2013.09.21

П.Очирбат: Яг одоо тогтвортой, зөв цэгцтэй бодлого л хэрэгтэй байна

Монголын улс төрийн зүтгэлтэн, МУ-ын анхны ерөнхийлөгч, Уул уурхайн ашиглалтын инженер, Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбатаас уул уурхайн салбарт цаашид төр засгийн зүгээс ямар бодлого баримтлах талаар ярилцав.  

-Зөвхөн гадаад ч бус дотоодын хөрөнгө оруулалт суларч байгаа энэ нөхцөлд та хууль тогтоогчдод ямар саналыг хэлэх вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөний хэмжээ буурсан нь итгэл алдсан гэсэн үг.

Хүний итгэлийг олж авахад их хугацаа хэрэгтэй. Хэдийгээр өнөөдрийн авч буй арга хэмжээ нь нэг талаар илүү сайжруулж, ашиг олох гэсэн арга ч гэлээ, нөгөө талдаа илүү хортой, илүү алдагдалтай байгааг ойлгох хэрэгтэй. Энэ нь даамжирвал монголын эдийн засаг, эрдэс баялгийн салбар алдагдалд орно.

Гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямралаас огт хамаагүй. Харин дотоодын сөрөг хүчин зүйлд шүүмжлэлтэй хандаж, төрийн бодлогыг тогтвортой, цэгцтэй, зөв явуулахад анхаарах нь зүйтэй.  

-Өнгөрсөн хавар Ашигт малтмалын хууль шинэчлэгдэх гээд орж ирсэн ч эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг эргэн харья гээд буцаасан. Одоо эрдэс баялгийн бодлого энэ намрын чуулганаар орно. Бодлогыг харахад төрийн оролцоо харин ч нэмэгдсэн шинжтэй байсан. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Эрдэс баялгийн салбар дотор геологийн асуудлыг авч үзэхэд судалгаа, зураглалд төр зайлшгүй оролцох ёстой. Түүнийг хувийн хэвшлийнхэн хөрөнгө гаргаж хийх ёсгүй. Өөрөөр хэлбэл монголын геологийн судалгааны 1:50000-ны зураглал нь одоогийн байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд хийгдсэн. Үлдсэн нь хэсэг нь мэдэгдэхгүй байгаа гэсэн үг.

Зураглалаар дамжуулж хөрөнгө оруулагчид хайгуулд хөрөнгө зарах уу гэдгээ шийддэг. Харамсалтай нь манайд ийм ажил маш муу хийгдэж байна. Геологичид дуугарсны дүнд 2016 он хүртэл улсын нийт нутаг дэвсгэрийн 40 хүртэл хувийг дээрх масштабын зураглалд хамруулаар болсон. Гэхдээ энэ багадаж л байгаа юм. Төрийн зайлшгүй оролцох салбар бол геологи.

Хэрвээ төр мөнгөтэй бол уул уурхайн жинхэнэ хайгуулын ажлыг хийхэд гэмгүй. Гэхдээ их эрсдэлтэй. Юм олдохгүй бол яах вэ.

Тиймээс хөрөнгийн чадамж тааруу байгаа нөхцөлд гадны хүчинд суурилах нь гэмгүй.

-Оюутолгойн гэрээний хувьд асуудал үүсээд байгаа нь төр хувь эзэмшиж, эрсдлийг хамт үүрж байснаас үүдэлтэй гэж үзэх эдийн засагчид байна. Та төр заавал уул уурхайн олборлолтод хувь эзэмших ёстой гэж бодож байна уу?

Харин жинхэнэ олборлолтын чиглэлээр төр хөрөнгөтэй бол өөрөө оролцоод хийвэл муудах юмгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд харамсалтай нь төрд ийм хуримтлал бүрдээгүй байна.

Тийм учраас гадны хөрөнгө оруулалтыг ихээхэн авч, салбараа хөгжүүлэх нь ихээхэн үр ашигтай, хамгийн зөв зам.

Төр өмчөө нэгэнт гадныханд хөрөнгө оруулаад ашиглуулж байгаа учраас түүнтэй холбогдсон бүх татваруудаа авах ёстой. Нөөц ашигласны татвараа ахиухан авах ёстой. Бараг 16, 17 нэр төрлийн татвар авч байгаа. Тэрийгээ бүтэн аваад сууж байх хэрэгтэй. Түүнийхээ оронд заавал эрсдэлтэй зүйл рүү хөрөнгө оруулж, хувь авна гээд зүтгээд байгаа нь цаанаа төр нэгэнтээ хувь эзэмшиж байгаа бол байгаль орчны бохирдол, янз бүрийн сөрөг үр дагавар гарвал бас хариуцлага хүлээнэ.