Барилгын салбарын 90 жилийн ой тохиож байна
2016.09.08

Барилгын салбарын 90 жилийн ой тохиож байна

Өнөөдөр  Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Барилга хот байгуулалтын яамнаас баярын хурал зохион байгуулж барилгачдын төлөөлөл болон үе үеийн ахмадууд хүрэлцэн ирж оролцлоо. 

Энэ үеэр УИХ-ын даргын зөвлөх М.Мөнхжаргал УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. 

Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ салбарын үе үеийн ахмадууд, нийт барилгачид Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.  

Одоогоос 90 жилийн тэртээ  нүүдэлчин монголчууд бид туурга тусгаар улсынхаа анхны Үндсэн хуулийг батлан тунхаглаж, суурьшмал соёл иргэншлийн эдийн засаг, нийгэм, соёлыг хөгжүүлэх их үйлс эхэлсэн юм. Чухам энэ үеэс л манай улсад орчин үеийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан хөгжиж, ард иргэд маань их бүтээн байгуулалтад хүчин зүтгэж ирсэн түүхтэй. Энэхүү түүхт замнал, улс орны өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд манай барилгачдын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ. 

Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил харьцангуй цөөн сар үргэлжилдэг хэдий ч Та бүхэн маань асар их бүтээн байгуулалтыг цаг, нартай уралдан гүйцэтгэж, орчин үеийн шинэ хотыг сүндэрлүүлэн босгож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Шинэ хот сууринг сүндэрлүүлж, хот байгуулалт болон түүний төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгож, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж орчин үеийн  шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа барилгын инженер, техникийн ажилтнууд, барилгачид Та бүхний   ажиллах, хөдөлмөрлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал байнга анхаарч ирлээ. Орчин үед барилгын салбарт хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого боловсруулах, хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох талаар Улсын Их Хурал олон зүйлийг төлөвлөн ажиллаж байна.  

Барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангахуйц  стандарт, шаардлагад нийцсэн, орчин цагийн хийц загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  шинэ техник, технологи нэвтрүүлэн барилгын салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх хариуцлагатай зорилт барилгачдын өмнө тавигдаж  байна. 

Барилгачид Та бүхэн ахмад үеийнхээ баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, өндөр хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах ажлыг шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй уялдуулж их бүтээн байгуулалтыг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.  

 

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдцыг хангах, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа нийт барилгачид Та бүхэндээ баяр хүргэж,  эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

Улаанбаатар хот
2016 оны 9 дүгээр сарын 8-ны  өдөр