М.Энхболд УИХ дахь бүлгээ удирдах уу
МАН-ынхан XXVII Их хурлаа зохион байгуулж, шинэ даргатай болсон. Ирэх сонгуулиудад МАН-д ялалт авчрах, олонхи болох зорилго биелүүлэх том үүргийг авсан хүн бол М.Энхболд. Түүний хувьд 2005 оноос хоёр жилийн хугацаанд намын даргын алба хашиж байсан туршлагатай.
XXVII Их хурааар намын дүрэмд 106 зарчмын болон дагалдах найруулгын шинжтэй нэмэлт өөрчлөлтийг хийжээ. Энэ дүрмийн хамгийн их сонирхол татсан заалт бол “Намын дарга УИХ дахь намын бүлгээ удирдана эсвэл Удирдах зөвлөлөө удирдана” гэж тусгажээ.
Өөрөөр хэлбэл, шинэ дарга М.Энхболд УИХ дахь намын бүлгийн дарга болох эсвэл зөвхөн Удирдах зөвлөлөө ахалж, зарлан хуралдуулах үүрэг хүлээх юм байна. Гэвч энэ асуудлыг Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх бололтой.
УИХ дахь МАН-ын бүлгийн намын даргын өрсөлдөөнд орсон Н.Энхболд удирдаж буй. Н.Энхболдын хувьд 90-н жилийн түүхт намын сөрөг хүчин байх үеийн бүлгийг ахалж буй. Намын шинэчилсэн дүрмийн дагуу М.Энхболд УИХ дахь бүлгээ удирдах, Удирдах зөвлөлөө удирдах уу гэдгийг шийдвэрлээгүй байна.
Хэрэв Удирдах зөвлөлийн 21 гишүүний шийдвэрээр намын дарга УИХ дахь бүлгээ удирдана гэвэл Н.Энхболдыг М.Энхболдоор солих хэрэг гарна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга М.Энхболд бүлгийн дарга болох юм. Удирдах зөвлөл хэзээ хуралдаж, бүлгийн даргын сэлгээг хийх эсэхээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна.