
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар тогтлоо
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ын 7.1-д “Комисс үнэлгээг эцэслэн нягталж онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчийн нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ.” гэж заасны дагуу нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Цэнддаваагийн Амартөгс /87.1 оноо/, Бадамдоржийн Төгсцэнгэл /86.2 оноо/ нарыг нэр дэвшүүлэн, шалгаруулалтын тайлан болон холбогдох материалыг Байнгын хороонд ирүүлсэн гэдгийг хуралдаан даргалагч мэдээлээд, нэр дэвшигчдийн талаар танилцуулав.
Ц.Амартөгс 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 25 жил (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7 жил) ажилласан туршлагатай, үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна буй аж. Б.Төгсцэнгэл 1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуулийн магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 жил (Ахлах түшмэлийн албан тушаалд 8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил) ажилласан туршлагатай, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг хашиж байгаа аж.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Лхагвасүрэнгийн Золзаяаг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-д ирүүлсэн байна. Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай, үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна.
Байнгын хорооны дарга үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав.