2013.10.31

С.Бямбацогт: Бурууг зөв рүү чиглүүлдэг, бүтээлч цөөнх байна

МАН-ын Их хурлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт-оос тодруулга авснаа хүргэе.

-МАН-ын 27 дугаар Их хурлаар хэлэлцсэн Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг та ахалсан. Яагаад дахин ийм хөтөлбөр боловсруулав?

-Манай нам өмнө нь Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг 2031 он хүртэл урьдчилан тооцоолж гаргаж байсан.

Гэвч өнгөрсөн хугацааны улс төр, нийгмийн нөхцөл байдал энэхүү хөтөлбөрийг дахин тодотгох шаардлагыг бий болгосон. Манай ажлын хэсэг сар гаруйн хугацаанд Монгол Улс 2021, Хөгжлийн зорилтууд хэмээх бичиг баримтыг боловсруулан гаргалаа.

Монгол Улс нэгдсэн хөгжлийн хөтөлбөртэй болж түүнийг аль ч нам Засгийн эрх барьж байхдаа хэрэгжүүлээд явдаг болох нь чухал.

-Намын Их хурлын үр дүнг дүгнэвэл?

-Энэ удаагийн МАН-ын Их хурлаар Монгол Улсын хөгжлийн асуудал, түүнд оролцох намын оролцоог чухалчилсан.

Цөөнх болсон нам хөгжлийн асуудал ярих нь утгагүй гэж хэлэх хүмүүс байна. Харин бид эрх баригчдын алдаатай бодлогыг шүүмжилдэг сөрөг хүчин биш, тэдний бурууг зөв рүү чиглүүлдэг, бүтээлч цөөнх байх болно.