Б.Батхүү: Тогтвортой байдал л уул уурхайг аварна
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү
2013.09.21

Б.Батхүү: Тогтвортой байдал л уул уурхайг аварна

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй эрдэс баялгийн салбарт ямар бодлогыг баримтлах талаар ярилцав.

-“Дисковер монголиа” олон улсын чуулга уулзалт, “Инвест монголиа”  хөрөнгө оруулагчдын уулзалтуудаас ажиглахад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ гэдэгт итгэж байгаа нь харагдсан. Гэтэл Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг наадмаас өмнө Засгийн газар дэмжсэн ч одоо чуулганаар хэлэлцэхээс өмнө буцааж  магадгүй гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?

Яахын аргагүй улс төрийн шийдвэрүүд хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд хүргэсэн. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагчид хэд хэдэн зүйлээс болгоомжилсон. Нэгдүгээрт урт нэртэй хууль цаашид яах эсэх нь тодорхойгүй бүрэн хэрэгждэггүй байдал, хоёрдугаарт ашигт малтмалын хуулийг өөрчлөх төсөл буцаагдсан, гуравдугаарт дээрх хуулиуд гартал хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхийг түр зогсоосон явдал, дээр нь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицууулах тухай хууль зэрэг уул уурхайн салбарыг тойрсон олон хууль хэрхэн өөрчлөгдөхийг харзнасан байдалтай байна.  

Ер нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь эрсдэлтэй байдаг. Урт удаан хугацаанд эрэл хайгуул хийдэг.

Орд оллоо гэхэд ашиглах асуудлыг сайн бодож, тооцож байж үйл ажиллагаагаа эхэлдэг салбар.

Шинэчлэлийн засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэс баялгийн бодлого дээр ахин ажиллаад, олон талт хүмүүс оролцуулан, хэлэлцүүлж бодлогыг гаргасан.

УИХ удахгүй хэлэлцэх байх гэж найдаж байна. Эргэж татах боломжгүй байх. Учир нь маш сайн судалсан.  

-Эрдэс баялгийн бодлого гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжсэн байгаа вэ. Зарим шинжээчид төр уурхайд хувь эзэмших явдлыг буруушааж байгаа. Энэ тал дээр ямар бодлого барих вэ?

Бодлого маань хуулиудын тогтвортой байдлыг хангах явдал байсан. Мөн улс төрөөс ангид байлгах тал дээр ч анхаарсан. Хэрвээ энэ салбарын хууль гарахаар бол талуудын хэлэлцүүлэг хийж, УИХ-ын гишүүдийн ирц маш өндөр байсан үед хуулийг батлах ёстой.

Өнөөдөр уул уурхайн салбарт хэд хэдэн хууль цохилт өгсөн. Гэнэтийн ашгийн татварын хууль, стратегийн орд, урт нэртэй хууль гэх мэт.

Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа гол зүйл нь татвар чухал биш. Хамгийн гол нь нэг тогтоосон татвар, хууль нь амархан өөрчлөгддөгүй байх явдал.

Хувь эзэмших тухайд ярихад үүнийг өөрчилж байгаа. Төр бол тодорхой стратегийн ашигт малтмалын чиглэлд түлхүү хувь эзэмшинэ. Бусдыг нь аж ахуй нэгжүүдэд өгнө.