УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
2013.11.06

Цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавихаар боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа /2013.11.05/ ирэх оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.

Ирэх оны төсөвтэй холбогдуулж МАН-ын бүлэг төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр,тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.

Хэдийгээр инфляцийг нэг оронтой тоонд барьж байгаа гэж эрх баригчид мэдэгдэж байгаа ч ард иргэдийн амьдралд энэхүү үзүүлэлт хоёр орон тоогоор хэмжигдэж буй, төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар суларсан өнөө үед цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байгааг МАН-ын бүлгийн гишүүд онцоллоо.

Засгийн газар ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг зориулна гэж төсвийн төсөлд тусгасан. Ийм мөнгөөр цалин, тэтгэврийг 8-10 хувиар л өсгөх боломжтой аж. Гэтэл шүүгчдийн цалинг 2-4 сая төгрөгөөр нэмэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн бол Сангийн яам шүүгчдийн цалинг одоо мөрдөж буй хэмжээгээр байлгах санал тусгасан байна.

Мөн бүлгийн хуралдаанаар хэд хоногийн өмнө Үндэсний аудитын газарт намын бүлгээс өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд хийгдсэн ажилтай танилцлаа. 2014 оны төсвийн төсөл, 2013 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэх үед Ерөнхий сайд авлигажсан төсөв гэж нэрлэсэн.

Үндэсний аудитын газар авлигажсан төсвийн ус сүүг нь ялгасны дараа авлигаас ангид төсвийг батлах ёстой хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт хэллээ.

Энэ дагуу Үндэсний аудитын газар авлигажсан төсвийн ус сүүг нь ялгасны дараа авлигаас ангид төсвийг батлах ёстой хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт хэллээ. Тэрээр цааш нь "Өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу Үндэсний аудитын газар ажилласан боловч үр дүн нь тодорхой болоогүй байна.

Ямар учраас төсөвт өртөг өссөн, хэний заавраар нэмэгдүүлсэн, ижил хүчин чадалтай цэцэрлэг, сургууль, ижил урттай авто замын өртөг ямар учраас 2-3 дахин зөрүүтэй болдгийн шалтгааныг тодруулж, цаашдаа нэгдсэн бодлого, жишиг баримтлах ёстой.

Ийм байдлаар асуудлыг ярьдаг болохгүй бол танил талтай, эрх баригчдад ойрхон компаниуд үнээ өсгөж ашиг олдог, бор зүрхээрээ явж байгаа компаниуд төсөвт өртгөө нэмэгдүүлж чаддаггүй ийм ялгавартай байдлыг энэ төсвөөр үгүй болгох ёстой.

Энэ онд дуусаагүй 101 объектийг нэмж оруулаад нийт 289 объектод танаж хасахгүйгээр хөрөнгө оруулалт хийх ёстой гэж хоёр намын бүлэг үзжээ.

Ингэж байж төсвийг авлигаас ангид болгоно. Үүний тулд УИХ болон УИХ-ын дэргэдэх байгууллагууд ажиллах үүрэгтэй" гэж мэдэгдэв. Үүнээс гадна төсвийн гадуур эргэлдэж байгаа их хэмжээний мөнгө, "Чингис" бондын мөнгийг төсөвт тусгах нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.

Энэ талаар бүлгийн дэд дарга С.Бямбацогт хэлэхдээ "Чингис" бонд бол өрийн бичиг. Гэвч энэ өр улсын төсөвт тусгагдахгүй байна. Тиймээс Монгол Улсын өр мөн үү, биш үү гэдгийг нэг талдаа гаргаж шийдэх ёстой. Өр мөн гэвэл өр гэж хүлээн зөвшөөрье, өр биш юм бол Чингис хаанаас өгсөн өглөг юм гэдгээ шийдье" гэлээ.

Тиймээс өртэй холбоотой асуудлыг төсөвт тусгах эсэхээ шийдсэний дараа 2014 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролын ахалж буй ажлын хэсэг АН-ын бүлгийн ажлын хэсэгтэй тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр 2013 оны төсвийн гүйцэтгэл 70 хувиар тасарсан учраас 2014 оны төсвийн төслийг засч сайжруулахад хоёр намын бүлэг хариуцлагатай хандаж байгаа аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролын ахалж буй ажлын хэсэг АН-ын бүлгийн ажлын хэсэгтэй тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

Ажлын хэсгүүд Засгийн газар төсвийн төлөвлөгөөг 70 хувиар тасалсны учир шалтгааныг тодруулахаас гадна энэ оны төсөвт туссан боловч үнийн өсөлтөөс шалтгаалж дуусгаагүй объект, зураг төсөвгүй, тендер зарлагдаагүй объектийг тодорхой болгожээ.

Иймд энэ асуудлаар аудитын дүгнэлт гаргуулахаар болсон байна. Засгийн газрын хоёр сайдын хамтарсан тушаалаар барилга барих үнэ өртгийг 2.5 дахин нэмэгдүүлсэн шалтгааныг тодруулж, энэ асуудлаар тайлбар авах шаардлагатай гэж хоёр намын бүлгийн ажлын хэсэг ярьж байгаа аж.

Түүнчлэн 2013 онд дуусаагүй 101 объектийг нэмж оруулаад нийт 289 объектод танаж хасахгүйгээр хөрөнгө оруулалт хийх ёстой гэж хоёр намын бүлэг үзсэн байна. Мөн албан байгууллагын тавилга, техник хэрэгсэл авахад зориулагдсан 200 тэрбум төгрөгийг ирэх оны төсвөөс танах боломжтой. Хэрвээ энэ зардал танагдвал цалин, тэтгэвэрт зориулах асуудлыг цаашид ярилцах юм байна.