2013.07.25

Р.Бурмаа: УИХ-д авсан суудал бүрт 10 сая төгрөгийг намуудад өгдөг

Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, намуудын санхүүжилтийн талаар ихээхэн ярих болсон. Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа  УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийг нэг хэсэг хэлэлцэж байгаад чимээгүй болчихлоо. Хуулийн төслийг хэзээ УИХ-ын чуулганаар оруулах гэж байна вэ?

-Одоо УИХ-ын хаврын чуулган өндөрлөөд зуны цагаар энэхүү хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг маань сайтар ажиллана. Хуулийн төслийг намрын чуулганаар оруулж, батлуулахаар зорьж байна.

Энэ үеэр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага болон шинжээчдийн саналыг авна. Олон түмэнд нээлттэй хэлэлцүүлэг дахин өрнүүлнэ байх. Гэхдээ цаг алдаж болохгүй. Учир нь дараагийн сонгууль ойртох тусам энэ хууль батлагдахад ихээхэн бэрхшээл учрах болно.

Иймд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн нэгдсэн тухай хууль болон улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг яаралтай оруулъя гэсэн бодлоготойгоор ажлын хэсгүүд ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар улс төрийн намуудын санхүүжилт ямар байдлаар хийгддэг юм бол?

-Хувь хүн болон хуулийн этгээдээс хандив авдаг. Мөн УИХ-д авсан суудлаараа төрөөс санхүүжилт авдаг. Гэхдээ санхүүжилтийн тайлан буруу болон их хэмжээгээр хандив авсан тохиолдолд хариуцлагын тогтолцоо манай улсад маш сул байна.

Улс төрийн намуудын жилийн тайлангаа олон нийтэд мэдээллэнэ гэсэн заалт байдаг. Мэдээлэхгүй эсвэл авсан мөнгөө буруу зүйлд зарцуулбал, хувь хүн болон хуулийн этгээдээс хэмжээнээс илүү хандив авсан бол, төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас авсан бол яах вэ гэсэн зохицуулалт сул байгаа.

Иймд улс төрийн намуудад өгч байгаа хандивт хэн хяналт тавих хэрэгтэй вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Өөрийнх нь намын дотоод хяналтад найдаад үлдээнэ гэдэг нь учир дутагдалтай юм.

-Ер нь тооцох хариуцлага их сул юм шиг санагддаг. Хариуцлагыг хэрхэн өндөржүүлэх ёстой юм бол?

-Санхүүжилттэй холбоотой зөрчил гаргавал тухайн албан тушаалтны сонгуульд оролцох эрхийг нь хасах, намын удирдлагыг төрийн албан хаших эрхийг нь тодорхой хугацаагаар хасах зэрэг арга хэмжээ байж болдог.

Санхүүжилтийн тайлан буруу болон их хэмжээгээр хандив авсан тохиолдолд хариуцлагын тогтолцоо манай улсад маш сул байна.

Бүр цаашлаад тус намын татан буулгах хүртэл зохицуулалт байдаг. Тухайн намын гишүүнтэй холбоотой санхүүгийн зөрчил илэрвэл намыг удирдаж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. 

Бид бусад улс оронд хэрэглэгдэж байгаа заалтуудыг судалж байгаа. Улстөрийн нам бол иргэдийн сонгох, сонгогдох эрхийг нь авч үзэж, үзэл бодлоо чөлөөтэй чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хангах мөн хууль шүүхийн өмнө адил үүрэг хүлээх ёстой.

-УИХ-д суудалтай намуудад төрөөс санхүүжилт өгдөг гэсэн. Санхүүжилтийн хэмжээ нь ямар байдаг вэ?

-УИХ-д авсан нэг суудалд 10 сая төгрөг. Нэг УИХ-д авсан саналыг нь мянган төгрөгөөр үржүүлж өгдөг. Олон мандаттай байх тусам мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Өнгөрсөн 2008-2012 оны УИХ-ын үед нийт долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс УИХ-д суудалтай улс төрийн намуудад санхүүжилт болгон өгсөн байсан.

Харин одоо хэдийг өгч байгаа дээр би судалгаа хийж амжаагүй байна. Тэр их мөнгийг юунд зарцуулж байгааг бид хянах хэрэгтэй. Тэрхүү мөнгө нь улстөрийн боловсролыг дээшлүүлэх, олон ургалч үзлийг дэлгэрүүлэх, мөрийн хөтөлбөрөө таниулах зэрэг арга хэмжээнд зарцуулагдах ёстой.