Ж.Сүхбаатар: Шинэ сорилт, бэрхшээл тулгарч байна
МАН-ын байр
2013.10.21

Ж.Сүхбаатар: Шинэ сорилт, бэрхшээл тулгарч байна

МАН Ерөнхий нарийн бичгийн дарга дээр тогтоогүй байна. УИХ-ын гишүүн асан, намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайд асан Б.Энхмандах, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар нар нэр дэвшихээр болж тус бүртээ мөрийн хөтөлбөрөө бэлдэцгээж байгаа гэх.

Намын дарга гэхээс илүүтэй генсекийн өрсөлдөөн хурцаджээ. Ийн ирэх амралтын өдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх МАН-ын XXVII Их хурлын өмнөх ДҮР зураг товчхондоо ийм. Их хурлын өмнө зарим гишүүн юу гэж хэлсэн тухай хэвлэлийн хуудаснаас иш татав.

Ж.Сүхбаатар: Шинэ сорилт, бэрхшээл тулгарч байна

-МАН бол Монголд байгаа тэргүүлэгч улс төрийн хүчин. Бид XXVII Их хурал дээрээ юун түрүүнд намынхаа улс төрийн шинэ нөхцөл байдалд нам хэрхэн дасан зохицож ажиллах, намын даргын улс төрийн илтгэл, намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах асуудлаа ярина. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудлуудаар нам өөрийн бодлогын нэгдсэн шийдлийг нийгэмд танилцуулна.

Өнгөрсөн жил бид эрх баригч улс төрийн хүчин байсан. Одоо түүхэндээ хоёр дахь удаагаа сөрөг хүчин болж байна. Хоёр дахь удаагаа сөрөг хүчин болж байгаагийн улс төрийн шинэ нөхцөл байдал, шинэ сорилт бэрхшээл энэ намд тулгарч байна. Энд дасан зохицож үйл ажиллагаагаа бүтцийн хувьд өөрчлөлт хийх чиглэлээр ажиллаж байгаа.