Д.Ганбат: Гончигдорж миний кнопоор УИХ-ын дэд дарга боллоо
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.05.13

Д.Ганбат: Гончигдорж миний кнопоор УИХ-ын дэд дарга боллоо

 Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг сонголоо. Түүнийг энэхүү албан тушаалд нэр дэвшүүлэхэд АН-ын бүлгээс эсэргүүцсэн Д.Ганбат гишүүнтэй ярилцлаа. Тэрээр УИХ-ын чуулганаар дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Р.Гончигдорж гишүүнийг нэрээ татахыг шаардаж байсан юм. Гэвч санал хураахад Д.Ганбат гишүүн дэмжиж кноп дарсан билээ.

-Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд даргаар сонгох асуудлыг хэлэлцэх үед та эсрэг байр суурьтай байсан. Гэтэл долоо хоногийн дараа санал хураалт болоход дэмжсэн кноп дарлаа. Яагаад таны үзэл бодол өөрчлөгдөв?

-Асуудлын гол нь УИХ-ын дэд дарга гэдэг албан тушаалдаа байгаа юм биш. Монголын улс төр зарчимтай байх ёстой гэж л асуудал тавьсан юм. Түүнээс биш хувь хүнтэй холбоо байхгүй. Энэ үүднээсээ санал хураах үеэр дэмжсэн.

Хэрэв би дэмжсэн санал өгөөгүй бол унахаар байлаа. 30:29 гэсэн харьцаагаар сонгогдсон шүү дээ. Энэ бол Р.Гончигдорж даргыг бүгдээрээ зүтгүүлээгүйн илрэл. Харин миний хувьд, өөрөө энэхүү албан тушаалд очихыг хүссэн үед нь аль ч талаа бодсон унагаж болохгүй гэж үзсэн.

-Та улс төр зарчимтай байх ёстой гэдэг үүднээс хандсан гэлээ. Зарчимтай байна гэдгийг юу гэж ойлгох вэ. УИХ-ын дэд даргаар залуу хүнийг сонгоно гэсэн үг үү. Эсвэл заавал “Алтан гадас”-аас сонгох албагүй гэсэн үг үү?

-Улс төрд залуу, хөгшин гэж насны ялгаа хамаагүй. Хамгийн гол нь улс төрд орж ирээд хэр удаж байгаа нь, улс төрд ажиллах хугацаандаа Монгол Улсын төлөө юу хийв гэдгээр л дүгнэх ёстой. Өнөөдөр улс төрд байгаа хүмүүсийн биологийн нас 40-60 шүү дээ.

Нам дотор фракцилдаг, бүлэглэдэг цаг үеэ өнгөрсөн. Энэ нь тухайн үедээ хэрэгтэй байсан байх. Харин одоо АН нэгэн цул болж ардчиллын үнэ цэнийг ард түмэнд хүргэхийн тулд үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглах ёстой.

Манайхаас өөр хариуцлага хүлээх улс төрийн хүчин алга байна. Нэг нам 20-иод жил ажиллаж юу хийдгээ харууллаа. Харин одоо манай намд анх удаа улс орноо удирдах боломж гарлаа. Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д олонх боллоо, хууль хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй Засгийн газраа байгууллаа.

Мөн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нь АН-аас сонгогдсон. Ийм боломжийг бид найман сар ашиглалаа. Үүнийг одоо дөрвөн жил болгох боломжийг фракц гэх мэт ялихгүй зүйлээс болж алдмааргүй байна.

-Энэ боломжоо дөрвөн жил ашиглахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулах ёстой. АН нэр дэвшигчээ тодруулахад одоогийн Ерөнхийлөгч өрсөлдөгчгүйгээр гарч ирлээ. Өмнө нь танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд олон хүн нэрээ дэвшүүлдэг байсан. Гэтэл энэ удаагийн нэр дэвшүүлэх хурал ардчилсан биш коммунист намын хурал шиг боллоо гэх хүн олон байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Үүнийг хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас зургаан хүн нэрээ дэвшүүлж байлаа. Тухайн үед би Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байсан.

Тэр үйл явдлын нэг гэрч нь би. Улмаар мэргэжлийн улстөрч гэж хэлж болох Ц.Элбэгдорж гарч ирээд ялсан. АН доторх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөн тухайн үед явагдаад өнгөрсөн гэсэн үг.

Харин одоо тэр өрсөлдөөний ялагч ажлаа үргэлжлүүлэх ёстой гэж бид үзсэн. Түүнээс биш ямар ч өрсөлдөөнгүй байлаа гэж харж болохгүй. Өрсөлдөөн байсан. Тэр өрсөлдөөн нь 2009 онд болчихсон юм.

-Танай нам дотроо зөрчилтэй байгаа нь үе үе харагддаг. Тиймээс таны хэлж байгаа фракцилдаг, бүлэглэдэг явдал үеэ өнгөрөөсөн гэдэг нь олон нийтэд үнэмшилгүй санагдах юм биш үү?

-Үзэл бодлын жижигхэн зөрүү байж болно шүү дээ. Харин улс орноо ардчилал, зах зээлийн нийгмийн журмаар хөгжүүлэх, хууль, хүний эрхийг дээдлэх тал дээр нэгдмэл байх ёстой.

-Та УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцэх үеэр “Алтан гадас” фракц алтан гудас шиг болсон гэж хэлсэн. Таныг ингэж хэлэхэд Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг таныг шүүмжилж байсан. Та үг хэлснийхээ дараа өөртөө дүгнэлт хийсэн үү?

-Би биш юм аа гэхэд өөр нэг гишүүн “Алтан гадас" фракцыг шүүмжлэх л байсан байх. Шүүмжилж байгаагаа ямар байдлаар илэрхийлэх нь өөр хэрэг. Хүний хэлсэн үг, үсгээр хөөцөлдөөд байх шаардлагагүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсан байх. Юу гэж ойлгох нь тухайн хүний л асуудал.

Миний хэлсэн үг бол засгийн эрхэнд гарсан АН иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй л гэсэн. М.Батчимэг гишүүн хүн үг хэлж байхад хажуугаар орж ирдэг нь буруу.

Дараа нь өөрийнхөө үг хэлэх цаг дээр үзэл бодлоо илэрхийлэхдээ юу ч гэж хэлсэн болно шүү дээ. Сонин хэвлэлээр ч гэсэн манай гишүүд намынхаа талаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг. Улс төрийн товчоо шиг болсон байна гэх зэргээр шүүмжилдэг.

Хамгийн гол нь шүүмжлэл үндэслэлтэй байх нь чухал. “Алтан гадас” алтан гудас шиг боллоо гэдгийг би анх хэлж байгаа юм биш. Гадуур олон нийтийн ярьж байгаа зүйлийг л илэрхийлсэн хэрэг.

Нам дотор фракцилдаг, бүлэглэдэг цаг үеэ өнгөрсөн.
-М.Батчимэг гишүүн таныг энэ асуудлаа бүлэг дээрээ ярих ёстой гэж байсан. Та чуулганы танхимд хэлсэн байр сууриа бүлгийн хуралд оролцохдоо хэлээгүй юм уу?

-Бүлэг дээр үзэл бодлоо илэрхийлж ярилцалгүй яахав. УИХ-ын дэд даргыг АН-аас нэр дэвшүүлж сонгоно гэдэг нь ганцхан манай намын асуудал биш, Монгол Улсын асуудал. Засгийн газрыг удирдаж байгаа АН зөв явж байгаа гэдгээ харуулахын тулд сонголтоо зөв хийх ёстой.

Олонхийг бүрдүүлж байгаа бүлгийн дотоод асуудал зөвхөн бүлгийн биш, улс орны дотоод асуудал гэж үзэх ёстой. Манай нам нээлттэй ил тод байж доторх идээ бээрээ шахах ёстой.

Энэ бол хувь хүмүүсийн дотоод асуу- дал биш. Тийм учраас бүлэг дээр ийм байх ёстой гээд хэдэн хүн хуйвалдаад сууж болох- гүй. Би бол үүнтэй санал нийлэхгүй байгаа.

-Тэгэхээр бүлгийн хурал дээр УИХ-ын дэд даргад өөр хүнийг нэр дэвшүүлээгүй гэсэн үг үү?

-Дэвшүүлээгүй. Зүгээр хоорондоо ярилцаж л байсан. Үүнийг дэвшүүлсэн гэж үзэж болохгүй.