“Улс төр чамайг оролдоно”
2016.02.29

“Улс төр чамайг оролдоно”

Улс төр, нийгэм  судлаач Ж.Мөнхжаргал

Чи улс төрийг сонирхохгүй байж болно улс төр чамайг оролдоно гэсэн утга бүхий үг байдаг.

Гэхдээ улс төр намайг оролдож байна гээд хүндрүүлэн хүлээн авбал танхай эмээгээс эхлээд мөрөөдлийн багт урилгагүй элсүүлчих хүн тун олон. 

Сүүлийн хэд хоног Монголын улс төр дуучин Нарагийн мөөмөөр дутаж, мүүний гэх гаж урсгалаар амьсгаадсан өдрүүд сошилд өрнөв. Хэн дуртай нь УИХ-д орж төр жолоодох тухай мөрөөдөж эхлэв.

Яг үнэндээ морины жолоо зөв атгаж үзээгүй нөхөд төрийн жолоо атгах тухай бодох болсон цаг үед та бид хамтдаа амьдарч байна. 

Энэ хэний буруу вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ, засаглалын хямрал уу, эсвэл ерөөсөө улс төр ийм байдаг юм уу.

Эдийн засаг, ер нь бүх салбарыг хямрал нүүрлэсэнтэй холбоотой гарч буй гаж илрэл үү г.м олон санаа хөврөнө.

Уг нь Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд УИХ гагцхүү хууль тогтоох эрх мэдлийг л хэрэгжүүлнэ гэж заасан байна.

Энэ нь УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулах, хууль батлах л ажил хийнэ гэсэн санаа. Дуулах, ямаа самнах, бүжиглэх чадвартай хүн хэрэгтэй гэж бичээгүй байна. Гэвч бүгд л улс төрийг сонирхдог. Гэнэт улс төрч болчихдог, гэж өөрсдөө боддог.

Ер нь улс төр гэж чухам юу юм бэ. 

Улс төр судлал, улс төрийн шинжлэх ухаан бол улс төрийн тухай, хүн ба нийгэмтэй харилцах харилцааны тухай шинжлэх ухаан мөн хэмээн заалгаж байлаа.

Агуу сэтгэгч Аристотель “Улс төр бол өөр бусад хүмүүстэй байнгын харилцан үйлчлэлд байх үйлийн тавилантай атлаа нийгэм хамт олны дотор үнэ цэнэтэй амьдрах чадвартай нийгмийн амьтан болох хүний уг чанарт суурилна” хэмээн хэлсэн байдаг.

Үүнийг товчилбол “Хүн бол улс төрийн амьтан” гэж ойлгож болно. Үүнээс ухаж үзвэл хүмүүсийн харилцаа улс төрд тулгуурлан тогтож байдаг. Хүмүүн төрөлхтөн улс төрөөс ангид амьдрахгүй гэдэг ухагдахуун юм.  

Хүн бүхэн л сайн сайхан амьдралыг хүсдэг. Харин сайхан амьдралд нөлөөлөх том шийдвэрийг улс төрчид ихэвчлэн гаргадаг.

Жишээ нь: Хүн бүхэн хуулийн хүрээнд амьдарна. Харин хуулийг батлагчид нь улс төрчид байдаг. Тиймээс улс төр гэх үзэгдэлтэй ямар нэгэн байдлаар хүн холбогддог, шууд бус юм аа гэхэд улс төрийн үйл явц далд байдлаар нөлөөлж байдаг.

Гэхдээ хэт хүндрүүлэн ойлгоод улс төр надаар дутаж байна гээд “Энгэрээ сул тавих” нь эрсдэл өндөртэй. Баруунд энгэрээ сул тавьсан нөхөд нэр дэвшиж, ярианы сэдэв үүсгэж л байдаг.

Гэвч бүгд л ялагддаг. Италид ганц нэг “по” од парламентад сууж байсан. Гэхдээ тэд улс орныхоо төлөө юу ч хийж чадаагүй. Бусдын амны бай, сонин, сэтгүүлийн нүүрийг чимээд л чимээгүй алга болсон.  

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бол төрийн хүний шалгуур үзүүлэлтийг маш товчхон, ойлгомжтой илэрхийлсэн монголчуудын хүний нөөцийн уламжлалт философи байв.

Гэрээ засч, төвхнүүлж амжаагүй яваа бол төрийг засах тухай яриа байхгүй гэсэн санаа.

Одоогийн 76 дотор тийм нөхөр огт байхгүй гэж би хэлж чадахгүй бөгөөд байгаа гэдэгт эргэлзэхгүй. Байгаа учраас болно, болдог юм байна гээд зарим нэг хүн нүдээ аниад зүтгэж буй биз ээ. Аналгин зардаг авгайг сонгосон нь бидний л алдаа.

Сум нэгдэлийн дарга сайн хийсэн хүнийг ажил нь тааруухан байгаа суманд ажилуулдаг, тэгээд сумаа өөд нь татсан бол аймагт, хотод гэх мэтээр шат дараалалтай дэвшүүлдэг байсан бодлого бол хүний нөөцийн сонгодог арга байв.

