2013.07.04

Г.Шийлэгдамба: МАХН эмэгтэй улстөрчийг дэвшүүлснээрээ түүхэнд шинэ хуудас нээсэн

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуул ийн үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Бид 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах албан ёсны байр сууриа СЕХ эцсийн байдлаар дүнг олон нийтэд мэдэгдсэний дараа илэрхийлнэ гэж санал хураалт дууссан орой мэдэгдсэн. Үүний дагуу СЕХ-г 27-ны өдөр албан ёсоор мэдэгдсэний дараа зарчмын байр сууриа тодорхой хүрээнд илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, сонгуульд санал өгсөн сонгогчдын ирц хуулийн хүрээнд 63 хувьтай хүчин төгөлдөр байна. Түүнчлэн сонгуульд нэр дэвшиж оролцсон гурван нэр дэвшигчээс АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж 50-аас дээш хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болсныг зарласан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдэгдлийг хүлээн авч, байгаа. Үүний дагуу МАХН-ын удирдлага, манай намаас нэр дэвшигч Н.Удвал ялалт байгуулсан Ц.Элбэгдоржид баяр хүргэсэн байгаа. Тиймээс үндсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд явагдаж, СЕХ-ны мэдэгдсэн эцсийн дүнг МАХН хүлээж авч байна.

-Энэ удаагийн сонгуульд МАХН ямар тактик баримталж оролцсон бэ?

-Бидний Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох асуудал нь УИХ-д суудалтай парламентын намуудад олгогддог улс төрийн намын үүрэг хариуцлагыг хүлээн авч үүний дагуу нэр дэвшигчээ дэвшүүлснээрээ туйлын ач холбогдолтой байсан юм. Энэ бол сонгогч, гишүүдийн өмнө улс төрийн намын хүлээж байгаа үүргээ ухамсарлаж байгаагийн нэг нотолгоо. МАХН бол улс төрийн гурав дахь хүчин. УИХ дахь гишүүдийнхээ тоогоор гурав дахь байрт байдаг. Ийм намын хувьд МАХН гарцаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой байсан.

-Нэр дэвшигчдийн санал авсан дүнг харж байхад  Н.Удвал нэр дэвшигч харьцангуй доогуур санал авсан байсан. Энэ юунаас болсон гэж танай намынхан үзэж байна вэ?

-Ер нь аль ч сонгуулийн дараа нэр дэвшигчдийн авсан хувь хэмжээний талаар тодорхой зүйлүүд яригддаг. Манай намын гишүүд, ажиглагч нарын хувьд нэр дэвшигчийнхээ авсан санал дээр эргэлзэж байгаа явдал багагүй байна. Үүнийг нэг талаас өмнөх сонгуулиудын саналыг тоолох эцсийн үр дагаварт эргэлздэг иргэдийн эргэлзээ тайлагдаагүйтэй холбож ойлгож болно. Энэ бол мэдээж автомат машин. Тиймээс ч манай намд өмнөх сонгуулиудаар эргэлзээ тайлагдаагүй учир хяналтын тооллогын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь байсан. Гэхдээ өнөөдөр үүнийг бас баталж чадахгүй юм.

Тиймээс бид төчнөөн санал авах байсан гэж ярихгүй. Сонгууль нэгэнт болоод өнгөрсөн. Гагцхүү бидний хэлж байгаа нэг байр суурь бол аливаа сонгууль болохоос өмнө бүгдийг эргэлзээгүй болгох хэрэгтэй юм. Тухайлбал, хар машинтай холбоотой асуудлыг өмнөх УИХ, Орон нутгийн сонгуулийн өмнө нэг талд нь шийдсэн байх ёстой байсан. Ингэж шийдээгүйн улмаас сонгуулийг зохион байгуулж буй байгууллагатай холбоотой шүүмжлэлтэй асуудал, нөгөөтэйгүүр хуулийг хэлэлцэж баталдаг улс төрийн намууд Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа төгс төгөлдөр шийдэж чадаагүйтэй холбоотой гарч ирж буй асуудал юм.

Тиймээс 2016 оны сонгуулиас өмнө дээрх асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай.

-Танай намын анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшүүлсэн гэдгээрээ онцлогтой байлаа. Ер нь танай нэр дэвшигч бусдаас юугаараа давуу байсан бэ?

-МАХН-ын нэр дэвшигч эмэгтэй улстөрч байснаараа Монголын түүхэнд яах аргагүй шинэ хуудсыг нээж чадлаа.

Энэ бол Монголын улс төр, нийгмийн хүрээнд маш том хуудас, цаашилбал улс төрийн орчинд өрсөлдөх түвшинд ихээхэн өөрчлөлт гарах чиг хандлагыг бий болгосон. Өнөөдөр олон улсын түвшинд, тэр тусмаа нийгмийн дунд, доод түвшинд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг шийдвэр гаргах түвшинд авч үзэх цаг үе иржээ. Энэ бол эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн манай намын шийдвэр. Нөгөө талаас манай нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлын хугацаанд нэр дэвшигчийн маань явуулсан үйл ажиллагаа, сонгогчдын хүлээн авч буй байдал, түүний гүйцэтгэсэн үүрэг нь харуулж байгаа юм. Тиймээс манай намын хувьд ч, нэр дэвшигчийн хувьд ч өөрсдийн үүргээ бүрэн биелүүлж чадсан сонгууль боллоо. Би намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд нэр дэвшигч болон намын гишүүд, идэвхтэн ажилтнууд энэ удаагийн сонгуульд бүрэн дүүрэн ажиллаж чадсан гэж дүгнэж байгаа.

-Зөвхөн санал тоолох машинтай холбоотойгоор бага санал авлаа гэвэл өрөөсгөл болох байх. УИХ-ын сонгуульд танайх санаанд оромгүй амжилт үзүүлсэн. Тэр үед бас л ийм машинаар тоолсон шүү дээ?

-Энэ сонгууль бүр илүү үр дүнтэй болох боломж бидэнд байсан. Гэхдээ тодорхой щалтгаанаар бүрэн бололцоогоо ашиглаж чадаагүй зүйл бий. Энэ бол сонгууль бүр дээр гардаг улс төрийн намууд, төр захиргааны байгууллагуудаас үзүүлдэг дарамт шахалттай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, биднийг сонгуульд нэр дэвшиж оролцохыг хаахаас авахуулаад нэр дэвшигчийг маань эргүүлэн татах, хууль бус шаардлагыг хөндөж амжилттай оролцох нөхцөл бололцоог хаах гэх мэт үйл ажиллагаа ажиглагдсан.

Ялагдалд нөлөөлсөн өөр нэг зүйл бол хөрөнгө мөнгөний асуудал. Бусад нэр дэвшигчдийн хувьд санхүүгийн хязгаарлалт харьцангуй бага. Манай нам, нэр дэвшигчийн хувьд энэ удаагийн сонгуульд үнэхээр хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орсон. Энэ ч утгаараа нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах үйл ажиллагаа туйлын дутмаг байсан. Ажиглагч, ухуулагч нарын ажлаа хийх зардлыг шийдэх бололцоо ч мөн дутмаг байлаа. Тэр ч бүү хэл манай нэр дэвшигч сонгуулийн хугацаанд 21 аймгийг тойрохдоо байнга автомашинаар явж байлаа. Гэтэл бусад нэр дэвшигч нар маань онгоцоор явж, цаг хажиж замаа товчилж байх жишээтэй.

-МАХН-ыг нэр дэвшигчээ зарлах үед улс төрийнхний хувьд зөрүүтэй ойлголт байлаа. Учир нь танай намаас Д.Тэрбишдагва эсвэл Ч.Улаан сайд нарын аль нэгийг дэвшинэ гэсэн таамаг байсан л даа. Тиймээс Н.Удвал сайдыг гараад ирэхэд чамгүй олон хүн гайхсан бас эргэлзсэн болов уу?

-Манай нам энэ удаагийн сонгуульд оролцоно гэдгээ бусад улс төрийн хүчнүүдээс хамгийн түрүүнд зарласан. Ингэхдээ дангаараа эсвэл өөр бусад намуудтай хамтарч оролцоно гэдгээ Бага чуулганы үеэр шийдвэрлэсэн. Гэхдээ дангаараа эсвэл өөр бусад намуудтай хамтарч оролцсон тохиолдолд манай намаас нэр дэвшиж л таарна. Өөр бусад намтай хамтарч оролцох тохиолдолд бид нэр дэвшигчээ гаргаж, нөгөө хамтрах намынхаа нэр дэвшигчтэй харьцуулсан судалгаа хийж эцсийн байдлаар хоёр намыг төлөөлөх нэг нэр дэвшигчийг санал хураалтаар тодруулах байр суурьтай байсан. Тиймээс тухайн үед яригдаж байсан АН эсвэл МАН-тай эвссэн тохиолдолд зөвхөн тэднээс нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн асуудал эхнээсээ байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

-Танай намын сонгуулийн штабыг ахалж байсан Д.Тэрбишдагва санал хураалт болохоос гуравхан хоногийн өмнө ажлаа өгсөн. Энэ нь нэр дэвшигчээ төдийлөн дэмжихгүй байгаагийн илэрхийлэл биш гэж үү?

