Ж.Энхбаяр: Би намын даргад нэр дэвшихгүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.10.25

Ж.Энхбаяр: Би намын даргад нэр дэвшихгүй

МАН-ын их хурал энэ сарын 27-нд болно. Уг хурлаар хамгийн их анхаарал татаад байгаа МАН-ын дарга хэн болох вэ гэсэн асуултын хариулт тодорхой болох юм. Улс төрийн ууган хүчний даргад нэр дэвших эхний хүний нэр тодорсон. Тэр нь МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан юм. Мөн түүнтэй өрсөлдөх нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд МАН-ын туршлагатай гишүүд болох Н.Энхболд, М.Энхболд нарын нэр яригдаж байна. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн МАН-ын даргад өрсөлдөнө гэх мэдээлэл гараад байсан ч тэрээр энэ албан тушаалд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-МАН-ын их хурал энэ сарын 27-нд болно. Уг хурлаар намын ихэнх гишүүд, дэмжигчдийн хүлээж, ярьж буй шинэчлэл хийгдэх болов уу?

-Энэ бол хэн нэгэн хүн дарга болох асуудал биш. Мөн намын гишүүдийн ч асуудал биш. Үүнийг их өргөн хүрээнд харах ёстой. Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг.

-МАН-ын намын гишүүн таны хувьд их хурлаас юуг хүлээж байгаа вэ?

Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог.

-Намын гишүүн хүний хувьд энэ удаагийн их хурлаас гурван зүйлийг хүсэн хүлээж байна. Юу гэхээр Монгол Улсын нийгмийн өнгөрсөн 20 жилийн амьдрал, бидний алдаа, оноонд үнэлэлт дүгнэлт өгөөсэй. Бид үнэт зүйлээ, засаглалаа, эдийн засгийн бодлогоо тэр ч бүү хэл Үндсэн хуулиа хүртэл өөрчилсөн. Үүний үр дүн ямар байна вэ гэдэгт МАН дүгнэлт хийх ёстой. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд нийгэм дэх баян, ядуугийн зөрүү асар их гарч байна. Эдийн засгийн одоогийн загвараар энэ асуудал шийдэгдэхгүй. Мөн өнөөгийн Монголын төр, Парламент мухардах тал руугаа яваад байгаа зүйл ажиглагдаж эхэллээ. УИХ дахь ардчиллын үндсэн шинж чанарууд алдагдаж байна. Улс төрийн намууд нийгмээ дагуулах, манлайлах чадвараа алдаж эхэлсэн.

-Тэгвэл яг одоогийн нөхцөлд МАН сөрөг хүчин байж чадаж байгаа юу?

-Сонгуулийн дараа улс төрийн намууд нэг жил ажиглалт хийдэг шүү дээ. Харин шинэ Засгийн газар, эрх баригчид бодлогоо хэрэгжүүлээд явдаг. Өөрөөр хэлбэл хийж эхэлж буй ажлыг нь юу юугүй шүүмжлээд байж болохгүй. Нэг жилийн дараа буюу үр дүн гарсны дараа сөрөг хүчин ажиллаж эхэлдэг гэж хэлж болно. Тэр зарчмаар МАН төсөвтэй холбоотой өргөн баригдсан хуулиуд дээр байр сууриа илэрхийлж эхэлж байна.

-Эрх баригчдийн нэг жил хийж, бүтээсэн үр дүн ямар байна гэж дүгнэж байна вэ?

-Бодит байдлыг бүгд харж, мэдэж байна. МАН эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их өсөлттэй, хөрөнгө оруулалт хийхэд хамгийн найдвартай мөн дэлхийн эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангууд манай улсад орж ирсэн улс орныг шинэ сонгогдсон эрх баригчдад хүлээлгэж өгсөн. Гэтэл нэг жилийн дараа ямар байдалд орсныг харж байгаа байх. Монголд хийсэн бүх хөрөнгө оруулалтууд эрсдэлд орж, Монголын нэртэй хувьцаанууд дэлхийн зах зээлд маш их хэмжээгээр үнийн уналтад орлоо. Мөн Монгол Улсыг эдийн засгийн маш тогтворгүй орчинтой хэмээн дэлхийн бусад орнууд дүгнэж эхэлсэн.

Монгол Улсын өрийн хэмжээ гэхэд л 15 тэрбум 200 сая ам.долларыг давчихлаа.

Түүнчлэн зээлийн өр үндэсний аюулгүй байдлын ноцтой түвшинд тооцогддог ДНБ-ий 40-өөс дээш хувийг давж болохгүй гэсэн үзүүлэлтийг аль хэдий нь давсан байна. Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийн үеэр өрийг дахиад 60 хувиар нэмэгдүүлэх тухай хүртэл ярьлаа. Хүүхдийнхээ мөнгийг хүртэл өр тавьж өгөх гэж байна. Ийм ноцтой байдал үүссэн учраас сөрөг хүчний хувьд ярьж, байр сууриа илэрхийлж эхэллээ.

-Ард түмний хамгийн их анхаарал татаж буй асуудал бол МАН-ын их хурлаар тодрох намын дарга хэн байх вэ гэсэн асуултын хариулт юм. Шинэчлэгдэнэ гэсэн боловч МАН-ынхан хуучин гишүүд дундаасаа намын даргыг томилно гэсэн яриа гараад байна. Таны бодлоор ямар хүн намын дарга болох бол?

-Хэн болох нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь өнөөгийн нөхцөл байдлыг хэр зөв үнэлж, дүгнэж, цаашлаад Монгол Улсын ирээдүйн чиг хандлагыг хэрхэн зөв харж чадаж байгаа хүн л намын дарга болох ёстой. Ирээдүйн чиг хандлагыг зөв тодорхойлохоос гадна сонгогдсон намын даргын хийж хэрэгжүүлэх ажлыг дэмжих, туслах, хамтран ажиллах багийн потенциал, нөөц хэр байх нь мөн чухал. Өөрөөр хэлбэл тулгамдаж буй асуудлыг шийдэж чадах хэн нэгэн бус хэрэгжүүлж чадах багийн асуудал яригдах юм.  

-Сүүлийн үед таныг МАН-ын даргад нэр дэвшинэ гэсэн яриа гарах болсон?

-Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй.

-Яагаад?

-Яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм.