МАН-ын генсект нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
МАН-ын 27 дугаар Их хурал энэ сарын 27-нд болно. Тов тодорхой болсны дараа МАН-ын удирдлага хэн байх, цаашлаад гал тогоог нь сахиж байх нэр цэвэр, шударга, бас залуу хүний эрч хүчээр намаа шинэчлэх Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал олны анхаарлыг татсаар байгаа билээ.
Энэхүү өрсөлдөөнд БОАЖ-ын яамны сайд асан Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, «Үнэн» сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Шведийн Вант Улсад Онц бөгөөд Бурэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Энхмандах нарын нэр яригдаж байгаа. Ингээд МАН-ын генсект нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тодруулах гэж үзъе.
Ж.Сүхбаатар:
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга. Ж.Сүхбаатар, 33-хан настай УИХ-ын гишүүн болж байсан.
Тэрбээр төр захиргааны дээд байгууллагуудад тасралтгүй 15 жилийн турш ажилласан дадлага туршлагатай эрхэм. Шат шатанд хариуцлагатай ажил хийж ирсэн түүнийг төрийн ажилд тун чамбай ханддаг, ирээдүйтэй улстөрчийн нэг гэж үнэлдэг.
УИХ-ын гишүүний туслахаар ажлынхаа гарааг эхэлж, УИХ-ын гишүүн болж байсан хүн бол Ж.Сүхбаатар. Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр гишүүн болтлоо 12 жил төрийн албанд тасралтгүй ажиллажээ.
УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Нарийн бичгийн даргаар ажилласан байна. Ж.Сүхбаатар 2008 онд УИХ-д нэр дэвшихийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байв.
Ж.Мөнхбат:
1979 онд төрсөн. Улстөр судлаач мэргэжилтэй. Одоо «Монголын үнэн» сонины ерөнхий эрхлэгч. МАН-ын Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн. НАМЗХ- ны дэд ерөнхийлөгч. Их сургуулийн оюутан байхаасаа идэвх, манлайлалаараа бусдаас ялгарч 25-хан насандаа МАСЗХ (одоогийн НАМЗХ)-ны генсекийн тушаалд дэвшсэн.
Үеэсээ бас цагаасаа эрт улс төрд орсон тал түүнд бий ч бэрхшээл, саадыг эр биений ир, зоригоор давахаас өөр сонголт өргөгч крангүй «хөдөөний хүү»-д байгаагүй байх. Утга зохиолын унаган авьяастай түүний намтрыг элдвийн хачиртай, хачиргүйгээр нь хаанаас ч харж болно.
Сайн, муутай нь хутгалдан байж, Ардын намын төлөө тууштай зүтгэсэн түүнийг өнгөрсөн оны сонгуулиар арын сайхан хангайд дэвшүүлсэн. Гэсэн ч намаа шинэчлээд эргэн ирэхийг сонгогчид мань эрд даалгасан. Шинэчлэгдсэн МАН, шилэгдсэн туршлагаар буцан ирэхийг нутаг нь хүлээж суугаа.
Б.Энхмандах:
Монголын намуудын түүхэнд саналаараа генсект өрсөлдөж байсан хүн байхгүй. Тэрбээр МУИС-д багш, МУИС-ийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ- ийн хорооны нарийн бичгийн дарга, Москва хотын Нийгмийн ухааны академид аспирант зэрэг ажлуудыг хийж явсан. Б.Энхмандах хар залуугаасаа МАН-д зүтгэсэн гэдэг.
Тэрбээр 1991 оноос тухайн үеийн «Үнэн» сонины эрхлэгч доктор Ганбаттай хамтран «Шинэ үе» жигүүрийг байгуулж жигүүрээ төлөөлөн МАХН-ын нарын бичгийн даргаар ажиллаж байжээ. Улмаар 1996 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээснээр намын удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон бөгөөд Б.Энхмандах ч ажлаа өгч нэгэн судалгааны байгууллагын даргаар ажиллах болсон.
1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлд Улс төрийн зөвлөх хийж байхдаа «Казино »-гийн гэх хэрэгт холбогдон ихээхэн дуулиан тарьж байсан. Тэрээр дипломат албанд томилогдож Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд Зөвлөхөөр ажилласан.
Д.Цогтбаатар:
БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар. Түүнийг хэл ус сайтай, боловсрол өндөртэй гээд намынхан магтдаг. Тэрбээр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын зөвлөхөөр очиж байсан. Тэрбээр сайн дипломатч төдийгүй өмнө нь Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Одоо МАН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргын албыг хашиж байна.