Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчлөн Чингисийн болгож буйг эсэргүүцэн МАН-ын удирдлагууд болон ахмадын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
2013.07.17

МАН-ынхан жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхийг эсэргүүцэв

Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчлөн Чингисийн болгож буйг эсэргүүцэн МАН-ын удирдлагууд болон ахмадын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Мөн хуралд Их жанжин Сүхбаатарын зээ охин Д.Сүхжаргалмаа оролцсон юм.

Анх 1930 онд Оросын мэргэжилтнүүдийн зураг төслөөр Сүхбаатар жанжинд зориулсан хөшөөг Бөмбөгөр ногоон теартын өмнө одоогийн төрийн ордны хуучин буурин дээр байгуулж байжээ. 1930 оноос хойш ард түмэн өөрсдөө Сүх жанжны талбай гэж нэрлэсэн бөгөөд 1946 онд тус талбайг шинээр засч янзлахдаа  сайд нарын тогтоолоор албан ёсоор Сүхбаатарын талбай болгож нэрлэсэн түүхтэй аж. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн шийдвэр гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар  хэллээ.

Тэрээр үргэлжлүүлэн тайлбарлахдаа “Монголын  дөрвөн үеийнхний итгэл үнэмшил бахархал, эх оронч үзлийн үнэт зүйл болсон түүхийн дурсгалт газрын нэрийг долоон хүний саналаар өөрчилсан нь ёс зүй, үзэл баримтлал, ардчилсан зарчмын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл боллоо. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх НИТХ-ын тэргүүлэгч нарт байхгүй юм. Учир нь тус талбайн нэр нь Монголын хууль, тогтоомжуудад Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ байдаг. Хуулинд нэр зааж нэрлэгдсэн нэрийг өөрчлөх эрх орон нутгийн байгууллагуудад байдаггүй юм. Тухайлбал жагсаал цуглаан хийх хуулийн 7.1.6-д Сүхбаатарын талбай төрийн ордонд хамаарах хэсэг гэж заасан байгаа юм. Засгийн газрын тогтоол болон хуулийн заалтыг зөрчөөд хэдэн нөхөд АН-ын захиалгаар Монголын түүхийн нэг хувийг баллуурдах оролдлого хийж байгаа нь нийт ард түмний болон төрийн бус байгууллагын зэвүүцлийг төрүүлж байна.

Засгийн газрын тогтоол болон хуулийн заалтыг зөрчөөд хэдэн нөхөд АН-ын захиалгаар Монголын түүхийн нэг хувийг баллуурдах оролдлого хийж байгаа нь нийт ард түмний болон төрийн бус байгууллагын зэвүүцлийг төрүүлж байна гэв.

Тиймээс хууль зөрчсөн шийдвэрээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Ард түмний үзэл санааг цаасан дээр арилгах гэж оролдож байгаа нь бүтэшгүй зүйл.  Яаж ч нэрлэсэн Сүх жанжны талбайгаараа л байна. Их Чингис хаанаар овоглосон олон газар бий. Сүүлийн хоёр засгийн газрын хугацаанд 20 гаруй газрыг "Чингис" нэрээр нэрлэсэн байдаг. Эрх баригч нам юун түрүүнд Хархорин хотоо сэргээн хөгжүүлээд тэндээ Чингис хааны талбай байгуулаач. Тэгвэл тэр шинэ бүтээн байгуулалтын ажил болно. Харин нэршээд заншсан газрын нэрийг өөрчлөх хэрэггүй юм. Тиймээс ард түмнээ битгийн хагралдуулаач. Чоно борооноор гэдэг шиг ард иргэд амарсан, хүмүүсийн анхаарал сарнисан энэ үеэр хулгай маягтай шийдвэрийг хурдан оруулж ирээд хуумгай шийдвэрлэж байна. Яагаад Сүхбаатарын талбай, Ардын хувьсгал гэдэг үгнээс цэрвээд байгаа юм. Яагаад түүхээ үгүйсгээд байгаа юм гэж асуумаар байна. Хэрвээ энэ шийдвэрийг өөрчлөхгүй бол бид дараагийн аргад шилжилж Сүхбаатарын талбайгаа хамгаалах болно” гэлээ. 

Харин их жанжин Сүхбаатарын зээ охин Д.Сүхжаргалмаа энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд энэ ганцхан Сүхбаатар гэдэг хүнийг биш бүхэл бүтэн Монголын түүхийг  баллуурдаж байна гэсэн юм.

Мөн Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчилж Чингисийн болгох асуудлыг НИТХ-ын дундуур гэнэт оруулж ирж ярилцсан гэж НИТХ дахь МАН-ын төлөөлөгч хэллээ. Тус асуудал нь өчигдөр хэлэлцэх асуудлууд дунд байгаагүй бөгөөд уг асуудлыг гэнэт оруулж ирэн олноороо хүч түрэн шийдсэн гэв.

Хэрвээ НИТХ энэ тогтоол шийдвэрээ өөрчлөхгүй бол хууль шүүхийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгээд ч хуульд заагдсан нэрийг өөрчилсөн тогтоол хүчингүй! Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчдийн энэхүү шийдвэр хүчингүй гэж МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэллээ.