2013.09.26

Томоохон төслүүдийг тогтворжуулахад 10 жил бага байна

Ийгл телевизийн “Халуун сэдэв” нэвтрүүлгээр Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагийн байр суурийг онцолж байна.

Тоймч: Бизнесийн орчноо таатай болгож, хөрөнгө оруулалтын орчноо тогтворжуулан ойлгомжтой болгоё гэвэл нэгмөсөн хийх ёстой гэсэн саналыг эдийн засагчид, хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн санал байна. Хөрөнгө оруулагчдаас зүсэн зүйлийн нэрээр авах борлуулалтын өмнөх татварыг цөөлж, тогтвортой байлгахаар хуульчилбал тэдэнд илүү итгэл үнэмшил төрнө.

Хөнгөн үйлдвэрийн дээд хязгаар тав, хүнд болоод ирвэл 10 жил хүчинтэй байхаар тусгаад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр улсын эдийн засагт чухал ач холбогдолтой их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг хэрэгжүүлж эхлэхэд л 10 жил зарцуулах тохиолдол бий.

Тэгэхээр хуулийн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах хугацааг нэмэгдүүлэх саналыг талууд гаргаад байна. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг улс орны макро эдийн засгийг тэлэх хэмжээний нөлөөлөл үзүүлж чаддаггүй. Гол ач холбогдол нь хүмүүсийг ажилтай орлоготой байлгадгаараа чухал.

Улс орны эдийн засгийн өсөлтийг хурдасгадаг гол хүчин зүйл бол томоохон буюу мега төслүүд гэж эдийн засагчид зөвлөж байна. Томоохон хэмжээний төсөл эхлэх гэж л 5-10 жил зарцуулах тохиолдол байдаг учраас асар том хэмжээний төслүүдийг тогтворжуулахад 10 жил бага байна гэсэн санааг хэлээд байгаа юм.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Жижиг дунд бизнес бол дундаж давхаргын хүмүүсийн амьдрал ахуйтай холбоотой ч их хэмжээний татвар төлөх санхүүгийн бололцоо, бизнесийн цар хүрээ нь бага байгаа тохиолдолд тэдэнд 5,6 жилээр том зээл, төслийн зээл авах боломж алга.

Дээрээс үнэ нь унаж байхад доороос зардлыг нь өсгөөд байхаар бизнес яаж хуримтлалтай болж оршин тогтнох вэ.

УИХ-д суугаа олигархууд өөрсдөө татвараас хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх гэж хууль санаачилж байна гэж уншсан. Энэ хууль нь татвараас хөнгөлж, чөлөөлье гээгүй. Тодорхой төрлийн хөрөнгө оруулсан цаг үетэй байсан татварыг нэмэхгүй, тодорхой хугацаанд царцаах тийм л орчин бий болгоё гэж байгаа.

Уул уурхайн ассоциаци манай гишүүдээс ямар ч санал аваагүй. Манайд сая ус 10 дахин, цахилгаан 30 дахин нэмлээ. Онцгой албан татвар бусад салбараас өндөр байна. Дээрээс үнэ нь унаж байхад доороос зардлыг нь өсгөөд, жишиг үнээр татвар аваад байхаар бизнес яаж хуримтлалтай болж оршин тогтнох вэ гэлээ.