Бизнес огт хийж үзээгүй, өртэй, зээлтэй нөхөр баяжих арга ухаан, мөнгө дууддаг лекц унших болсон нь монголын нийгэмд тохиолдож буй марзан гэхэд дэндүү марзан үзэгдэл юм. Ядаж байхад танхим дүүрэн хүнтэй шүү.  - Монголын төр ч нэгдсэн бодлого байхгүй, дээрх лекц шиг зүйлийг л унших болсон. Төрийн өндөрлөгүүд нэгдсэн байрь суурь, бодлого огт алга гэж харагдах.

Өндөр дарга  “Таван толгойг хөдөлгөнө” гэж мэдэгдэл хийсэн чинь намхан дарга нь хөдөлгөхгүй ээ гээд таг зогсоосон. Ажил ийм байдлаар л зогсож байна.

Өөрөөр хэлбэл таван хошуу мал таах тэмцээнд Ерөнхий дарга нь “Тэмээ, тэмээ, тэмээ” гэсэн чинь Их хурлын дарга нь үгүй ээ “Ямаа” гэв. Гэтэл нөгөө дарга нь “Маргалдах аа л больчих л доо хонь” гэж хадуурав. Хошин байдлаар харвал иймэрхүү байдалтай л улс төрийн өдөр хоног үргэлжилж байна.

Улс орны гадаад өр талийсаар 1 настай хүүхдээс 80 настай бууралд оногдох нэг хүний өр 5 сая 900 мянган төгрөгт хүрчээ.

Ардчилсан намын дарга долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй байна гэж хэлэхтэй зэрэгцэн долларын ченж ханшаа 2040 төгрөг болгон өсгөж байх жишээтэй. Гэвч бид улс төржсөөр л бас дахин улс төржсөөр л. Амьдрал улам хүндэрсээр л байна.  

Сошилд юу тренд болж байна. Улс төр л тренд болж байна. Улс төр шиг гоё зүйл байхгүй болсон бололтой.

Нэг гэрийн хоёр өөр нам тэгээд өдөржин улс төржин хэрэлддэг тухай бишгүй л сонсож байв. Өдөр ч яахав шөнө яадаг бол доо.

Яг үнэндээ улс төржих цаг үедээ буюу сонгуулиар л улс төржөөд бусад үед нь өөрт оногдсон ажлаа л сайн хийх ёстой юм. Харамсалтай нь хийх ажил байхгүй болсон болохоор улс төржих л ажил хийдэг бололтой.

Ажилтай, орлоготой, аятайхан ресторанд найзыгаа дайлчих мөнгөтэй явсан цаг үе бас байсан юм шүү. Цалинг гурав дахин нэмсэн, эдийн засгаа тогтвортой өсгөсөн Ерөнхий сайд байсан тухай бараг мартах шахаж байна.

10 жилийн өмнө 92 мянган төгрөгний цалинтай хүн 280-320 мянган төгрөг авдаг болж хагартлаа баярлаж байсан цаг саяхан. 

Гэтэл цалин нэмж чадаагүй сайд хорсохдоо тэр үед юмны үнэ өссөн гэж гомдлов. Яг үнэндээ тэр үед 290 төг байсан атар талх 330 төгрөг болж 120 төгрөгөөр л өссөн байдаг.

Харин 2012 онд 640 төг байсан атар талх цалин нэмээгүй одоогийн ерөнхий сайдын үед 1410 төгрөг хүрч даруй 770 төгрөгөөр нэмэгджээ. Талхны үнэ өсвөл алхны үнэ өсөх л учиртай.

Гэтэл хэн нь зөвхөн талх өсгөж, хэн нь алхны үнэ давхар өсгөснийг харуулсан бодит жишээ бол энэ юм. 

Судлагааны байгууллагууд сонгуулийн дараа “Сонгогчдын боловсрол нимгэн байна” гэдэг үгийг сүүлийн 25 жил хэрэглэсэн бол одоо нэр дэвшигчдийн боловсрол нимгэн гэдэг шинэ үг тренд болох шинж тэмдэг мэдрэгдээд, батлагдаад эхэллээ.

Эхнээсээ шилэн диплом аян өрнөөд эхэлсэн байна. Гэхдээ ямар ард түмэн байна тийм л төр засаг бүрдэнэ гэсэн үгийг мартаж ер боломгүй. Оюу толгой одоо яг хөдөллөө ч гэдэг юм уу сонгуулийн өмнө нэг сайхан сэтгэл хөөргөж, сэрэл хөдөлгөж магадгүй.

Эх нь булингартай бол адаг нь булингартай.

Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг ойрдоо нэг их том хүлээлт бол ирэхгүй нь эдийн засгаа ч энэ хэдийгээ харахад ойлгомжтой байна.  

Эрх баригчдын олон алдааг уучлаж болох ч нэг том алдаа уучлагдах боломжгүй.

Энэ бол итгэлийг үгүй хийсэн явдал. Итгэл хурдан сэргэхгүй. Итгэлийг алдах амархан, олох, хадгалах маш хэцүү байдаг. Эвдсэн итгэлийг сэргээх, эвдэлсэн тогтолцоог засах их эрч хүч хайрлаач. Муу хэлүүлдэг ч ажил хийдэг ганц л том хүүтэй улс шүү дээ. Түүндээ л итгэл үзүүлэх хэрэгтэй. За Гүндалай урлагт орвол орог, Нара минь улс төрөөс хол байж үзээрэй. Дэмий юм дэмий л гэдэг.