-Энэ бол бусад улс төрийн намуудад хандаж байгаа бидний сонгуульд шударга өрсөлдөх асуудалд өгсөн үнэлэлт, дүгнэлт юм. Яахаараа манай намын захиалгат цаг дээр бидний хийгээгүй, бэлдээгүй нэвтрүүлгийг цацсан бэ гэдэг асуудлын улмаас штабын даргын албан тушаалаа өгнө гэдэг бол шударга өрсөлдөх зарчмыг илэрхийлсэн хэрэг. Манай нам анх өрсөлдөж эхлэхдээ хэн нэгнийг муулахгүй, хэн нэгний эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй гэж зарчмаа тодорхойлсон. Бид шударга ёсны нам. Энэ утгаараа манай намд гишүүдийн хооронд тийм асуудал "Огт байгаагүй гэдгийг хэлэх байна.

-Тэгвэл нэвтрүүлэг хийсэн эздийг олсон уу?

-Түүнийг бид хайгаад байх шаардлага байхгүй. Бид гагцхүү хийгээгүй нь үнэн. Тиймээс нь эзнийг нь олох гээд шүүгээд байх албагүй. Тэртээ тэргүй үүнийг улс төрийн хүрээнийхэн болон иргэд мэдэж байгаа.

-МАН-ын залуус намынхаа удирдлагуудыг хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдал хүлээснийхээ төлөө огцрох ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Магадгүй танай намын удирдлагууд ч гэсэн мөн адил ялагдал хүлээснээрээ огцрох уу?

-Аливаа сонгуулийн үйл явцыг улс төрийн намууд дотроо зайлшгүй ярьж, хэлэлцэх ёстой. Энэ бол зарчмын асуудал. Тиймээс аль ч намд энэ талаар бүтцийнхээ түвшинд ярих байх аа.

Манай намын хувьд энэ удаагийн сонгуулиар ололт амжилт чамгүй байлаа. Сонгуулийн явцад, сонгууль өндөрлөсний дараа ч бидэнд маш их баяр хүргэж байна. "Хоёрхон намын эрхшээлд байгаа үед аливаа асуудлыг шийдэж болдоггүй гэдгийг гуравдагч хүчнийхээ хувьд харуулж чадлаа. Нөгөө талаас эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн нь улс төр, нийгэмд гэрэл гэрээтэй зүйл цаашид бий болно гэдгийг харуулж чадлаа" гэж иргэд, Сонгогчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, наанаа бид хэдийгээр бага хувьтай, гуравт эрэмбэлэгдэж байгаа ч ард түмэнд хүрсэн байдлаараа магадгүй нэгдүгээрт хүрэхүйц үр дүнг үзүүлж чадсан. Энэ бол дараа дараагийн томоохон ялалтыг бий болгоно гэж бодож байна.

-Угшил нэгтэй МАН, МАХН хоёул нэр дэвшигч гаргасан нь нь тэдний ялагдалд нөлөөлсөн гэх юм. Өөрөөр хэлбэл, тэд тус тусдаа орсноор саналаа хувааж, АН-д ялалт авчирсан гээд байгаа. Та үүнд юу хэлэх вэ?

-Сүүлийн үед улс төрийн намууд зүйл бус үйл ажиллагаа явуулж буй нь их харагдаад байгаа юм. МАН, АН, МАХН-д гурвууланд нь өнгө өгчихдөг. Гэтэл энэ гурвын ялгаа нь өнгө биш үзэл баримтлал. Өнөөдөр МАН, МАХН хоёр нэг байсан, өдгөө салсан нь үнэн. Гэхдээ энэ нь гол биш болсон шүү дээ. Харин МАХН 90 жилийн өмнө байсан бол өнөөдөр ч байгаа гэдэг нь л чухал.

Нөгөө талаас манай хоёр нам хоёул зүүний үзэл баримтлалтай нь үнэн. Үүгээрээ ардчилсан намаас ялгаатай. Тиймээс МАН, МАХН хоёрын улс төрийн өнцөг ойролцоо юм. Гэхдээ цаашид энэ үзэл баримтлалдаа аль нам нь үнэнч байх вэ гэдэг нь чухал болчихоод байна. Иймээс ч МАХН-ын баримталдаг гол зарчим бол үзэл баримтлал бөгөөд энэ нь өөрөө манай намын үнэт зүйл. Энэ ч утгаараа УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар үнэт зүйлээ гаргаж чадсан. Энэ бол манай намын хамгийн том зорилго байсан.