд. Энэ гурвыг нэгтгэж явуулна гэхээр нэлээд сайн судалж, ярилцаж байж шийдэх зүйл. Нөгөөтэйгүүр, энэ сонгуулиудыг явуулах цаг хугацааны асуудлаас гадна хуулийн бүтцээ бодох хэрэгтэй.

Сонгуулиудыг явуулах цаг хугацааны асуудлаас гадна хуулийн бүтцээ бодох хэрэгтэй.

Миний бодлоор ерөнхий нэг процессын хууль байж болох юм. Тэрэнд нь сонгогч гэж хэн бэ, санал авах үйл ажиллагаа гэж юу вэ, саналыг автомат машинаар авах ч гэдэг юм уу асуудлыг зохицуулна. Мөн сонгуулийн ажилтан гэж хэн бэ, ажиглагч гэж хэн байх вэ, санал тоолохдоо яах вэ, маргааныг хэрхэн зохицуулах вэ гээд ерөнхийдөө процессыг агуулсан нэг хууль байж болно.

Харин тэр хуулиасаа салбарлаж Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн хурлын гээд тусдаа сонгуулийн хуулиуд байж болох байх. Тэгэхдээ энэ гурван сонгуулийн дараа гардаг үр дагавар ийм байна гээд бодолцож гаргахгүй бол бүгдийг нэгтгэвэл хүндрэлтэй. Тиймээс ч ажлын хэсэг дээр ерөнхий процессыг нь хуульчилсан нэг хуультай, тэгээд салбарласан маягаар бусад хуулиа гаргах нь зүйтэй гэж хэлсэн.

-УИХ-ын сонгууль дээр тогтолцоо ямар байх вэ?

-Ер нь бол Сонгуулийн хуулийг улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр гаргах ёстой гэсэн шүү дээ. Зөвшилцөх гол юм нь тогтолцоо. Одоогийн байгаа зэрэгцээ маягийн паралель тогтолцоогоо хэвэр авч үлдэх үү.

Эсвэл мажоритар болох уу, 100 хувь пропорциональ руу орох уу гээд сайн ярилцах хэрэгтэй. Энэ хуулийн хувь заяа улс төрийн намууд, тэр тусмаа парламентад суудалтай намуудын зөвшилцлөөс их хамаарна. Тийм учраас үүндээ онцгой анхаарал тавьж, намууд зөвшилцөх хэрэгтэй.

-Тэгвэл орон нутгийн сонгууль дээр тогтолцоо ямар байх бол. Жишээ нь, одоогийн хуулиар бол холимог тогтолцоог хэрэглэж байгаа. Энэ нь орон нутгийг улам улстөржүүлж байна гэсэн шүүмжлэл байна.

-Орон нутгийн сонгуулиар иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулдаг, Төлөөллийн ардчиллаар буюу ИТХ-аар дамжуулж иргэд асуудлаа шийддэг зарчмыг Үндсэн хуульд суулгасан. Гэхдээ төлөөллийн ардчиллыг орон нутагт хэрэгжүүлэхдээ юугаар дамжуулах вэ гэдгээ бодох ёстой.

Заавал улс төрийн намаар дамжуулах ёстой юу, эсвэл төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага уу гэдэг нь хурц сэдэв болчихоод байна. Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрлээ гэдэг нь тэнд улс төрийн намын нэр дэвших л сонгогдох боломж өндөр байгаатай холбоотой. Улс төр судлаач, мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсгээд байгаа нэг сэдэв ч энэ.

Энэ хуулийн хувь заяа улс төрийн намууд, тэр тусмаа парламентад суудалтай намуудын зөвшилцлөөс их хамаарна.

Орон нутгийн хурлын үйл ажиллагаанд улс төрийн намын үйл ажиллагааг хэрхэн зөв зохицуулах бас, багасгах вэ гэдгийг ярьж байна. Гэхдээ бас багасгасан тохиолдолд хэний оролцоог нэмэгдүүлэх вэ гэдгийг судалж, саналаа боловсруулах ёстой. Улс төрийн намыг орон нутагт 100 хувь үгүйсгэж болохгүй. Яагаад гэвэл энэ нь өөрөө Монгол шиг нэгдмэл төрийн тогтолцоотой улсад тохирохгүй.

Нөгөөтэйгүүр, орон нутгийн хурал, парламент хоёр өөр. Үндэсний парламент, орон нутгийн хурал хоёрыг байгуулах зарчим нь ижил байвал орон нутагт мини парламент бий болчих гээд байдаг. Орон нутгийн хурлыг парламент маяг руу шилжүүлж, адилхан эрх мэдэл эдлүүлэх гэдэг нь өөрөө зохисгүй зүйл. Энэ хоёр бол өөр зүйл, өөр тогтолцоо.

-УИХ-ын сонгуулийн тогтолцооны хувьд МАН-ын байр суурь ямар байгаа вэ?

-Улс төрийн намуудын дарга, бүлгийн ахлагч нарт энэ асуудлаар ажлын хэсгээс албан тоот явуулъя гэж бид ярилцсан. Чуулганы завсарлагааны хугацаанд намууд томоохон ажлын хэсэг байгуулж, энэ дээр ямар байр суурьтай, бодлоготой байгаагаа гаргаж тавих хэрэгтэй.

Бас пропорциональ элемент оруулж сонгууль явууллаа. Үүний алдаа оноо нь юу байв гэдгийг ярих ёстой. Монголын хөрсөнд суув уу. Өмнөх мажоритар системээс давуу нь юу вэ гээд судлах хэрэгтэй юм. Ингэж дүгнэлт гаргах хэрэгтэй.

Тиймээс улс төрийн намууд өөрсдөө судалгаа гаргаж, пропорционалийг нутагшуулах уу, болих уу гэдгээ тогтоод ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, намууд маш нарийн судалгаа, шинжилгээ хийгээд намрын чуулган нээхэд ажлын хэсэгт дүгнэлтээ ирүүлэх байх. Тэгээд бүх зүйл тодорхой болж эхлэх болов уу.

-Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг АН хүч түрж баталлаа хэмээн танай намынхан удаа дараа мэдэгдэж байсан. Одоо нэгдсэн хууль дээр ямархуу байх бол оо?

-Бид олонх байхдаа сонгуулийн хуулийг батлахдаа цөөнхөө байнга сонсож ирсэн. Одоо ч заримдаа шүүмжлүүлдэг. Өөрсдөө олонх байхдаа өрсөлдөгчдөө ашигтай хууль баталсан гээд л ярьдаг. Гэхдээ сонгуулийн хууль бол хүч түрж баталдаг зүйл биш.

Энд үндэсний зөвшилцлийг хангаж байх ёстой. Үгүй бол хагарал бутрал руу хүрнэ. АН-ынхан цөөнх болсон манай намыг болон бусад бүх намын саналыг авч байж энэ хуулийг гаргах хэрэгтэй. Тэгж байж сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр болж, хүмүүсийн хүлээн зөвшөөрөх магадлал өндөр болно.