Д.Оюунхорол: ”Эмэгтэйчүүдээ дэмжсэн улстөрийн нам л амжилт гаргана”
МАН-ын XXVII Их хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол намын дүрмийн шинэчлэлд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тодорхой тусгуулахаар санал оруулсан нь хэлэлцүүлгийн үеэр дэмжигдлээ.
Бүх шатны намын удирдлагыг эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дэмжиж хамтран ажиллахыг уриалж “Та эмэгтэйчүүддээ хэр их хүндэтгэлтэй ханддаг вэ” гэсэн асуултыг өөрөөсөө асуухыг санууллаа.
Тэрбээр “XXI зууны хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгөөс эргэн харвал манай улсын шийдэгдээгүй асуудал болгоны цаана нийт хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд бидний оюун бодол, хурц торгон мэдрэмж, ажил амьдралын баялаг туршлага, хичээл зүтгэл, төр засагтаа хэлээгүй үг, түмэн олондоо хүртээж амжаагүй нандин эрхэмлэл үгүйлэгдэж байдаг.
“Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас нэр дэвшүүлэх, санал болгох замаар томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
МАН-ын улстөрийн сонгууль бүрээр хамгийн сэтгэл зүрхээрээ явж, зүтгэж ажилладаг эмэгтэйчүүд намын үйл ажиллагаанд хэрхэн оролцдог талаар хамгийн ойр байгаа бодитой жишээг дурдъя. Их хурлын төлөөлөгчөөр эмэгтэйчүүдээ сонгохдоо Улаанбаатар хот 31.1, Сэлэнгэ 31, Орхон 30.7, Өвөрхангай 29 хувиар сонгосон бол Өмнөговь найм, Говь- Алтай 13.3 хувиар тус тус сонгосон байна” гэв. НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол эмэгтэйчүүдээ хамгийн өндөр хувиар сонгосон намын гишүүд, намын хороодод талархал илэрхийлэв.
МАН-ын хувьд эмэгтэйчүүд улстөрд төдийлөн ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа нь бодитой дэмжихгүй байгаатай холбоотой. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л нам жагсаалтад эмэгтэйчүүдээ хойноос нь эрэмбэлсэн. Мөн аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд ч ийм хандлага гаргасныг орон нутгаас эмэгтэйчүүд маань ярьж байгаа тухай тэрбээр ярив.
Харин энэ Их хурлаар хэлэлцэж байгаа намын дүрмийн өөрчлөлтөд эерэг өөрчлөлт тусгагдаж байгааг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Дүрмийн 1.5.8-д “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас нэр дэвшүүлэх, санал болгох замаар томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Санал хураалтыг энэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах асуудлыг журмаар зохицуулна” гэж томъёолон оруулсан саналыг төлөөлөгчдийн олонхи дэмжсэнийг онцолсон юм.