МАХН хариуцлага ёс зүйн гэрээ хийлээ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар улс төрийн албан тушаалд сонгогдон томилогдсон гишүүдтэйгээ хариуцлага ёс зүйн гэрээ байгуулж ажиллах журам гаргалаа.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн юм. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Сангийн сайд Ч.Улаан болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар оролцсон юм.
МАХН-аас гаргаж байгаа энэхүү журмын зорилго нь МАХН, түүнийг төлөөлсөн Гүйцэтгэх Товчоо болон тус намаас төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон томилогдсон гишүүд хоорондын харилцааг зохицуулах ач холбогдолтой юм.
ХАРИУЦЛАГА – ЁС ЗҮЙН ГЭРЭЭ”-г хийлээ
Мөн МАХН-ын дүрмийн хэрэгжилтийг хангуулах, Бага чуулганы дугаар хуралдаанаар баталсан “Намаас сонгогдож, томилогдсон гишүүдийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ”-г мөрдүүлэх, “МАХН-аас санал болгож төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон томилогдсон гишүүнтэй байгуулсан ХАРИУЦЛАГА – ЁС ЗҮЙН ГЭРЭЭ”-г үнэлж дүгнэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Гэрээний биелэлтийг МАХН-ын Гүйцэтгэх Товчооноос баталсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан гаргаж хагас жил тутам МАХН-ын Гүйцэтгэх Товчоонд танилцуулж дүгнэх юм байна.
Гэрээг дүгнэхдээ МАХН-ын үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм боловсруулахад идэвхтэй оролцсон байдал, Монголын улс төрийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, шинэлэг санаачлага дэвшүүлэх чадвар, хамтын удирдлагын зарчимыг баримталж ажилласан байдал, ил тод нээлттэй байх зарчмыг баримталж ажилласан байдал зэргийг авч үзэх ажээ.