Ж.Сүхбаатар: Сахилга, хяналтыг хүчтэй болгох зорилго тавьж байна
Удахгүй МАН-ын XXVII Их хурал болно. Тус хурлаар намынхаа дарга болон генсекийг сонгох учиртай.Одоогоор МАН-ын даргад өрсөлдөхөөр албан ёсоор мэдэгдээд буй нь УИХ-ын гишүүн М.Энхболд, тус намын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан нар. Харин генсект Элчин сайд асан Б.Энхмандах, мөн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд асан Д.Цогтбаатар нарын нэр яригдаж буй. Тэгвэл эдгээр хүн намынхаа талаар зарим хэвлэлд юу ярьсныг тоймлон хүргэе.
МАН-ын бичгийн дарга Ж.Сүхбаатар:
-Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнгээр манай нам цөөнх болж, намын бодлого хөтөлбөрөө шууд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Бидний хувьд улс төрийн шинэ сорилт бүхий нөхцөл байдал тулгарсан. Үүнтэй холбогдуулан МАН нь зохион байгуулалтын зарчим болсон дүрэмдээ нэмэлт засвар хийхээр болсон юм.
Ялагдлаас хойш жил зургаан сарын хугацаанд өөрсдийгөө толинд харж, сайн муугаа ярилцлаа. Ингээд онцлог нөхцөл байдалдаа тохируулан удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ гэдэгт санал нэгдсэн. Намын удирдах зөвлөл, хяналтын хороо гэсэн бүрэлдэхүүний тоог цөөлж, хариуцлага хүлээх чадамж, ажил гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх зэрэг өөрчлөлт оруулахаар болж байна.
Намын бага хурлын 314 гишүүний тоог цөөлөх, хариуцлагаар нь ротаци хийдэг болох шаардлагатай
Сөрөг хүчин байх үед ерөнхий нарийн бичгийн дарга биш намын дарга нь намын удирдах зөвлөлийг удирддаг байх зэрэг ч багтсан. Мөн намын бага хурлын 314 гишүүний тоог цөөлөх, хариуцлагаар нь ротаци хийдэг болох шаардлагатай талаар тусгаж байна. Жишээ нь, зарим бага хурлын гишүүд хураамжаа төлдөггүй, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцдоггүй. Намын үйл ажиллагаанд манлайлан оролцох гол хүч бол бага хурлын гишүүд учраас ингэж байгаа юм.
Харьяалагдаж буй аймаг нийслэлийн намынхаа хороонд жил болгон тайлангаа тавьдаг болох, хороо нь шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татах саналыг Удирдах зөвлөл, хяналгын ерөнхий хороонд гаргах гэх мэт механизмаар ажиллаж байж шуурхай, зохих ёсны гүйцэтгэл гарч ирнэ. Ерөнхийд нь сахилга, хяналтыг хүчтэй болгох зорилго тавьж байгаа. Хамгийн гол зүйл бол намын эв нэгдэл, хүчин чадалтай байлгахын тулд сахилга бат, дүрмийн дагуу л ажилладаг болох. Гэхдээ бид дүрмээсээ ч болж ялагдсан нам биш л дээ.