Ц.Элбэгдорж : Бага импорт, их экспорт, нэмүү өртөг, нэмүү үйлдвэрлэлийн төлөө Монгол Улс явах ёстой
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний нээлт дээр
2013.09.16

Ц.Элбэгдорж : Бага импорт, их экспорт, нэмүү өртөг, нэмүү үйлдвэрлэлийн төлөө Монгол Улс явах ёстой

Монголчууд ихийг дотроо үйлдвэрлэж, багыг гаднаас авах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний нээлт дээр өнөөдөр үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч профессор Клаус Шваб болон тус форумын хамт олон, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн баяр хүргэлээ. Тэрээр профессор Клаус Швабыг Монгол оронд ирнэ гэж хүлээж байсан, ийм олуулаа хүрэлцэн ирсэнд талархаж байна гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад ямар хүндрэл, сорилт тулгараад байна вэ гэдгээс үгээ эхлэв. “Гол хүндрэл бол бодлогын хүндрэл юм. Хөрөнгө оруулагчид үүнийг ойлгож, мэдэрч байгаа. Монголд хөрөнгө оруулалтын бодлого сайн биш, үүнээс болж хүндрэл гарч хөрөнгө оруулагчдыг үргээдэг.

Өнөөдөр Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт буурч, төгрөг, үндэсний валютын ханш суларч, төсвийн орлого хүндэрч байна. Үүнийг яаж засах вэ. Энэ бүхэн бодлоготой холбоотой хүндрэл юм. Энэ талаар нийгэм, олон нийт, бизнесийн салбарын хүмүүстэй яриа, хөөрөө өрнүүлсэн. Тэд маш энгийн зүйл хэлдэг.

Бодлого, хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, татварын ачаалал хөнгөн, төрийн оролцоо бага байх хэрэгтэй гэдэг. Ийм зарчмаар хүндрэлээс гарах боломжтой.

Монгол Улсын давуу тал бол нээлттэй байдал. Үүгээрээ давуу гэж хэлж болно. Бид хаана ч, юуг ч нуудаггүй. УИХ, Засгийн газар, нийгмийн хүрээнд нээлтэй ярилцаж чаддаг улс. Өнөөдрийн энэ ярилцлага ч үүний нэг хэсэг. Эдгээрээс гарч байгаа үр дүнд тодорхой шийдвэр гаргана гэж үзэж байна.

Маргаашаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар тодорхой хуулиуд баталж гаргахаар эрмэлзэж байгаа. Гол асуудал бол хөрөнгө оруулагчдад ээлтэй бус хуулиудыг өөрчлөх, хөрөнгө оруулагчдад урт хугацааны таатай боломж олгох талаар ярилцана.

Монгол Улсын эдийн засаг, санхүүд гарсан хүндрэлээс гарах арга бол урт хугацааны бодлогод тулгуурлах ёстой. Ихийг дотроо үйлдвэрлэж, багыг гаднаас авах ёстой. Бага импорт, их экспорт, нэмүү өртөг, нэмүү үйлдвэрлэлийн төлөө Монгол Улс явах ёстой.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Би ямар ч бондоос хөрөнгө оруулалт чухал гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Бондыг бид эргүүлж төлдөг. Харин хөрөнгө оруулалт урт удаан хугацаанд үр ашгаа өгнө. Тэгэхээр ямар ч хөрөнгө оруулалт ямар ч бондоос илүү гэж боддог.

Ашигт малтмалыг тойрсон асуудал их байна. Үүн дээр нэгдсэн нэг ойлголттой болцгооё. Өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийг бүрэн хэмжээгээ өөрчлөх талаар нэлээд ярьсан. Гэхдээ ингэлээ гээд сайжруулж өөрчлөх үү, муутгах уу гэсэн асуудал бас байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын хуулийг өөрчлөх талаар нэг хэсэг ярьсан.

Тэгээд Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулиас гараа татаж авъя, түүнд оролцохгүй байя гэж шийдсэн. Эхлээд ерөнхий шинэчлэлээ тогтож авъя. Ерөнхий чиглэл гаргаж авъя гэж үзсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гаргая гэж байгаа.

Монгол Улс эрчим хүч, төмөр замын боломжоо нэмэгдүүлэх шаардлагатай

Монголд ямар боломж байна вэ. Бизнесийн сонирхол хаашаа салхилж, зүг чиг нь хаашаа болох нь вэ гэж ажиглахаар ирсэн хүмүүс ч байгаа. Монгол Улс ойрын жилүүдэд эрчим хүчний асуудлаа анхаарах ёстой. Монголоос их боломж гарч ирнэ. Монгол Улс эрчим хүчний боломжоо нэмэгдүүлэхийн хэрээр бизнесийн боломж ихээр гарч ирнэ. Монгол Улс эрчим хүчний нөөц, боломж ихтэй орон.

Төмөр замын хүчин чадлаа маш их нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлд хоёр хөрш оронтойгоо идэвхтэй хамтарч ажиллах ёстой. Сая би Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр хөршийн удирдагчидтай уулзсан.

БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй маш элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамтарч шийдвэрлэх талаар ярилцсан. Зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл дүүрэн байна.

Өөрийн гэсэн бензин шатахуун боловсруулдаг хүчин чадалтай байя гэж бодож байна. Энэ чиглэлийн эх үүсвэр, газрын тос гаргах боломжийн талаар маш их онцгой анхаарч ажиллах төлөвлөгөө, эрмэлзэл байна. Монголд маш их бизнес байна гэж хэлж болно.

Монгол Улс бол хүн захирдаг бус хууль захирдаг орон байх ёстой

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэлд их анхаарал тавьж ирсэн. Шүүхийн шинэтгэлийг хийхэд 10 гаруй хууль гаргах байх гэж үзэж байсан ч 40-өөд хууль гаргах хэрэгтэй болж байгаа.

Монгол Улс бол хүн захирдаг бус хууль захирдаг орон байх ёстой. Хуулийн засаглалтай орон болох ёстой. Монгол Улс 2012 оны байдлаар олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар авлигын индекс 26 орноор буурсан орон болсон.

Юм л бол төрийн оролцоо, төрийн хувь хэмжээ, төрийн өмч гэсэн ойлголт газар авч болохгүй

Монгол Улс хүнд суртал, төрийн оролцоо багатай орон байх ёстой. Юм л бол төрийн оролцоо, төрийн хувь хэмжээ, төрийн өмч гэсэн ойлголт газар авч болохгүй. Төрийн оролцоонд хяналт тавина.

Төрийн компани дахин байгуулах талаар ярихгүй байх тухай Засгийн газартай ярилцана. Төсвөө өмнөх жилийн зардлаас илүү гаргахгүй төсөвлөе. Бүр хасч төсөвлөе гэсэн эрмэлзэлтэй байя. Төрийн сангийн оролцоо зэргийг анхаарч ажиллах болно.

Монголд бизнес эрхлэхээр ирсэн байгууллага, хүмүүс яаж ашигтай ажиллах вэ гэдэг. Үүнд нууц процедур, нууц рецепт байхгүй. Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэж, олон нийтийн санаа бодлыг хүндэтгэж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэвэл ашигтай ажиллаж болно.

Дугуй ширээний ярилцлагад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид хоёр өдрийн турш сэдэв сэдвээр тодорхой ярилцах байх аа. Манай хүмүүс энэ талаар нээлттэй. Энэ бол боломж. Ярьснаасаа дүгнэлт хийж цаашдын ажлаа төлөвлөөд явж болно. Хоёр өдрийн уулзалт амжилтай болно гэж итгэж байна.

Хөрөнгө оруулагчдын сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой

“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-ний үеэр

Профессор Клаус Швабт баяр хүргэе. Монголын хүндрэл хамгийн доод төвшиндөө хүрч зогссон. Одоо өсөх болно. Энэ үеийг мэдэрч Монгол Улсын нийслэлд цугларч Монголын ирээдүй, эдийн засгийн өсөлтийн талаар ярих гэж байгаа нь маш чухал юм. Ирэх 2014 оны нэгдүгээр сард Давост энэ асуудлыг дахин ярилцах болно. Гурван сарын дараа бид бүр илүү үр дүн, шийдвэртэйгээр очих ёстой.

Хамгийн том хүндрэл бол хүний алдсан итгэлийг олж авах, хөрсөн сэтгэлийг дэвтээх, явсан хөрөнгө оруулагчдыг эргүүлж авчрах явдал. Тэдний сэтгэл дэвтэж эргэж иртэл ажиллах ёстой.

Өөрийнхөө тухай товч ярья. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр энэ оны зургадугаар сард дахин сонгогдсон. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдох эрхтэй байдаг. Анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход хоёр морь байгаа гэдгийг мэдэж байсан.

Одоо бол хоёр дахь морин дээрээ мордсон учраас сонгууль бодох биш улс орныхоо эрх ашгийг харж шийдэл гаргахын төлөө манлайлал үзүүлж ажиллах болно. Хэцүү хүнд зүйлийг сөрөх болно. Хөрөнгө оруулалт, хийж бүтээж байгаа харилцааны эсрэг гаргаж байгаа асуудал, популизмын эсрэг ихээхэн ачаа үүрч ажиллана. Хийж бүтээхийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллана.

Та бүхэнд амжилт хүсье. Их баярлалаа.